Нэгдсэн эмнэлэгт диализын аппарат хандивлажээ


Нэгдсэн эмнэлэгт диализын аппарат хандивлажээ
2020 оны 03 сарын 20. 07 цаг 16 минут

ЭМЯ-нд хүсэлт тавьснаар эмийн сан, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнхийн тун” ХХК-иас Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт диализын аппарат хандивлажээ.

Тус аймгийн нэгдсэн эмнэлэг 2016 онд гемодиализын кабинет байгуулж, диализын хоёр аппаратаар 12 өвчтөнд үйлчилгээ үзүүлж, ачааллаа дийлэхгүй сувилагч эмч нар уртасгасан цагаар ажиллаж иржээ. Он гарсаар өвчтөний тоо нэмэгдэн 15 болсноор аппаратны ачаалал бүр ч ихэссэн байна. Нэгдсэн эмнэлгийн хяналтанд байдаг бөөрний архаг дутагдалтай 15 хүний хамгийн залуу нь 23 настай, хамгийн ахмад нь 65 настай аж. Эдгээр 15 хүн долоо хоногт гурван удаа тус аппаратанд ордог байна. Нэг өвчтөн дор хаяж дөрвөн цаг эмчилгээгээ хийлгэдэг тул хүлээгдэх нь их гэж Б.Мөнхсайхан эмч өгүүлж байна.

 Ийнхүү апппарат нэмэгдсэнээр нэгэн зэрэг гурван өвчтөнг хүлээн авч эмчилгээ хийдэг болжээ. Бөөрний дутагдалтай эдгээр өвчтөнүүдийн хувьд бөөрөө солиулахаас нааш насан туршдаа энэхүү эмчилгээг хийлгэхээс аргагүй байдаг аж. Энэ өвчний шалтгаан нь голдуу бага насандаа шүд хорхойтох, хоолой өвдөх, мөн артерын даралт ихэссэнээс болж байнга эм уудаг, дурын эмийг зааврын дагуу хэрэглээгүйгээс өвчин хүндэрсэн, сахарын өвчин, хордлого, харшил зэргээс үүдэн бөөрний архаг дутагдалд ордог байна. Мэргэжлийн эмчийн хэлж буйгаар энэ өвчин сүүлийн үед хэт залуужсан нь анхаарал татаж байна.

Сэтгүүлч Ө.Одмаа

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.