Д.Баасандорж: Дорнодын зорчигчдоос халуурсан нэг иргэнийг тусгаарлан, бусдыг нь ажиглаж байна


Д.Баасандорж: Дорнодын зорчигчдоос халуурсан нэг иргэнийг тусгаарлан, бусдыг нь ажиглаж байна
2020 оны 03 сарын 20. 07 цаг 42 минут

Хэнтий аймгийн Эрүүл Мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Д.Баасандоржоос дараах мэдээллийг авснаа хүргэе.

 Дэлхий даяар тархсан цар тахалтай тэмцэх, сэргийлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ хүрээнд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд эрүүл мэндийн хяналт хийх явцад өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдөр Дорнод- Улаанбаатар чиглэлийн автобусанд явж байсан зорчигчид дунд 39 хэмийн халуунтай иргэн байжээ. Иймд тус иргэнийг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт онош тодруулахаар тусгаарласан байна. Автобусанд хамт явсан 22 иргэн болон жолооч, тэдэнд үйлчилсэн авто тээвэр, МХГ-ын байцаагч 24 хүнийг тус аймгийн Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусгаарлан ажиглах байранд хүлээн авч эрүүл мэндийн хяналт тавьж байна. Хяналтанд авсан иргэдээс ямар нэг илэрсэн шинж тэмдэг байхгүй, биесийн байдал хэвийн байгаа бол тусгаарласан иргэн шөнө халуунтай, хоолой хөндүүр зовиуртай хоносон ч одоогоор халуун буурч хоолойн өвчлөл нь намдсан байна. Уг өвчтөнд хурдавчилсан оношлуураар томуугийн шинж тэмдэг илрээгүй сөрөг үр дүн гарчээ. Улмаар онош тодруулах зорилгоор уг өвчтөнөөс сорьц авч Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү илгээн хариу хүлээж байна. Энэ иргэн Дорнод аймгийн Хавиргын боомтод гэрээтээр ажилладаг, гуравдугаар сарын зургааны өдөр Дорнод аймгийн төвд ирж, улмаар Улаанбаатар хот руу зорчиж явжээ.    

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.