Ахмадууд баяртай байна


Ахмадууд баяртай байна
2020 оны 02 сарын 10. 01 цаг 11 минут

Ахмад настнуудын тэтгэвэр нэмэгдэж, тэтгэврийн зээл тэглэхтэй холбогдуулан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Баярмаатай уулзаж дараах тодруулгыг авлаа.

Улсын Их Хурлын 2019 оны 11-р сарын 13-ны өдөр гаргасан тогтоолоор 1991-1994 оны хооронд тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ. Үүнд:

  • 50 нас хүрсэн, дөрвөн хүүхэдтэй, 15 жил ажилласан ээжүүд
  • 20 жил ажилласан, 4 хүүхэдтэй, нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон ээжүүд
  • 27 жил ажилласан, 55 нас хүрээд тэтгэвэр тогтоолгосон ээжүүд
  • 32 жил ажилласан, нас харгалзахгүй эрэгтэйчүүд багтаж байна.

Манай аймгийн хэмжээнд 11336 тэтгэвэр авагч байдгаас дээрх шаардлагад тохирох 1007 иргэний тэтгэврийг 50000 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Уг нэмэгдлийг нэмэхдээ хүмүүсийн хувийн хэргийг бүгдийг системээр шалган нэмэгдүүлсэн байна. Нэмэгдүүлэх явцад 940 гаруй хүний материал шүүгдэн гарч ирсэн дээр иргэд өөрсдөө ирж материал, хувийн хэргээ бүрдүүлснээр 60-аад хүн нэмэгдэн тэтгэврээ нэмүүллээ. Мөн Засгийн газрын тогтоолоор бүх 11336 тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлжээ. Уг нэмэгдэл нь үнийн дүнгээс хамаарч нэмэгдсэн байна. Үүнд:

  • 500 мянгаас дээш тэтгэвэр авдаг бол 25 мянга
  • 320500 хүртэл мянган төгрөгийн тэтгэвэр авдаг бол 30 мянга
  • 320 мянгаас доош буюу доод хэмжээний тэтгэвэр авдаг бол 40 мянган төгрөгөөр нэмсэн байна.
  • Нийгмийн даатгалын тухай шинэ хуулиуд энэ оны эхнээс хэрэгжиж энэ оны 1-р сараас 6 сая болон түүнээс доош зээлийн дүнтэй тэтгэврийг тэглэн, 6 сая ба түүнээс дээш зээлийн 6 хүртэлх сая төгрөгийг хасан үлдэгдэл зээлийг хэвээр үлдээжээ. Ахмадуудын 1 дүгээр сарын тэтгэвэр энэ сарын 30-нд Нийгмийн даатгалаас банкинд орж ямар нэгэн зээлийн төлөлтгүй бүтэн олгогдсон билээ. Харин 2 дугаар сарын тэтгэврийг нэмэгдэлтэй нь хамт 2 дугаар сарын 03-наас эхлэн олгож одоогийн байдлаар тэтгэвэр олгох ажил дуусах шатандаа орлоо. Хэнтий аймаг дахь Хаан банкны тэтгэврийн ихэнх харилцагчид картын үйлчилгээтэй тул оочер дараалалгүй, ачаалалгүй тэтгэврээ хүлээн авсан. Мөн Төрийн банк ч ямар нэгэн оочер дараалал, хүндрэлгүйгээр тэтгэвэр олгоод дуусч байна.

  •  

    Энэ үеэр бид зарим ахмадуудтай уулзаж сэтгэгдлий нь сонслоо. Манай сонины ахмад уншигч Төмөртогоо 30 мянган төгрөгөөр тэтгэврээ нэмэгдүүлэн авчээ. Мөн тэрбээр тэтгэврийн 4 сая гаруй төгрөгийн зээлтэй байсныг тэглэж тэтгэврээ бүрэн авч байгаадаа баяртай байгаагаа хэлж байсан юм. “Хүн хүний бодол өөр л байгаа байх. Гэхдээ миний хувьд өөрт ашигтай шийдвэр гарсан болохоор зөв зүйтэй зүйл гэж бодож байгаа. Настангуудаа өр зээлгүй амьдруулна гэдэг баярлууштай зүйл юм шүү дээ” хэмээн Төмөртогоо гуай ярьж байлаа.
  •  

    Мөн ахмад настан Ч.Буяннэмэх гуай, “Би Хэрлэн сумын 2-р багт амьдардаг. Би 1жилийн тэтгэврийн зээлтэй байсан. Төр засаг маань тэтгэврийн зээл тэглэх шийдвэр гаргасанд маш их баярлаж байгаа. Энэ 2-р сард тэтгэврийн зөрүү авсан, мөн тэтгэврийн хувь хэмжээг нэмэгдүүлж, тэтгэврээ бүрэн авлаа. Үнэхээр зөв шийдвэр, олон ахмадыг баярлууллаа” хэмээн ярив. Ийнхүү ахмадууд маань ам сайтай байна. Цагаан сарын босгон дээр төр засгаас тэднийг дэмжсэнд туйлын талархалтай байгаагаа ахмадууд илэрхийлсээр байлаа.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв