Ж.Оюунбаатар: Хэнтий нутагт хөгжлийн асар их ирээдүй бий


Ж.Оюунбаатар: Хэнтий нутагт хөгжлийн асар их ирээдүй бий
2020 оны 04 сарын 14. 09 цаг 19 минут

Хэнтий аймгийн Засаг дарга асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Ж.Оюунбаатар Ардчилсан хувьсгал, Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын үеэр нутаг орондоо ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

 -Танд Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэнд хүргэе!

-Баярлалаа. Сайхан хаваржицгааж байна уу? Хан Хэнтий нутгийнхаа зон олонд, Ардчилсан намын гишүүд дэмжигчид, журмын нөхдөдөө Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг танай сониноор дамжуулан хүргэе.

-Ардчиллын 30 жилийн түүхийн хэд нь таны амьдралтай холбоотой вэ? Яагаад заавал Ардчилсан намыг сонгох болов?

-Миний амьдрал, үйлс ардчиллын түүхтэй салшгүй холбоотой. 1980аад оны сүүлийн хагаст ЗХУ-д өрнөсөн перейстройка Монгол болон Европын орнуудад ч нөлөөлсөн. Тэр үеэс л ардчиллыг дэмжиж байсан. 1990 оны Монголд ардчилсан хувьсгал гарах үед Хурхын сангийн аж ахуйд ажиллаж байлаа. Ардчилсан үйл явцыг анхнаас нь дэмжин Ардчилсан нам байгуулагдахад гишүүнээр нь элссэн. Түүний зэрэгцээ Хэнтий аймгийн Залуучуудын байгууллагын шинэчлэлийн үйл ажиллагаанд оролцож, аймгийн Залуучуудын эвлэлийн хорооны даргаар 1990 оны дөрөвдүгээр сард сонгогдсон. 1991 онд МХЗЭ өөрчлөгдөн Монголын Залуучуудын Холбоо болоход Хэнтий аймгийн салбарын даргаар сонгогдон зургаан жил орчим ажилласан. Улмаар МЗХ-ны нарийн бичгийн даргаар дэвшин ажилласан. Энэ бүх хугацаанд би Ардчилсан намын гишүүн байлаа. Залуучуудын байгууллагад 35 хүртлээ ажиллаад дараагийн залгамж халаа болсон залуустаа халаагаа өгсөн. Түүнээс хойш Ардчилсан намынхаа үйл хэрэгт тууштай орж, 2000 онд Ардчилсан намын бодлого тодорхойлдог Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр анх сонгогдсоноос хойш 20 жил боллоо. Үндсэндээ 30 жил ардчиллын үйл явц, Ардчилсан намтай салшгүй холбоотой явж, түүхт 30 жилийн ойтой золгож байна даа.

-Та Хэнтий аймгийн Засаг даргын ажлаа 2016 онд өгсөн. Түүнээс хойш ямар ажил эрхэлж байна вэ?

-Аймгийн Засаг даргын ажлаа өгснөөсөө хойш Улаанбаатарт ажиллаж, амьдарч байна. Мэдээж энэ хугацаанд нутгаараа байнга ирж очиж байгаа. Аав ээж хоёр минь намайг явсны дараагаар хоёр жил шахуу нутагтаа байсан. Мал ахуй маань Баянхутаг суманд байдаг учраас ойр ойрхон эргэж тойрно. Зундаа хөдөө гадаа явж, өвөлдөө нутаг орноороо ирнэ, уул хайрхандаа гарна, намын ажлаар ч үе үе ирж сумдаараа явна. Тийм болохоор нутаг орноосоо холдоогүй. Тэгэхдээ нутагтаа ирлээ гэж айхтар зарлахгүй, ирсэн зорилго, ажлаа хэрэгжүүлээд л буцдаг.

-Хувийн ажил гэхээр таны “Жо интернэйшнл” компани уу? Юу юу эрхэлдэг юм бэ?

-Миний эхнэрийн удирддаг “Жо интернэйшнл” компани үйлчилгээний бизнестэй. Зочид буудал, амралтын газар, хоолны газрын үйлчилгээ эрхэлдэг. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд амралтын газрынхаа үйл ажиллагааг нь бэхжүүлэхэд анхаарлаа хандууллаа.  Манай “Баян байгаль” амралт Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт Баянбуурал амралтын  зүүн хойд талд нь байдаг.

-Та ҮБХ-ны гишүүний хувьд намын аппараттайгаа нэлээд ойр байдаг байх. Танай намаар сонин юутай вэ?

-Намын ажилдаа идэвхтэй оролцдог. Намын даргын сонгуулийн хорооны даргаар ажилласан. Одоо бол намын сонгуульт ажлуудаа хийгээд явж байна. Манай нам 2016 оны сонгуулийн ялагдлын дараа эрс шинэчлэлт хийсэн, намын дүрэм журамд өөрчлөлтүүд орсон. Ер нь гишүүд рүүгээ чиглэсэн, гишүүндээ түшиглэсэн нам болж, гишүүдийнхээ үүсгэл санаачилгыг дэмжин гишүүн төвтэй үйл ажиллагаа явуулж байна. Дээрээс нь бодлогын нам болох зорилтыг хэрэгжүүлж, нам дотроо 16 бодлогын зөвлөл байгуулсан. Бодлогын хороод сүүдрийн Засгийн газрын маягтай ажиллаж, бүх яамдын бодлого үйл ажиллагаанд дүгнэлт хийж, АН ирээдүйд засаг барих юм бол мөрийн хөтөлбөртөө ямар асуудлууд тусгаж, ямар бодлого явуулах талаар судалгаа шинжилгээний түвшинд ажиллаж байна. Эдгээр хороодод харъяалагдан өөрийн хувь нэмрээ оруулж яваа.

-Та 2012-2016 онд Засаг даргаар ажиллахдаа чамлахааргүй ажил хийсэн ч УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон. “Ямар сонин сонголт хийчихэв ээ?” гэж олон хүн гайхдаг. Та сонгогчдодоо гомдсон уу?

-Нуулгүй хэлэхэд, энэ сонгуульд ялагдана гэж санаагүй шүү. 2012-2016 оны хооронд орон нутагтаа үнэхээр хичээж зүтгэж ажилласан. Аймгийн Засаг даргын ажлыг хийсэн шиг хийе, ард түмнийхээ үнэлэмжид хүрч ажиллая гэж аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө бүхнээ зориулж, үнэнч шударгаар зүтгэсэн. Хэнтий аймаг маань хөгжил дэвшил бүтээн байгуулалтын хувьд ихээхэн амжилтад хүрсэн. Бодлогын чиглэлийн олон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн маань алсуураа хүн ардад өгөөжөө өгч байлаа. “Эрүүл чийрэг Хэнтийчүүд”, “Эрдэм боловсролтой Хэнтийчүүд”, “Ажилтай орлоготой Хэнтийчүүд”, “Аюулгүй орчинтой Хэнтийчүүд”, “Архигүй Хэнтийчүүд”, “Цахим Хэнтийчүүд” гэх мэт олон хөтөлбөрийг дурдаж болно. Тухайн үед энэ ажлууд улсын хэмжээнд үлгэр жишээ болж байлаа. Одоо ч тэр хэмжээнд ажиллаж байгаа аймаг харагдахгүй л байна. Нутгийнхаа иргэдтэй уулзаж байхад тухайн үедээ хэрэгтэй ажлуудыг хийж байжээ гэдгээ мэдэрдэг. Албан тушаалаа өглөө гээд хийсэн бүтээснээ аваад явчихгүй шүү дээ. Нутагтаа ирэхдээ зарим ажлаа хараад “Гайгүй юм хийчихсэн шүү” гэж бодогдоно. Хийж амжаагүй үлдээсэн зүйлээ хараад аймаг орон нутгийн удирдлагууд үүнийг барьж аваад хийчихээсэй гэж бодно. Миний хувьд орон нутагтаа хийсэн ажилтай, хийхээр төлөвлөсөн зүйл олон байсан болохоор тухайн үед сонгуульд ялагдана гэх бодолгүй явсан. Улс төр хатуу ч гэлээ нуух юм байхгүй, сэтгэл харанхуйлсан. Юу болов, яав гэж их гайхсан. Залуугаасаа аливаа саад бэрхшээлтэй нүүр тулж явсны хэрэг гарч, сэтгэл зүйн хувьд хяналтаа алдаж янз бүрийн юм болоогүй \инээв\. Тийм их эрмэлзэлтэй, эрчтэй ажиллаж явсан хүн тэгж ялагдана гэдэг үнэхээр санаанд оромгүй юм болсон.

-Юун дээр алдсан гэж боддог вэ?

-Өөрийн дутуу дулимагаас болж ялагдсан болов уу гэж боддог. Гол том шалтгаан нь тийм нэг савлагаа явж, намын маань рейтинг унаж, улс даяар бараг намаараа ялагдсан шүү дээ. Ямар сайндаа л Ардын нам 65 суудал авч байх вэ дээ.

-Хэнтийнхээ сонгогчдыг та хэр мэргэн гэж боддог вэ?

-2016 оны сонгууль хэрхэн болж өнгөрөв, хэн сонгогдов, ямар нөхцөл байдалд орсон билээ гээд бодоход цаг үеийн уур амьсгалд сонгогчид маань автсан юм болов уу даа.

-Өмнө нь та Д.Арвин гишүүнд бас нэг удаа ялагдсан?

-Улс төрд яваа хүн ялж, ялагдана. Зорилготой яваа бол тууштай бай гэдэг зарчмыг баримталдаг. Би ч бас аймгийн даргын сонгуульд ороод шууд ялчихаагүй. Орон нутагт 1996 онд АН ялалт байгуулахад би 34 настайдаа өөрийгөө гололгүй аймгийн даргын сонгуульд өрсөлдөөд ялагдсан. Хүн өөрөө хийж, бүтээе гэсэн чин зорилготой бол нэг удаа ялагдлаа гээд санаагаар унаад яваад өгөх биш, тухайн зорилгодоо хүрэхийн тулд бусдад өөрийгөө харуулах ёстой. Аймгийн Засаг дарга болохоос өмнө хэнтийчүүд намайг Ардчилсан нам, залуучуудын байгууллагад явдаг нутгийн залуу  гэхээс цааш мэддэггүй байсан байх. Тиймээс аймгийн дарга болоод юу хийж бүтээж чадах хүн бэ гэдгээ харуулахыг зорьсон. Зорьсондоо ч хүрсэн гэж боддог. Нутаг орныхоо хөгжилд газар дээр нь хувь нэмрээ оруулж чадлаа, одоо Монгол төрийн түшээ болж, тэндээсээ нутаг орныхоо хөгжлийн төлөө илүү ихийг хийхийн төлөө зүтгэе гэж л тэгэхэд зорьсон. Ер нь улстөрчид ямар ч саадгүй дардан замаар яваад л байдаггүй.

Жишээ нь, АНУын Ерөнхийлөгч Жорж Вашингтон 10 удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд 10 дахь дээрээ ялж, АНУ-ын шилдэг ерөнхийлөгчдийн нэг болсон. Тэгэхээр миний ганц хоёр ялагдал үүний дэргэд юу ч биш, зорьсноосоо шантрах шалтгаан биш байгаа биз дээ.

-Тийм шүү. Ер нь амжилтад хүрнэ гэдэг бол унаж босохын ухаан юм биш үү?

-Тийм ээ, эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэж монголчууд ярьдаг биз дээ.

-Та Засаг даргаар ажиллах хугацаандаа нэлээд ажлыг хийж бүтээсэн, бас хийж амжаагүй ч ажлууд үлдээсэн байх. Тухайлбал, их эзэн Чингис хааны иж бүрэн цогцолборын асуудал яригдаж байсан. Энэ ажил ямар шатандаа байгаа бол, бүр зогссон уу эсвэл явж байна уу?

-Бодож төлөвлөж байсан томоохон ажлууд хийгдээгүй үлдсэн нь бий.  Хэнтий аймгаа түүхийн арвин өвтэй, аялал жуулчлалын өлгий нутаг гээд зарлаад  Хэнтий нутгийнхаа бахархлыг гаргаж ирье гэж зорьж байсныг та бүхэн мэднэ. Чингис хааны өлгий нутаг гэдэг түүхэн баримтыг нутгаа хөгжүүлэх хөшүүрэг болгон энэ ажлыг эхлүүлж байсан. Энэ хүрээнд Бурхан Халдун уулаа ЮНЕСКОд бүртгүүлсэн, аймгийн төв- Өндөрхаан хотоо Чингис хот хэмээн нэрлэсэн, аймаг маань Чингис хааны түүхэн аялал жуулчлалаар хөгжих ёстой гээд хөгжлийн чиг хандлагаа тодорхойлсон. Тэгээд Чингис хааны түүхэн цогцолбор байгуулах төсөл боловсруулж Засгийн газраар зураг төслөө батлуулсан. Энэ ажлаа цааш нь хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байдаг. Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлээд ажиллаж байгаа. Хэд хэдэн сумдад Чингис хааныхаа түүхтэй холбоотой бүтээн байгуулалт хийгээд явж байна. Бидний хувьд ч түүхэн аялал жуулчлалын цогцолбор төслөө цааш нь ажил хэрэг болгоод явна. Энэ бол хэн ч гарсан ялгаагүй их хааныхаа түүх соёлыг сурталчлах, дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бизнесийг орон нутагтаа хөгжүүлэх, бие биенээ нөхөөд цаг хугацаа алдахгүй явах, ялангуяа дэд бүтцийн чиглэлээр хийх ажил нэлээдгүй байна.

-Таны эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжлээд явж байна. Тухайлбал, цэвэрлэх байгууламж, дулааны станц гэх мэт...

-Тухайн үедээ хийж амжаагүй ажлууд бий. Хотын хөгжилд чухал үүрэгтэй цэвэрлэх байгууламж, төвлөрсөн дулааны станц, шугам сүлжээ, хогны үйлдвэр байгуулах зэрэг гол гол төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан. Засгийн газраар дэмжигдэн гэрээ хэлцэл байгуулагдсан ч хөрөнгө санхүүгээсээ шалтгаалаад хугацаа алдсан ажлууд бий. Үүнийг ажил хэрэг болгоод үргэлжлүүлээд, залгамжлаад явж байгаа нь сайшаалтай. Ер нь би Чингис хотоо ирээдүйд Монголынхоо нийслэл болох хэмжээнд хөгжих ёстой гэж хардаг. Иймээс энэ төвшинд хүргэхийн тулд бид, бидний дараа үеийнхэн ажиллах ёстой. Өнөөдөр манай нийслэл хот ямар байгаа билээ, ямар их асуудлууд хуримтлагдаад байгаа билээ дээ. Яваандаа нийслэлээ хэрхэх вэ гэдэг асуудал босч ирнэ. Харин манай аймаг ямар ч хэмжээнд тэлж хөгжих газар нутагтай. Тэр үед Чингис хот Монголын нийслэл болоход аль ч талаараа болохгүй гэхгүй учраас бид Чингис хотынхоо хөгжлийн эхлэлийг тавьсан. Бидэнд том ирээдүй байгаа. Их хааны маань агуу түүх, ард түмний агуу их хүндлэл цаашдаа улам л батжиж бэхжинэ үү гэхээс суларч мартагдана гэж байхгүй. Иймээс Хэнтий аймаг маань их хаанаараа амьсгалсан, түүх соёлоороо бахархсан, гайхагдсан нутаг орон болж хөгжиж дэвжинэ.

-Таны хийж байсныг үргэлжлүүлж байгаа ч харамсалтай нь орхигдсон олон ажил бас бий. Тухайлбал, орон сууцны хорооллын ажлууд зогсонги байдалд байна?

-Тийм ажлууд байна. Бидний үед 1000 айлын орон сууц хөтөлбөрөө чармайж байгаад хэрэгжүүлсэн. Энэ чиглэлд бид нөөц ажил үлдээсэн. “Шинэ Өндөрхаан” хороололд инженерийн шугам сүлжээг бүтэн тавьж өгөөд цаана нь хаус хорооллын инженерийн зураг төсөл хийж, бүр хашааг нь бариад орхисон. Харамсалтай нь энэ ажлууд өнгөрсөн хугацаанд хийгдэлгүй зогсчээ. Тэгэхээр энэ ажлаа 20202024 онд үргэлжлүүлж хийх боломж гарна гэж итгэж байна. Хийх боломж нь бүрдсэн эдгээр ажлыг хурдан дуусгахгүй бол элэгдэж хорогдох муу талтай. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар хийх учраас нэлээд хөөцөлдөлгөө, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, өргөжүүлж байж хийх ёстой.

-Сөрөг хүчин буюу МАНын өнгөрсөн 4 жилийн ажил байдлыг нь та хэрхэн дүгнэх вэ?

-Аймгийн ИТХын төлөөлөгч биш болохоор ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлээд яаж хэрэгжүүлээд явж байгааг нь хэлэх боломж алга. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн агентлагууд сайхан барилгатай болсон байна.

-Та аймгийн намын байгууллагадаа ямар үүрэг хариуцлага хүлээн ажиллаж байгаа вэ?

-Аймгийн намын хорооны гишүүнээр ажилладаг.

-Танай намын хорооны боловсон хүчний чадавх хэр хэмжээнд байна вэ?

-Намын боловсон хүчний бодлого гайгүй явж байгаа. Аймгийн намын хороо, намын Үндэсний бодлогын хорооны дунд, дээд шатанд залуучууд өрсөлдөж гарч ирдэг. Аймгийн намын хорооны 7080 хувь нь шинэчлэгдэн шинэ залуу үе гарч ирсэн байна. Төв намын ҮБХ ч 80-90 хувь нь шинэчлэгдэж 25-40 насны залуус болсон байна. Ер нь 2024 он гэхэд бидний үеийнхэн үе мултраад дараагийн үе маань хүч түрж орж ирнэ. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшиж байгаа байдлыг харахад залуу үе түлхүү орж ирж байгаа нь анзаарагдаж байна. Сүүлийн үед нийгэмд шударга ёс нэлээд гажуудсан, шүүмжлэлтэй хандаж байгаа ийм цаг үед эвдрээгүй шинэ залуу үе гарч ирэх цаг болсон гэж харж байгаа.

-Их хурлын сонгуульд АН ямар шалгууртайгаар нэр дэвшүүлж байгаа вэ?

-Манай намын хувьд ҮБХны гишүүн хүн УИХ-ын сонгуульд  нэр дэвших эрхтэй. Тийм учраас намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, намын анхан дунд шатны байгууллагад ажиллаж байгаа, туршлагажсан, намын ажил амьдралыг мэддэг хүмүүс нэр дэвшинэ.

-Ковид 19 цар тахлын улмаас дэлхий нийтээрээ хөл хорионд орж байна. Та биеэ хэрхэн сэргийлж байна? Өнөө өглөө Хэрлэн гол руугаа алхсан гэсэн. Хэнтийчүүд маань бас эрүүл мэндээ бодож гол ус руугаа алхдаг?

-Тийм байна. Би бас Хэрлэн голдоо очиж уснаас нь адис авлаа. Гол руу очих буцахдаа олон хүнтэй  мэнд мэдэж, найз нөхөдтэйгөө уулзаж учирлаа. Манайхан хорио цээрийн дэглэмээ маш сайн баримталж бүгд масктай, тэр болгон хоорондоо гар барихгүй байна. Дэглэмээ их сайн барьж байгааг анзаарлаа. Миний хувьд мөн адил мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг мөрдөж ажил амьдралдаа хэрэгжүүлж байна.

-Та их сайхан эрүүл чийрэг харагдаж байна. Оюунаа хэрхэн цэнэглэж байна?

-Ерөнхийдөө амралт чөлөөт цаг ихтэй байгаа учраас алжааж ядрахгүй бие хөнгөн байна. Оюуны хувьд өөрийгөө цэнэглэх юм бишгүй. Ном их уншиж байна.

-Сошиалд хэр идэвхтэй байдаг вэ?

-Сошиалд харин идэвх муутай шүү. Хааяа орж мэдээлэл авна. Сошиал найзууд маань голдуу хэнтийчүүд учраас Хэнтийнхээ мэдээллийг тэндээс голдуу авдаг.    

-Нутгийн олондоо хандаж дайх үг байгаа байх?     

-Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын үеэр Монгол түмэн минь, тэр дундаа Хан Хэнтийчүүд маань сонор сэрэмж сайтай байж, эрүүл мэнд аюулгүй байдлаа хангаж, орон нутгийн төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа цаг үеийн дэглэм шаардлагыг биелүүлэн ажиллаж амьдрах нь зүйтэй. Энэ хүнд нөхцөл байдал удахгүй арилна гэдэгт итгэж, найдаж байна. Хэнтийчүүд та бүхнийхээ ажил үйлсэд нь амжилт бүтээл, амьдралд нь аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: Хэнтийн мэдээ сонин №11

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.