“Бөднө шувуут” ХХК коронавирусыг хамтдаа даван туулахыг уриаллаа


“Бөднө шувуут” ХХК  коронавирусыг хамтдаа даван туулахыг уриаллаа
2020 оны 04 сарын 01. 10 цаг 51 минут

“Толбот” хэмээх нэртэй бөднө шувууны өндгийг Хэнтий аймгийн баялаг бүтээгчид үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг гэдгийг та мэдэх үү?

Бэрхийн уугуул Г.Ариунтуяа захиралтай “Бөднө Шувуут” ХХК нь Бэрх тосгонд 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш найм дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Анх ах дүү, гэр бүл нийлсэн зургаан шижигнэсэн залуус энэ аж ахуйг эхлүүлж байжээ.  

 Тус компани Монгол улсдаа бөднө шувууг өсгөн үржүүлж гаршуулж буй анхдагч компани гэдгээрээ онцлогтой. Тэд орон нутгийн өндөгний хэрэгцээг хангаад зогсохгүй Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүрүүд, зах худалдааны төвүүдэд /”Номин”, “Е-мart”, “Миний дэлгүүр” сүлжээ, “Оргил”, “Сансар”, “Every day”, “Боса”, Нарантуул... гэх мэт/ нийлүүлдэг байна.

Нийт 6 хүнийг ажлын байраар хангадаг агаад шувууны аж ахуйд олон орон тооны шаардлагагүй байдаг гэнэ. Одоогоор тус аж ахуйд 4500 орчим бөднө шувуу байгаа бөгөөд өдөрт дунджаар 1700 орчим, хамгийн ихдээ 2500 өндөг өгдөг байна. Дулаан, тэжээл, температур таарч байж өндөг сайн өгдөг аж.

Бөднө шувууны өндөг нь бактерийн болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, биеийн эсэргүүцэх чадварыг идэвхжүүлдэг, эмчилгээний чанартай. Тодруулбал, эрүүл мэндийн уурхай бөгөөд тус өндөг нь аминдэм, аминхүчил болон органик гаралтай бичил элементээр баялаг, ходоод гэдэс ба зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, хүний биеэс хүнд металлыг гадагшлуулдаг байна. Лецитин ихээр агуулдаг болохоор хүнсэнд түүхийгээр нь хэрэглэхэд бие махбодод хуримтлагдсан холестерины түвшинг бууруулдаг биологийн бодисын цуглуулга болсон экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Түүнчлэн хүүхдийн рахит, чихрийн шижин, судасны ханын хатууралд нэн сайн, биеийн дархлаа эрс сайжруулдгаас гадна жинг хэвийн байлгахад өндөр тустай гэнэ.

Тус компанийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа Бэрх тосгон, Батноров сум, Хэнтий аймгийн Онцгой комиссын албан хаагчид, мэргэжлийн байгууллагуудад хоёр удаагийн давтамжтайгаар нийт 13300ш өндөг хандивлаж, коронавирусыг /covid 19/ хамтдаа даван туулахыг уриалсан байна. Цаашдаа мөн өөрсдийнхөө чадах хэмжээгээр ААН, ард иргэддээ зориулан амин дэмээр баялаг бөдний өндөг хандивлах сайн үйлсийг үргэлжлүүлэх зорилготой байгаа талаараа захирал Г.Ариунтуяа илэрхийлж байлаа.

Эх сурвалж: Хэнтийн мэдээ сонин №09

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв