Ц.Идэрбат: Манай баг, хамт олон асуудлыг шийдэхийн төлөө ажилласан гурван жил өнгөрч байна


Ц.Идэрбат: Манай баг, хамт олон асуудлыг шийдэхийн төлөө ажилласан гурван жил өнгөрч байна
2020 оны 02 сарын 10. 11 цаг 45 минут

Шинэ оны эхэнд бид сэтгүүлийнхээ “Дугаарын зочин”-оор Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбатыг урьж ярилцлаа. Сүүлийн жилүүдэд Хэнтий аймагт, тэр тусмаа Хэрлэн суманд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн. Тэгвэл эл бүтээн байгуулалтыг өрнүүлж, ажил ид буцалж буй хотын захиргаа, сумын ЗДТГ, аливаа асуудлыг дорвитой шийдвэрлэж, арвин амжилт бүтээлээр шинэ оноо угтсан тус хамт олны ажил үйлсийн талаар Ц.Идэрбат даргатай хөөрөлдлөө.

- Сайн байна уу? Танд Шинэ оны мэнд хүргэе. 2019 онд Хэрлэн сум, Чингис хотод ажил бүтээн байгуулалт арвин байлаа. Улирч буй оныхоо онцлог ажлуудыг дүгнэж яриагаа эхлэх үү?

- Сайн байна уу? Хэнтийчүүддээ, Хэрлэн сумынхаа нийт ард иргэд та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Хэрлэн сум 2019 оныг “Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарлаж, үүний хүрээнд иргэдтэйгээ хамтран олон асуудлыг шийдвэрлэж ажиллалаа. Бид иргэддээ хүртээмжтэй хүрч ажиллахын тулд 2019 онд анх удаа баг бүрт нийт 41 олон нийтийн ажилтан авч ажиллууллаа. Олон нийтийн ажилтнууд төр иргэдийг холбох гүүр болж, төрөөс авч хэрэгжүүлж байгаа аливаа шийдвэр, ажил арга хэмжээг иргэдэд танилцуулах, эргээд иргэдийн саналыг авч бидэнд танилцуулах замаар багт тэр тусмаа айл бүрт хүрч ажиллалаа. Нөгөө талаар 2019 онд Хэнтий аймгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил дорвитой нэмэгдлээ. Төр иргэний хамтын оролцоонд тулгуурлаж хот суурин хөгждөг болохоор цаашид ч иргэдийн оролцоотойгоор Чингис хотын олон асуудлыг шийднэ.

- Багийн иргэдийн хэсэгчилсэн хурлуудыг санаачилж зохион байгууллаа. Иргэдийн оролцоо хэр байв?

- Багийн иргэдийн хуралд ахмадууд идэвхтэй оролцдог. Нэг багт байнгын оролцоотой 30-40 хүн л хуралд ирдэг. Бусад иргэддээ хүрч ажиллахад хүндрэлтэй байсан учраас багийн иргэдийн хурлыг хэсэгчлэн хийж үзлээ. Нэг багт 2-3 эгнээ гудамж, байр сууцных нь орчимд хурал зохион байгуулахад 100-200 хүн хуралд хамрагдаж байна. Энэ бол иргэдийн оролцоог нэмэгдүүлж байгаа бодит жишээ. Залуучууд багийн хуралд бараг оролцдоггүй байсан. Зарим нь сошиалаас хэрэгтэй мэдээллээ авчихдаг. Тиймээс залуучуудын хүсэл сонирхолд тулгуурлаад урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахад баг сумруугаа хандах хандлага, харилцаа нь өөрчлөгдөж байна. Тухайлбал, багийн урлаг, спортын наадам зохион байгуулахад 400-500 залуус оролцлоо. Энэ үеэр бид мэдээллээ хүргээд, залуучуудаа сонсоод, хотын өмнө тулгамдаж буй асуудлуудаар уриалга гаргаж ажилласан. “Орц гудамжиндаа хог хаяхаа больё”, “Мал гахайгаа цэгцэлье”, “СӨХ-ны мөнгийг хугацаанд нь төлцгөөе” зэрэг 9 уриалга гаргасан, үр дүн гарч эхэлсэн. 2020 онд багийн төвгүй байсан 5 дугаар баг багийн төвтэй болсноор багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх орчин нөхцлийг сайжруулсан.       

- Хэнтий аймаг сүүлийн хоёр жилд бүтээн байгуулалтаараа манлайлж байна. Тэр тусмаа Хэрлэн суманд хөрөнгө оруулалт эрс нэмэгдлээ. Ямар ямар томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байна вэ?

- Чингис хотын авто замын сүлжээний өргөтгөл болон цэвэрлэх байгууламж, дулааны станц, цахилгаан түгээх сүлжээний шинэчлэл гэсэн дэд бүтцийн 4 том бүтээн байгуулалт Чингис хотын цогц хөгжлийн суурийг тавьсан. 20 гаруй мянган хүн амтай хотын цэвэрлэх байгууламжид технологийн алдаа гараад 30 жил болсон. Өмнө нь  1500 м3 бохир цэвэрлэдэг байсан бол хүчин чадал нь 2 дахин нэмэгдэж, 3000 м3 хүчин чадалтай болох гэж байна. Манай хотын түүхэнд гарсан хамгийн том дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт бол 35 мегаваттын хүчин чадалтай Дулааны станцын төсөл. Мөн Чингис хотын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөлийн шинэчлэл хийгдсэнээр бүх шугам, тоолуурууд шинэчлэгдэж, цахилгааны хүчин чадал эрс нэмэгдэнэ. Эдгээр ажлууд хийгдсэнээр хотын ирээдүйн хөгжилд дорвитой нөлөөлнө. Мөн төрийн байгууллагуудын байрны асуудлууд жил дарааллан шийдэгдэж байна.

- Ерөнхий сайдын айлчлалаар Чингис хотод томоохон бүтээн байгуулалтын асуудлыг шийдвэрлэсэн. Энэ талаар тодруулаач?

- Ерөнхий сайд 2019 оны 5-р сард Хэнтий аймагт айлчлахдаа манайд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэсэн. Хэрлэн сумын хувьд 2019 онд 200 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон бол 2020 онд 3-р цэцэрлэгийг 200 хүүхдээр нэмэгдүүлсэн өргөтгөл шинээр барьж, Арабын Эмират улсын хөрөнгөөр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга ирэх 6-р сард ашиглалтад орно. Хэрлэн суманд цэцэрлэгт хамрагдаагүй үлдсэн 500 хүүхэд СӨБ-д бүрэн хамрагдах боломжтой болно. Хэрлэн 1-р сургуульд сүүлийн үеийн стандартыг хангасан 1500 хүүхдийн багтаамжтай шинэ барилга барихаар болсон. Манай аймагт сүрьеэгийн шинэ эмнэлэг, Өлзийт тосгоны шинэ эмнэлэг, шинэ музей барьж, Тахилгат тосгоны эмнэлгийн барилгад их засвар хийнэ. Ерөнхий сайдын бүх амлалт, орон нутгийн зүгээс тавьсан асуудлууд улсын төсөвт тусч, 2020 оны улс, аймаг, сумын төсвөөр Хэнтий аймагт 134,5 тэрбум төгрөгийн ажил хийх бөгөөд үүний 34 тэрбум төгрөгийн ажил нь Хэрлэн суманд өрнөнө.  Үүн дээр нэмэгдээд цэвэрлэх байгууламж, дулааны станц, нисэх онгоцны буудал зэрэг томоохон ажлууд гадаадын төсөл хөтөлбөрөөр хэрэгжинэ.

- Таны ярьж байсан нэг томоохон ажил бол- Банкны байрны дахин төлөвлөлт. Энэ 174 айлын дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын төсөл ямар шатанд байгаа вэ?

- 2016 онд МАН УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшихдээ 3000 гаруй иргэнээс санал авч, томоохон асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ингэхдээ хуучин эмнэлгийн буюу дөрвөн замын уулзвар орчим, САА-н БАМ, Эрчмийн 40 айл, Банкны байр гэсэн 4 байрлалд дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Ингээд хамгийн боломжтой гэж үзсэн Банкны байрны дахин төлөвлөлтийг эхлүүлж, нэгдүгээрт, аймгийн ИТХ-аар төсөв батлуулаад, зураг төсвийг бэлэн болгосон. Хоёрдугаарт, Б.Бат-Эрдэнэ гишүүний дэмжлэгтэйгээр цахилгаан, бохир, холбооны шугамын 650 сая төгрөгийг 2019 оны улсын төсөвт суулгаж, шугамуудыг тавилаа. 2020 оны аймгийн төсөвт 400 сая төгрөгөөр уурын зуухны асуудлыг шийдвэрлэж байна. Одоо 22-23 өрх амьдарч байгаа нэг га газарт 174 айлын орон сууц барихад дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн гэсэн үг. Ингээд бид орон нутгийнхаа бизнес эрхлэгчдэд санал тавьж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярьж, сурталчилсан. Ерөнхий сайдтай биечлэн уулзаж санал тавьсны дараа Хэнтий аймагт айлчлахдаа ипотекийн зээлийг шийдвэрлэж, дэд бүтэц, ипотек гээд төрийн зүгээс хийх ажлууд нь болчихлоо. Одоо сонгон шалгаруулалтын үйл явц эхлээд 3 компанийн санал ирснийг судалж байна. Сонгон шалгаруулалтыг нухацтай хийж, тухайн компанийн бүрдүүлсэн материалаас гадна санхүү бизнесийн түүх, барилгын ажлын туршлагыг нь төрийн байгууллагуудаас судалгааг нь гаргуулан судалж байна.

- Тус байрны айлуудын хуучин байшинг яаж үнэлж байгаа вэ?

- Анх сонгуулийн мөрийн хөтөлбөр ярьж байхад Банкны байрны 1 айлын байшин 5 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол одоо дэд бүтэц тавьж, дахин төлөвлөлтөд ороод үнэлгээ нь хэд дахин өсчихлөө.  Бид эзэдтэй нь 10-аад удаа уулзлаа. Тэд зөвшөөрдөг. Амьдарч байгаа 20 гаруй мкв байшинг нь 39 м/кв байраар солих  тохироотой байгаа. Гүйцэтгэгч шалгарсан үед компани, төр, иргэн 3 гурвалсан гэрээ хийнэ.

- Дахин төлөвлөлт хийх бусад гурван байршлыг яах вэ?

- Зөвхөн төвийн халаалттай байсан САА-н Бамын байшинд цэвэр, бохирын шугам холбоод, айлууд өөрсдөө бохир, цэвэр усны шугамаа хийх бололцоо бүрдүүлсэн. Эрчмийн 40 айлын оршин суугчид нийтийн орон сууц биш хувийн хаус хороолол болгоно гэсэн санал гаргаад улсын төсвөөр халаалт, цэвэр бохирын асуудлыг шийдсэн. Үлдсэн нэг байрлал нь 1 давхар орон сууцнууд. Тэгэхээр эхний ажлаа дуусгаад дараагийнх руугаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна.

- Та жил бүр нэг том асуудлыг цогцоор нь шийднэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилт тань хэрхэн биелж байна вэ?  Жил жилээр нь авч үзвэл?

- 2016 оны 11-р сарын 16-нд анх ажлаа аваад “Хан Хэнтий” чуулгад иргэдтэйгээ уулзалт хийж, багийн иргэдийн нийтийн хурлуудаар явахад хотын мөнхийн сэдэв- хог, нохой, гэрэлтүүлэг л яригдаж байсан. Хэнтий Ус ХХК 5 хуучин машинтай, 4000 айлын хогийг сардаа нэг удаа зайлуулах ямар ч бололцоогүй. Хогийн цэг нь 60 орчим га газарт дэлгэчихсэн. Хашаандаа, эгнээ гудамжиндаа хур хогтой байсан. Бид хогны асуудлыг цэгцлээд дараагийн хөгжил дэвшлээ ярья гэж 3 үе шаттай хөтөлбөр боловсруулсан. Нэгдүгээрт, айлуудын хогийг татаж авдаг механизмтай болъё. Хоёрдугаарт, Чингис хотын хогийн цэгийг даруйхан шийдье. Гуравдугаарт хогны үйлдвэртэй болъё гээд ажлаа эхэлсэн.

Иргэдээс “Нэг өрхөөс сард 4000 төгрөгийг цахилгааны мөнгөн дээр хурааж авч хог цэвэрлэдэг механизм бий болгоё” гэж санал авахад 80 гаруй хувь нь дэмжсэн. Бид 3 сарын хугацаанд бэлтгэлээ хангаад 2017 оны 3-р сарын 1-нд ажлаа эхлүүлсэн. Эхлээд портер машинтай хүмүүсийг сарын 500 мянган төгрөгөөр цалинжуулж, бензин шатахууныг нь төр хариуцахаар гэрээ хийгээд 14 машинтай ажиллалаа. Эхний 3 сар маш хүнд, иргэд ойлгохгүй, эсэргүүцэл ч их байлаа. Нэг айлаас 2 портер машин хог гарах нь энгийн үзэгдэл байв. 3 сар цаг наргүй ажилласны дараа иргэд ач холбогдлыг нь ойлгож эхэлж, 4 дэх сараасаа айлын хашаанд хог төвлөрөхөө больсон. Тэгэхээр нь гудамжны цэвэрлэгээг өөрсдөөр нь хийлгэлээ. Гэтэл 15 машин өдөрт 3 рейс хийгээд хог асгахаар хогийн цэг дийлдэхээ болилоо. Тэр үед бидэнд төсөлд хамрагдах бололцоо гарч, 2018 онд хоёр дахь үе шат болох шинэ цэгийг байгуулж, ашиглалтад оруулсан. Одоо Чингис хотын зүүн талд байрладаг ногоочид хогонд дарагдахгүй боллоо гээд баяртай байгаа. Чингис хотын зүүн хойно орчим цэвэр цэмцгэр боллоо.  

Хогны үйлдвэр бол бидний хэм хэмжээнээс давсан асуудал болсон. Өмнөх удирдлагуудтай гэрээ байгуулаад, хог боловсруулах үйлдвэр барина гээд газраа авчихсан компани нь амласнаа биелүүлдэггүй. Бид араас нь 3 жил хөөцөлдөж, хамтарч ажиллах гэтэл сүүлдээ утсаа ч авахаа больсон. Ямартай ч бидний төлөвлөсөн төлөвлөгөөний 2 үе шат нь амжилттай хэрэгжиж, одоо аймгийн төсөвт 250 сая төгрөг төвлөрч, 40-өөд тогтмол ажлын байрыг хангаж байна. Хогны менежмент жигдэрсэн. Багийн ИНХурлаар хог гэсэн гомдол тасарсан гэхэд болно.

- 2018 онд та бүхэн СӨХ-ны шинэчлэлийг зоригтой эхлүүлсэн. Энэ ажлын явцыг дүгнэвэл?

- 2017 оноос гэр хороолол руу анхаарч эгнээ гудамжны хонхор хотгорыг тэгшилж, гэрэлтүүлэг тавьж, бүрэн хаягжууллаа. Гэтэл орон сууцнууд хэцүүхэн дүр зурагтай байлаа. Иймээс 2018 онд Сууц өмчлөгчдийн холбоог шинэчилж, орон сууцны дотор тохижилтыг хийх болсон. Гэтэл эрх зүйн орчин нь яг л сууц өмчлөгчдийн холбоогоор л дамжих хуультай байдаг. Бид СӨХ-ны ажлыг эрчимжүүлж, орон сууцны асуудлыг шийднэ гэж Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Ингээд оршин суугчдаас санал асуулга авахад бас л 80 гаруй хувь нь дэмжсэн. СӨХ зөвхөн иргэдийн мөнгийг цуглуулж, түүгээрээ байрыг нь засна гэхэд мөнгө нь цуглардаггүй, цугласан мөнгө нь хүрэлцдэггүй болохоор оршин суугчид бухимддаг байсан. Тиймээс эхлээд хуучны гэсэн тодотголтой орон сууцнуудын дотор засварыг хийсэн. Хуулийн дагуу нэг удаа төр хөрөнгө оруулах бололцоотой учраас бүх орон сууцнуудын дотор засвар, гэрэлтүүлэг, дээвэр гээд 370 гаруй сая төгрөгийн төсөв гаргаж, ИТХ-аар батлуулаад аймгаас 200, сумаас 100 гаруй сая төгрөг гаргаж, хуучны 18 байранд засвар хийсэн. Нийт 27 байр, 59 орцонд засвар хийж, 27 байрыг камержуулсан. Иргэдийн хуримтлуулсан мөнгө зөвхөн орчны арчилгаа, гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн талбайн хамгаалалт зэрэгт зарцуулагдаж байгаа юм. СӨХ-ны ажил урагшлахгүй байсан шалтгааныг олж харсан учраас орон нутгийн төсвөөс мөнгө тавиад, засвар хийлгэсний дараа СӨХ-ны мөнгөөр арчилж хамгаалах ажлыг жил гаран хийлээ. Анх СӨХ 700 гаруй өрхтэй байсан бол 1500 гаруй өрхтэй болж өргөжлөө. Ямар ч байсан дээврээс нь дусаал гоождог байр 2 л үлдлээ. Харанхуй, хогтой, цэвэрлэгээ хийдэггүй орц байхгүй болсон. Мөн камержуулалт хийгдээд эхэлсэн. Орон сууцны 2000 м/кв дээврийг засч, 40, 50-иад орцны дотор засал, гэрэлтүүлгийг шийдлээ. Бүх байрны гадна талыг сандал, хогийн сав, хайстай болголоо. Ажил нэлээд жигдэрсэн ч иргэд СӨХ-ны мөнгийг төлөхдөө хойрго хэвээр байсан. Тэгэхээр нь нэг сарын хугацаанд СӨХ-ны үйл ажиллагааг зогсоож, орцнуудынх нь гэрлийг унтраасан. СӨХ хэрэгтэй юу, хэрэггүй юу, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ үйлчилгээний талаар санал асуулга явуулахад иргэдийн зүгээс СӨХ-ны үйл ажиллагааг сайн гэж дүгнэсэн. Ингээд СӨХ-ны мөнгийг хураадаг механизмын алдааг засангуут хэвийн ажиллаад явж байна. Улаанбаатарт СӨХ-ны мөнгө доод тал нь 30 мянган төгрөг байдаг. Бид 10 мянган төгрөг авч байгаа. Оршин суугчид энэ 10 мянган төгрөгийг 100 хувь төлөөд явбал СӨХ-ны бүх зардлыг төлөөд, цаана нь жилд 50-60 сая төгрөгийн хуримтлал үүснэ. Үүгээрээ СӨХ юу хийхээ шийдээд ажиллах боломжтой.   

- 2019 онд эко автобустай болж, хот доторх авто зам нэлээд шинэчлэгдлээ. Нийтийн тээврийн асуудлыг хэрхэн шийдвэрлэв?

- 2016 онд сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавьсан. Багийн иргэдийн нийтийн хурал дээр иргэд нийтийн тээвэртэй болъё, таксины үнэ хэрээс хэтэрлээ гэж ярьсаар ирсэн. Иймээс бид нийтийн тээврийг 2018 оны нэг томоохон зорилт болгож, монгол инженерүүдийн хийж байгаа автобусыг олж судлаад Их хурлын гишүүддээ санал тавьж, танилцуулсан. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар үйлдвэрт нь очиж үзээд, Б.Бат-Эрдэнэ гишүүн 2018 оны улсын төсөвт Хэнтий аймгийн нийтийн тээвэр гэсэн санал оруулж энэ ажил бүтсэн. Яривал урт түүх. Их хөөцөлдлөгөө орсон. Ингээд автобуснууд 2019 оны 9-р сараас эхлээд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. “Өндөрхаан” тохижилтын газар хариуцаж аваад ажиллаж байгаа. Аймгийн төсвөөр автобусны гражийн асуудлыг шийдвэрлүүлсэн. Чингис хотод автозамын шинэ сүлжээ орсон учраас автобусаа явуулах боломж нөхцөл бүрдсэн. Гүйцэтгэгч компани ирээд автобусны ашиглалтын горим үйлчилгээг норм стандартын дагуу байна гэж үнэлсэн. Саяхан бид 600 гаруй иргэдээс нарийвчилсан судалгааг авахуулахад “Нийтийн тээвэр” хамгийн өндөр буюу 90 гаруй хувийн саналаар “Сайн” гэсэн үнэлэлт авсан.

- 2020 онд Гэр хорооллын гэрэлтүүлгийг ямар байдлаар шийдвэрлэх вэ?

- 2020 оны онцлох нэг ажил бол гэр хорооллын гэрэлтүүлэг. Иргэдийн 70 орчим хувь нь амьдарч байгаа гудамжны гэрэлтүүлгийг сайжруулснаар гэмт хэргийн гаралтыг бууруулах өндөр ач холбогдолтой. Чингис хотын гэр хороололд шаардлагатай гэрэлтүүлгийн урт нь 80 км. Үүнийг цахилгаанаар гэрэлтүүлнэ гэвэл өртөг нь 2 тэрбум төгрөг болно. Мөн жил бүр зөвхөн цахилгааны зардалд 100 гаруй сая төгрөг төлнө. Одоо байгаа гэрэлтүүлэгтээ 100 гаруй сая төгрөг зарж байдаг. Тэгэхээр сүүлийн үеийн технологийн дэвшлийг тусгахаар зорьж, нарны сэргээгдэх эрчим хүчийг ашиглах бололцоог судалж байна. Бас УИХ-д санал тавьж, улсын төсвөөс 400 сая төгрөг, аймгийн төсвөөс 300 сая төгрөг нийт 700 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн. Энэ хавар гэрэлтүүлгийн ажлаа хийнэ.

- Сумын ИТХ 2019 онд сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг “хангалттай сайн” гэж дүгнэжээ. 2020 оны төсвөө баталсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Оны төгсгөлд УИХ, аймаг, сум гээд шат шатны хурлууд хуралдлаа. Улсын төсвөөс Хэрлэн суманд 34,5 тэрбум төгрөг, аймгийн ОНХС-аас 2,8 тэрбум төгрөг, сумын төсвөөр ОНХС-тайгаа нийлээд 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үндсэндээ зөвхөн хөрөнгө оруулалт 40-өөд тэрбум төгрөг гэсэн үг. Сумын төсөв 2019 онд 12,5 тэрбум төгрөг баталж байсан бол 2020 онд 17,3 тэрбум төгрөгийн төсөв баталлаа. 2020 оны төсвийн нэг онцлог нь 4 жилийн өмнө иргэддээ амлаж байсан амлалтуудыг бүрэн дүүрэн хангах, дутуу ажлуудаа дуусгах, энэ ажлуудын эцсийг тавьсан төсөв төлөвлөгөөнүүд болж байгаа. Тиймээс 2020 онд бид маш шаргуу ажиллах ёстой.

- Таны яриаг сонсоход ихэвчлэн иргэдээсээ асуусан, саналыг нь сонссон, оролцоог нь нэмэгдүүлсэн гэлээ. Ер нь та ард иргэдтэйгээ хэр ойр байдаг хүн бэ? Ажлын хэдэн өдөр нь хүлээж авч санал бодлыг нь сонсдог вэ?

- 2016 онд ажлаа аваад л ард иргэдтэйгээ ойр байхыг зорьж ажилласан. Ард иргэдээсээ тасраад явчихвал ажил явахгүй. Ажлыг үнэхээр хийе гэж байгаа бол ард иргэдийн дунд орж байж л хийнэ. Ард иргэдтэйгээ ойрхон байж л асуудлыг олж харж, шийдэл гарцыг нь бодитой зөв гаргана. Аливаа асуудал хотод мундахгүй их. Тиймээс мэдээж төр зоригтойгоор шийдэх ч асуудал байна. Иргэдтэйгээ ярилцаж, арга замаа зөвшилцөж уян хатан шийдэх ажил ч байна. Сайн ярилцаж ойлголцож гаргасан шийдвэр цаасан дээр биш амьдрал дээр хэрэгжинэ. Ард иргэдтэй хийх уулзалтуудыг нэлээд хийлээ, сошиалаар нэлээд санал асуулга явлаа, бүх айл өрхөөсөө санал асуулга авдаг, сумын Засаг даргын ил захидлыг хүргүүллээ. Бид иргэдийн тавьсан бүх саналыг шийдвэрлэж чадахгүй ч өнгөрсөн 4 жилд нийтийн өмнө тулгамдсан, олон жил бугшсан, хэрхэх нь тодорхойгүй, аргацаах маягаар явж ирсэн асуудлуудыг нэлээн дорвитой шийдлээ. Иргэдтэйгээ бүх өдөр ажлын цагаар нээлттэй уулзаж ярилцаж, санаа бодлыг нь сонсдог. Хувь хүн талаасаа би сошиалд нэлээд идэвхтэй байдаг болохоор хувь чаатаар ч хүмүүс саналаа хэлдэг. Фэйсбүүкэд Чингис хот гэж идэвхтэй ажилладаг хаяг бий. Тэнд тавьж байгаа иргэдийн коммент, сэтгэгдэл, саналуудтай танилцдаг. Ер нь манай баг хамт олон асуудлыг шийдэхийн төлөө ажилласан 3 жил өнгөрч байна.

- Иргэдийн хариуцлага, ухамсрыг яаж нэмэгдүүлэх вэ?

- Төр татвар төлөгчдийнхөө мөнгөөр ажил хийгээд байдаг. Иргэд хайрлаж хамгаалах, мөн өөрсдийнхөө оролцоог сайжруулах хэрэгтэй. Үүнийг анзаарсан учраас 2019 оныг “Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Иргэдийн оролцоо туйлын чухал. 2020 онд хотын соёлд уриалан дуудсан, иргэдийн үүрэг, хариуцлагыг таниулсан, оролцоог нь нэмэгдүүлсэн, хандлагыг нь өөрчлөх ажлуудыг хийнэ.

- Таны хувьд хотын захирагчаар ажиллах хугацаандаа гол баримталж байгаа зарчим юу вэ?  Энэ хотыг ямар болгочихъё гэсэн зорилго байна вэ?    

- Хотын захирагчаар ажиллах хугацаандаа асуудлуудыг зөвхөн өөрийн төвшинд харалгүйгээр шийдэх ямар боломжууд надад байна вэ гэдгийг бүрэн дүүрэн ашиглаж ажиллахыг, гол нь иргэдтэйгээ ойр байж, хамтарч асуудлыг шийдэхийг хичээж байна. Алслагдсан гэр хорооллуудад ундны усны худаг барих, баг бүрд тоглоомын талбай байгуулах, мөн төв зам дагуу цэцэрлэгт хүрээлэнгүүдийг тохижуулах зэрэг сумандаа шийдэх боломжтой ажлуудыг жил бүр шат дарааллан хийж байна. 2018 онд номтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулсан бол 2019 онд бугатай цэцэрлэгт хүрээлэнтэй холбож, 230м гэрэлт цэцэрлэгт хүрээлэн, Р.Чойномын хөшөө, танктай хөшөөний тохижилт, Гонгор баатарын хөшөө зэргийг шинээр хийлээ. Хөрөнгө оруулалт дээр УИХ-ын гишүүддээ саналуудаа тавьдаг. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд аймгийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид, сумын ИТХ-тайгаа нягт уялдаа холбоотой ажилладаг. Гол нь асуудлыг гал унтраагаад булаад явах биш бүрэн шийдээд явахыг чухалчилдаг. Цаашдаа сонгууль болгоноор улиг болсон хог, нохой, гэрэлтүүлэг ярихаа больё. Дараагийн удаа том зорилтууд ярья. Тэгэхийн тулд энэ яригдаад байдаг жижиг асуудлуудаа энэ дөрвөн жилд багтаагаад шийдье гэсэн зорилгын дор манай хамт олон ажиллаж байна.

- Тэр том зорилтоосоо хуваалцаж болох уу. Сонирхолтой байна?

- Өндөрхаан хотоо Чингис хааныхаа нэрээр нэрлэчихсэн. Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож зарлалаа. Энэ үед Чингис хот маань нөгөө л нэг улиг болсон асуудлууд, жижиг ажлуудтайгаа зууралдаад яваад байж болохгүй. Адаглаад л барилга байгууламжийн хувьд өөр түвшинд очих ёстой. Гэр хорооллын модон 00, утаа униараасаа салах хэрэгтэй. Хүн амын тоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгээд цаашаа явцгаая.

- Чингис хотын төлөвлөлт 2038 он хүртэл гарчихсан байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- 2003 онд МУ-ын ЗГ-ын тогтоолоор Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Өндөрхаан хот гэж зарлаад ЗГ-аас Өндөрхаан хотын хөгжлийн төлөвлөгөө гарсан. Энэ 20 жилийн хугацаа дуусч байна. Дараагийн 20 жилийн хөгжлийн төлөвлөгөө хийх цаг нь болж гээд улсын төсөвт хөрөнгө мөнгө нь тавигдаад, тендерт “Эрхэст монгол констракшн” гэдэг компани шалгараад ирсэн. Энэ компанитай нэлээд нухацтай ярьж, энэ ажлыг эхлүүлсэн. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гараад хамтарч ажиллалаа. Сумын ИТХ-аар 2 удаа, аймгийн ИТХ-аар нэг удаа хэлэлцүүлсэн. Энэ нь яам, Засгийн газрын хуралдаанаар орж байж батлагдана. Ерөнхий төлөвлөгөө гэдэг тухайн хотын хүн ам, нийгэм эдийн засаг, дэд бүтэц нь яаж хөгжсөн байх юм бэ гээд нэлээд том асуудал. Энэ ч утгаараа манай аймгийн бүхий л инженер техникийн ажилтнууд, байгууллагууд, дэд бүтцийн талд үүрэг хүлээж байгаа байгууллагууд бүгд л хамтарч ажилласан томоохон ажил болж байгаа.

-Манай аймгийн боловсролын салбарын амжлит жилээс жилд сайжирч байгаа. Хотын захирагч боловсролын салбарт хэр анхаарч ажиллаж байна вэ?

Чингис хотын захирагчийн нэрэмжит Массын олимпиадыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж, Чингис хотын 4 ЕБС-ийн нийт 200 гаруй багш, 6000 гаруй хүүхэд оролцлоо. Мөн Чингис хотын Ерөнхий боловсролын дунд сургуулиудын анхан шатны боловсролын сургалтын менежерүүд,  4, 5-р ангиудын багш нарыг “Анхан шатны боловсролын математикийн сургалтын “Цөм хөтөлбөр”-ийн агуулгыг суралцагчдад эзэмшүүлж, тэдний сэтгэн бодох үйлийг нь удирдан хөгжүүлж байгаа дэвшилтэд технологи, бүтээлч арга барилуудаас суралцахуй” сэдвээр  сургалтанд хамрууллаа. Мөн энэ онд Массын олимпиадаа зохион байгуулахаас гадна 7 төрлийн хичээлээр багш нарын сургалт, СӨБ-ын багш нарыг чадавхижуулах сургалтыг тус тус зохион байгуулна. Багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, сурагчдын сурлагын төвшинг ахиулахад голлон анхаарч, үр дүнд хүрч чадлаа. Мөн 200 сая төгрөгийн ширээ сандал, цэцэрлэгүүдийн ангиудыг бүрэн камержуулах, 1-р цэцэрлэгийн засвар, бусад хэрэгцээтэй ажлыг хийж гүйцэтгэнэ.

-Хэрлэн сумыг 2016 оноос хойш Өрхийн эрүүл мэндийн төвөө анхаардаг болсон гэж өрхийн эмнэлгийнхэн ярьдаг. Тэгвэл 2019 онд эрүүл мэндийн салбарын онцлох ажил юу байв. Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээг сайжруулах талаар хэрхэн ажиллаж байна вэ?

ӨЭМТөвүүдээ Дох, сахар, хеликобактер, тэмбүү, шээсний нийт 5 төрлийн 5650 ш оношлуурын тестээр хангаж, 8-9 төрлийн шинжилгээг авах боломжийг нь бүрдүүллээ. Мөн нэлээд тоног төхөөрөмжийг жил дарааллан шийдсэн. 2020 онд 2 өрхийн эмнэлэгт автомашин, 20 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангана. Хэрлэн дом өрхийн эрүүл мэндийн төвийн 2 дахь салбар шинээр нээгдэж, багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг ойртуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, аймгийн нэгдсэн эмнэлгийн ачааллыг бууруулахад дорвитой нөлөөлж чадлаа. 2020 онд Ачманал өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ байр ашиглалтад орж, 5 дугаар багт Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ салбар нээгдэж, иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж эхэлснээр төвийн баг тус бүр Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй болж байна.

-Мал сүрэг хэр өсөв. Өвөлжилт хэр байна вэ?

Хэрлэн сум 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 520,046 толгой мал тоолууллаа. Өнгөрсөн оныхоос 6,3%-аар өссөн үзүүлэлттэй байна. Өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдалд нэлээд анхаарч ажилласан болохоор одоогоор хүндрэлтэй зүйл гараагүй байна. Энэ өвөл Хэрлэн сумын хэмжээнд 609 малчин өрх, 520 мянган толгой мал өвөлжиж байна.

- Нутгийн олондоо хандаад юу хэлэх вэ?

- Тун удахгүй Түүхэн аялал жуулчлалын бүс нутгийн угтан авах, үдэн гаргах томоохон төв болох Хэрлэн сум, Чингис хотоо иргэдийнхээ оролцоотой, хамтдаа хөгжүүлцгээе. Хан Хэнтий, хатан Хэрлэнгээр овоглосон нутгийн зон олон та бүхэн минь дүүрэн жаргалтай, түвшин билэгтэй байх болтугай.

- Ярилцсанд баярлалаа.  Танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Сэтгүүлч Д.Одонтунгалаг

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв