Автомашины гэрэлтүүлэх хэрэгслийг шалгаж байна


Автомашины гэрэлтүүлэх хэрэгслийг шалгаж байна
2020 оны 02 сарын 08. 02 цаг 43 минут

Нэмэлт гэрэлтүүлэг суурилуулах нь авто ослын шалтгаан болдог

Аймгийн Замын цагдаагийн тасгаас хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэлд хяналт шалгалт хийх нэгдсэн арга хэмжээ явуулж байна. Нэмэлт гэрэл суурилуулах нь осол аваар гарах томоохон шалтгаануудын нэг болдог учир ийнхүү зөрчлийг газар дээр нь арилгуулж байна.

Уг шалгалт нь Монгол улсын стандарт MNS 4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар хавсралтын тавдахь заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллаж байна. Автомашинд үйлдвэрээс стандартын шаардлагын дагуу тодорхой тоо, хэлбэр, хэмжээ, өнгө бүхий гэрэлтүүлэх хэрэгслүүд дээр нэмэгдлээр болон зориулалт өөрчлөн өөр өнгийн оврын болон улсын дугаарын гэрэл, их гэрэл, гэрэлтүүлүүр байрлуулсан, хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдсан, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бохирдсон зэрэг зөрчил дутагдлыг арилгах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр явагдаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Монголын уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдийг угтан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажил арга хэмжээг эрчимжүүлэн, холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “ Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээг 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн  ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг,  зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Замын цагдаагийн тасгаас хөдөлгөөнт эргүүл шалгалтыг төв суурин газрын зам дээр болон Хэрлэнгийн гүүрний пост болон хэвтээ тэнхлэгийн зам дээр хяналт шалгалтыг хийж байна.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.