Өглөө бүр шинэхэн амтат бүтээгдэхүүнийг “Хаан түшигээс...”


Өглөө бүр шинэхэн амтат бүтээгдэхүүнийг “Хаан түшигээс...”
2018 оны 04 сарын 19. 07 цаг 27 минут

Орон нутагтаа өглөө бүр шинэ талх, өдөр бүр шинэ амттан зооглох бололцоог бүрдүүлэн ажилладаг “Нөмрөг Алтай” компанийн “Хаан түшиг” цехийг бид энэ буландаа онцолж байна. Тус компанийн захирал Ц.Болормаа хүнсний технологич мэргэжилтэй бөгөөд Бээжинд талх, нарийн боовны мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байсан, аймгийн шилдэг “Бизнес эрхлэгч эмэгтэй” өргөмжлөлийг хүртсэн нэгэн. Ингээд түүний удирдан ажиллуулж буй “Хаан түшиг” цехийн талаар товчхон танилцуулъя.

Ц.Болормаа “Бамбууш” компанийн мастераар ажиллаж байгаад 2009 онд орон нутагтаа талх, нарийн боовны цех нээн ажиллуулахаар иржээ. Тэрбээр зуны эхэн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр Өндөрхаан хайрханд гарахдаа “Хаан уул минь намайг түшиж яваарай” хэмээн залбирсан аж. Хайрхандаа залбираад ийн бууж явахад нь “Хаан түшиг” гэсэн нэр санаанд нь бууснаар нэг ажилчин авч 6 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, бизнесийн гараагаа эхлүүлжээ. Нарийн боовны цехийн үйлдвэрлэл амжилтаар арвин байж, хэрэглэгчдийн тоо нэмэгдсэнээр 2012 онд “Нөмрөг Алтай” ХХК болон өргөжин одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

“Хаан түшиг” цех нь үндсэн 20 ажилтантай. Савхан боорцог, хэвийн боов үйлдвэрлэлийн Чанамалын цех, баялаг, багачууд, еэвэн үйлдвэрлэлийн Жигнэмэгийн цех, Давхраатай хөөмөл зуурмагийн цех, Булочка, талхны үйлдвэрлэлийн цех ажиллан, нийт 21 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Аймгийн төвийн болон сумдын хүнсний дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ хүргэж өгөхөөс гадна Сүхбаатар аймагт 3 дахь жилдээ борлуулалтаа хийж байна.

Эдний туулайн чих, савхан болон бөөрөнхий боорцог нь олны танил брэнд бүтээгдэхүүн болж, аймагт тогтмол борлуулалтаа алддаггүй байна. Тус цехийн хэвийн боов ард олноос өндөр үнэлгээ авсан, амт чанараараа тэргүүлэх бүтээгдэхүүний тоонд ордог төдийгүй Улаанбаатар хотоос олны танил хүмүүс захиалан авдаг гэнэ. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн зуны эхэн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр гэхэд л 1600 хэвийн боов үйлдвэрлэсний 500 гаруй нь хүүхдийн үсний найранд, 1000 гаруйг уул овооны тахилгад зориулан захиалан хийлгэжээ. Энэ жилийн цагаан сараар хийсэн ул боов нь олдохгүй очер дараалал үүсгэсэн сурагтай.

Тус компани удахгүй үйлдвэрлэлийн байраа засварлан, хэрэглэгчдэдээ зориулан шинэлэг бүтээгдэхүүнүүдийг хийхээр төлөвлөөд байгаа аж. Үйлдвэрлэлээ өргөжүүлснээр шинээр ажлын байр нэмэгдүүлж, орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

 “Чанар манай амжилтын эхлэл” уриатай энэ хамт олон он гарсаар Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын шилдэг “Entrepreneur-2016”, “Шилдэг шимтгэл төлөгч ажил олгогч байгууллага”-аар шалгарсан төдийгүй Аймгийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр 3 дахь удаагаа өргөмжлөгдөөд байна.

Сэтгүүлч Н.Энхжаргал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.