Эзнээрээ овоглогдсон “сэлэнгэ талх”


Эзнээрээ овоглогдсон “сэлэнгэ талх”
2018 оны 04 сарын 13. 01 цаг 17 минут

Нэрт зохиолч Батын Нямаа­гийн "Араараа модтой Бин­дэрьяа" романаар гангарсан зочломт­гой буриад зоны мойлтой цөцгий, гэрийн талх хоёр энэ сайхан нутгийн амтат брэндүүд билээ. Биндэрийнхэн хөрөнгөний талхаа үе удмаараа гэртээ хийж ирсэн уламжлалыг гэр бүлийнхээ бизнес болгон өргөжүүлж яваа нэгэн ажилсаг гэр бүлийг танилцуулж байна.

..............

Ээжийнхээ талх хийдэг аргыг сурч гэртээ талх барьдаг байсан Сэлэнгээгийн гэрээр зочилсон гийчид энэ гоё талхаа барьж өгөөч, авъя гэх зэрэг саналуудыг хэлэх болжээ. Ингээд Сэлэнгэ, Болормаа нар энэ талаар ярилцаад, дэлгүүрт зараад үзье гэж шийдсэнээр 2006 оноос өдөртөө 5 ширхэг том талх хийж, дэлгүүрт борлуулж эхэлжээ. Гэтэл санаснаас ч илүүтэй талх нь гүйж, “Сэлэнгээг идэхгүй удчихлаа. Танайх өргөжүүлэхгүй юмуу, олдохгүй юм” гэх зэргээр хүмүүс асууж сураад байхаар нь нэг шарах шүүгээ худалдаж аваад үйлдвэрлэлээ эхэлсэн байна. Хүмүүсийн эрэлт хэрэгцээ их байгааг анзаарсан хосууд шарах шүүгээ, зуурагч нэмж авсаар 6 шарах шүүгээтэй болжээ.

Хүмүүс Сэлэнгээгийн талхыг авъя гэж ярьсаар байгаад “Сэлэнгэ талх” нэртэй болсон доо хэмээн тэд инээцэлдэнэ. 

“Сэлэнгэ талх”-ны онцлог нь хөрөнгөний эх, амт, чанарт байдаг аж. Хөрөнгөний талхыг 2 цаг гаруй исгэж, зуурмагаа 2 цаг хөөлгөн, шарах шүүгээнд 2 цаг барьдаг учраас өдөрт цөөн тоогоор үйлдвэрлэгддэг байна. Хөрөнгөний талх чийглэг, идэнгэтэй байдаг. Хэрэглэгчдэд шинэ, амттай бүтээгдэхүүн хүргэхийг зорьж яваа ажилсаг гэр бүл маань “Сэтгэлээ шингээж барьсан талх гоё болдог. Багаасаа талх хийж, гарт орсон учраас зуурмагаа граммлаж цаг гарздалгүйгээр шууд хуваадаг. Талх маань биднийг тэжээдэг болохоор талхаа л хийх дуртай”  хэмээн өгүүлж байлаа.

Тэд нэг удаад 250 кг гурилаар 120 том талх хийх боломжтой боловч тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, хэрэглэгчдийн худалдан авах чадвартай холбоотойгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоогоо бууруулж, Хан бүргэд, Сэцэн хан, Баян хаан, Баян бүрд гээд аймаг орон нутгийнхаа олон дэлгүүрүүдээр худалдаалж нэгэнтээ хэвшжээ.

Сэлэнгэ талхны цехэд одоогоор тэдний гэр бүлийн 5 хүн ажиллаж байгаа бөгөөд цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх, талх шардаг шүүгээнүүдээ шинэчлэх бодолтой байгаа аж.

 Сэтгүүлч Н.Энхжаргал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.