Ж.ОСГОНБААТАР: Малчид худаг дээрээ цагийн тохируулгатай нарны систем суурилуулж малаа услах боломжтой


Ж.ОСГОНБААТАР: Малчид худаг дээрээ цагийн тохируулгатай нарны систем суурилуулж малаа услах боломжтой
2020 оны 05 сарын 16. 09 цаг 34 минут

“Нийт малчдыг 500 Вт-аас дээш чадалтай нарны цахилгаан үүсгүүрээр хангах боломжтой”

Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Осгонбаатартай ярилцлаа.

- Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Таныг хурдан хүлгийн өлгий нутаг Галшар сумын унаган хүү гэж сонссон. Манай уншигчдад өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Сайн, сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Тийм ээ, би Хэнтий аймгийн  Галшар суманд төрсөн, хурдан хүлгийн өлгий нутаг гэж алдаршсан энэ нутгийн унаган хүү гэдгээрээ бахархдаг. Одоогийн Жаргалант баг буюу хуучнаар Буянт сумын  нутагт төрж өссөн. Аавыг минь Дашгүнсэнгийн Жамбалжамц, ээжийг минь Даржаагийн Должин гэдэг байсан. Намайг өргөж авч өсгөсөн буянтай хоёр буурал минь одоо бурхны оронд очсон. Би айлын өргөмөл ганц хүүхэд. Харин миний төрсөн аавыг Магсарын Гэндэнжамц, ээжийг минь Даржаагийн Чимэд гэдэг байсан. Таван хүүхдийнхээ бага хүү болох намайг ээж минь өөрийн дүү Должинд өргүүлсэн юм билээ. Нэг бодлын айлын бага хүү, нөгөөтэйгүүр айлын ганц өргөмөл хүү нь байгаа юм. Тиймдээ ч бага насаа хоёр айлын дунд эрх танхи өнгөрүүлсэн. Намайг бага байхад манайхныг нутгийнхан маань “Аваргынхан” гэж дууддаг байлаа. Миний төрсөн аав М.Гэндэнжамц 1963 онд “БНМАУ-ын аварга төлчин” цол тэмдгээр энгэрээ мялааж байсан. Тухайн үед “Улсын аварга төлчин” болж байсан анхдагчдын нэг байсан юм билээ. “Аваргынхан” гэж хүндэтгэн дууддаг нь ийм учиртай.

-Та гэр бүлийн хүн болон хүүхдүүдийнхээ талаар бидэнд танилцуулаач?

-Би эхнэр 3 хүүхэдтэй. Гэргийг маань Аюушийн Болормаа гэдэг. Хүний их эмч мэргэжилтэй. Хэнтий аймгийн уугуул. Эхнэртэйгээ дунд сургуульд байхдаа нэг ангид хамт сурдаг байсан. Бид хоёр нэг ангид хамт сурч эхэлсэн үеэсээ найзалж, үерхэж байгаад сургуулиа төгсөөд гэр бүл болцгоосон. Хар багаасаа бие биенээ маш сайн мэддэг. Зовлон, жаргалаа хамтдаа хуваалцсаар 3 сайхан хүүхдийн аав, ээж болж хамтдаа 35 жил амьдарч байна. Бид хоёр нэг охин, хоёр хүүтэй. Хүүхдүүд маань бүгд том болцгоож, гэр бүл зохиосон. Хоёр хүү маань хоёулаа миний мэргэжлийг өвлөн авч инженер болцгоосон. Том хүү минь одоо эрчим хүчний салбарт ажилладаг, бага нь харин энэ ажил сургуулиа төгсөж байна. Охин маань харин өвөө, эмээ, ээжийнхээ мэргэжлийг өвлөж эмч болсон. Манай хадамууд Ч.Аюуш, Д.Насанжаргал гэж аймагтаа нэртэй эмч хүмүүс байсан. Мөн л Хэнтий нутгийн уугуул хүмүүс.

-Галшар нутаг хурдан удмын адууны нутаг гэдгээрээ гайхагдахаас гадна алдартай хүмүүс цөөнгүй төрөн гарсан байдаг. Та нутгийн хүний хувьд энэ хүмүүсээс нэр дурьдвал?

-Манай Галшар нутгаас алдарт буддын шашны философийг Монголдоо бий болгосон Занын Агваанбалдан, Өвгөн ноён Пүрэвжав, дэлхийд гайхагдсан цөмийн физикч Даржаагийн Чүлтэм гэх мэт алдар цуутай хүмүүс,  эрдэмтэн мэргэд олон төрсөн байдаг. Даржаагийн Чүлтэм бол миний нагац ах. 1977 онд ОХУ (Хуучин ЗХУ)-ын Дубна хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд физикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, Монгол улсын анхны эрдэмтдийн нэг юм. Ах маань 2000 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат ажилтан, 2001 онд Дэлхийн физикийн шилдэг эрдэмтнээр шалгарч байсан. Эх орон, нутаг усныхаа нэрийг дэлхийд өргөж явсан ахаараа бахархаж явдаг юм.

-Та хаана, ямар мэргэжил эзэмшсэн бэ?

-1972 онд Галшар (Буянт сум) сумын бага сургуулийн нэгдүгээр ангид орж, 1981 онд наймдугаар ангиа төгссөн. Дараа нь Хэнтий аймгийн төвийн 10 жилийн 1-р дунд сургуульд суралцаж 1983 онд төгссөн. Тэгээд ЗХУ-ын Украйны Жданов хотын Металлургын дээд сургуульд Металл болон гагнуурын технологийн инженэрээр суралцахаар явж байлаа. Тухайн үед конкурсын шалгалтад эхний байруудад жагсч байж л гадаад улсад суралцах боломж атгадаг байсан үе. Хөдөөний хүүхэд болохоор мэргэжлийнхээ мөн чанарыг сайн мэдэхгүй, инженер болох юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд л явж байлаа. Тэр үеийн социалист системтэй орны оюутнууд бүгд ЗХУ-д суралцдаг байлаа. Оюутны байранд амьдарч, амралтаар Монголдоо галт тэргээр ирж, очно. Оюутны он жилүүд минь ингэж л өнгөрсөн. Гуравдугаар курсээ төгсөх үед аав минь өвдөж, би сургуулиасаа жилийн чөлөө аваад Монголдоо ирсэн. Нэг жил Галшар сумандаа багшаар ажиллаж байгаад Улаанбаатар хотод Политехникийн дээд сургуулийн Механик инженерийн сургуульд шилжин суралцаж, 1989 онд механик инженер мэргэжил эзэмшин төгссөн юм. 

-Шинэхэн инженерийн ажлын гараа хэрхэн эхэлсэн бэ?

-1989 онд дээд сургуулиа төгсөөд Эрчим хүчний тоног төхөөрөмжийн засварын төв үйлдвэрт мастераар ажилд орж байлаа. Тухайн үед үйлдвэр маань шинэ, би ч шинэхэн инженер эрч хүчтэй ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байлаа.

-Таныг эрчим хүчний салбарынхан “Станцын Осгоо” гэж дууддаг талаар би сонссон. Та энэ салбарт хэдэн жил ажилласан бэ? Ажлын туршлагаасаа хуваалцаач?  

-Засварын үйлдвэрт 3 жил ажилласныхаа дараа 1992 оноос Дулааны 4-р Цахилгаан станцад инженер, хэлтсийн дарга зэрэг ажлуудыг хийж, 17 жилийн турш энэ станцдаа эрч хүч, мэдлэг чадвар, залуу халуун насаа зориулсан юм. 1990-ээд оны нийгмийн өөрчлөлтийн үеэр манай улсад ажиллаж байсан Орос мэргэжилтнүүд нутаг буцаж, Дулааны цахилгаан станцыг Монголчууд бие даан ажиллуулж, авч явах томоохон хариуцлага бидний нуруун дээр ирсэн. Ардчилсан нийгмийн хувьсгал болсон 1990-ээд оны энэ хүнд үед бид станцдаа өдөр шөнөгүй, хонон өнжин ажиллаж Улаанбаатар хотоо цахилгаан, дулаанаар таслахгүйн тулд бүхий л хүч чадлаа дайчлан, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байлаа. Дулааны 4-р цахилгаан станц маань баригдсанаас хойш томоохон засвар шинэчлэл хийгдээгүй, тоног төхөөрөмжүүд нь нилээд хуучирсан байсан. Харин Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр 1996-2004 оны хооронд хэрэгжсэн төслөөр станц маань амжилттай шинэчлэгдэхэд тухайн үед би төслийн инженерээр ажиллаж байлаа. Хожим нь станцынхаа гүйцэтгэх захирлаар 2014-2016 онд ажилласан. 2009 оноос Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрчим Хүчний Газарт Төсөл, хөтөлбөрийн хэлтсийн даргаар ажиллаж, Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний салбарт хэрэгжиж буй бүх төсөл, хөтөлбөрүүдийг хариуцдаг болсон. Эдгээр томоохон төсөл, хөтөлбөрүүдийн нэг нь Дэлхийн Банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн Хөдөөгийн малчдын цахилгаан хангамжийг сайжруулах төсөл буюу “100 000 Нарны Гэр” хөтөлбөр юм. Мөн Дөргөн болон Тайширын Усан цахилгаан станцын төсөл, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр баригдаж буй өндөр хүчдэлийн шугамууд гэх мэт томоохон төслүүдийг хариуцаж байлаа. Дараа нь 2012 оноос “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанид дэд захирлын алба хашсан. Энэ хугацаанд цахилгаан эрчим хүчний хэрэглээг программчилах, хэрэглэгчдэд цахилгааны төлбөрөө хаана байгаа газраас үл хамаарч, онлайн системээр төлөх боломжийг бүрдүүлж өгөх чиглэлээр түлхүү анхаарч ажилласан. Харин 2018 оноос хойш “Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо”-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Нар, салхины эрчим хүч үйлдвэрлэдэг, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй компани нэгдэж энэ холбоог байгуулсан.

-Танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай холбоо өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хэрэгжиж байгаа томоохон төслийн нэг болох Английн “Naаnova Energy” компанитай хамтарч хоёрдогч түүхий эдийг боловсруулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төсөл дээр ажиллаж байна. Мөн үүрэн телефоны Мобиком корпораци болон Хилийн цэргийн удирдах газартай хамтарч хилийн заставуудыг цахилгаанжуулах ажил эхлүүлсэн. Одоогоор 10 орчим хилийн заставыг цахилгаанжуулах ажил хийгээд байна.

 

-Та айл өрхүүд өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэх боломжтой талаар нэг ярилцлагандаа дурдсан байсан. Энэ маш сонирхолтой санагдаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбайрлавал?

-Сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчийг ашиглан амьдрал ахуйдаа дэвшил бий болгох хэд хэдэн боломж бий. Тухайлбал, малчдын цахилгаан хангамжийг сайжруулах, нарны худаг ашиглах гэх мэт. Үүнээс гадна хот суурин газрын айл өрхүүд хувийн сууцны дээвэр дээр нарны дэлгэц суурилуулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн түүнийгээ нэгдсэн сүлжээнд нийлүүлэх боломжтой. Энэ нь өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох, орлогын шинэ эх үүсвэртэй болох, сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх зэрэг олон давуу талуудтай. Хууль эрх зүйн хувьд нөхцөл нь бүрдсэн. Эрчим хүчний яамнаас үүнийг зохицуулсан журам батлахаар ажиллаж байгаа.

 

-Хөдөө орон нутагт амьдарч байгаа малчин өрхийг сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаанаар хангах “Зуун мянган нарны гэр” хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй мянган малчин өрх гэрэл, цахилгаантай болсон. Энэ хөтөлбөрийг анх хэрэгжүүлэх үед малчид лаа, дэнлүүний гэрэлтэй л байсан?

- Тиймээ 1990-ээд оны үед малчид лаа, дэнлүүний гэрэлтэй байсан шүү дээ. 1999 онд МУ-ын Засгийн Газраас уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, 50 Вт-ын чадалтай нарны зайн цахилгаан үүсгүүрийн бүрэн системийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэр гаргасан. Үүний үр дүнд малчид нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтэй болж, телевиз үзэх боломжтой болсон. Энэ хөтөлбөр 10 гаруй жилийн хугацаанд хэрэгжиж, 100 мянган малчин өрхийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нарны эрчим хүчний цахилгаан үүсгүүртэй болгосон. 2010 оноос “Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв”-ийн захирлаар томилогдож, “Зуун мянган нарны гэр” төслөө үргэлжлүүлж, сүүлийн 20 гаруй мянган нарны эрчим хүчний системийг малчдад амжилттай хүргэсэн.

-Та ажлын шугамаар хөдөө орон нутгаар их явдаг юм билээ. Ер нь хөдөөгийн малчдын амьдрал хэр байна. Тэдэнд тулгамдаж буй нийтлэг асуудлууд юу байна вэ?

-Нэг үеэ бодоход хөдөөгийн малчдын амьдрал дээшилснийг хүн бүр мэдэж байгаа. Малчид маань бүгд л гэрэл цахилгаантай, гар утастай, хот суурин газрын хүмүүсээс дутахааргүй хэрэглээгээ хангаж амьдарч байна. 20-иод жилийн өмнө анх хэрэгжсэн “Зуун мянган нарны гэр” хөтөлбөрийн бүтээгдэхүүнүүдийг одоо хүртэл ашиглаж байгаа айлуудтай саяхан таарч байсан. Ингээд харахад бидний нийлүүлж байсан 50 Вт-ын чадалтай нарны цахилгаан үүсгүүр маш сайн чанартай бүтээгдэхүүн байж. Харин орчин үед малчдын хэрэглээ нэмэгдэж, олон төрлийн ахуйн цахилгаан хэрэгслүүд болох өнгөт зурагт, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин хэрэглэх болж. Ийм цахилгаан хэрэгслүүдийг 50 Вт-ын чадалтай систем мэдээж хангаж чадахгүй. Малчид өөрсдөө зах зээл дээрээс янз бүрийн чадалтай цахилгаан үүсгүүрийг авч ашиглаж байна. Тэд хэрэглээндээ тохирсон чадалтай, стандарт, чанарын шаардлага хангасан, баталгаатай бүтээгдэхүүнүүдийг тэр бүр сонгож авч чаддаггүй бололтой. Бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн хүмүүсийн амаар нь сонголтоо хийж байгаа харагдах юм.  Нэг өрх дээрх цахилгаан хэрэгслүүдийг ажиллуулахын тулд  багадаа 500-600 Вт чадалтай нарны цахилгаан үүсгүүр ашиглах хэрэгцээ гарна. Ийм чадалтай стандартын шаардлага хангасан, чанартай сайн нарны системийг малчдад зах зээлийн үнээс бага өртгөөр нийлүүлэх төслийг хэрэгжүүлэх боломжтой. Дэлхий нийтээр уур амьсгалын дулаарал бий болж, дэлхийн улс орнууд, Олон Улсын байгууллагууд байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх төслүүдэд анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулалтыг түлхүү хийх сонирхолтой болсон. Бид ч гэсэн Олон улсын байгууллагуудаас тусламж, дэмжлэг авч ийм төрлийн төслүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Мөн малын тоо толгой нэмэгдэж байгаатай холбоотойгоор малчдын дунд бэлчээр болон усны хомсдол гэсэн асуудал хурцаар тавигдаж байна. Малчид энэ талаар их ярьдаг. Худагруугаа мотоциклиор зөөврийн мотор аваачиж, малаа усалж байна. Энэ зөөврийн мотор бензинээр ажилладаг. Нэг өрх малаа услахдаа өдөрт ойролцоогоор 3-5 литр бензин зарцуулж байна. Зарим нь худгаас ховоо татаж малаа усалж байна. Энэ мал усалгааны системийг технологийн шийдэл ашиглан шийдвэрлэх боломжтой. Тодруулбал, худгууд дээр нараар ажилладаг төхөөрөмж тавиад цагийн тохируулга хийх замаар хүний оролцоогүйгээр ус татаж, малаа усалж болно. Өдөрт 40 тонн ус татах худгийг 7-8 сая төгрөгөөр суурилуулах боломж байна. Тэгэхээр малчид 10 тонн ус татах чадалтай насосыг дундаа авч ашиглахад бүр бага зардал гаргана. Энэ талаар хөдөө орон нутгаар явахдаа малчидтай санал солилцоход таатай хүлээж авч байсан. Мөн малчид өөрсдөө аж ахуйгаа эрхэлж, сүү цагаан идээгээ боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд борлуулах сонирхолтой байна. Тиймээс энэ төрлийн жижиг дунд үйлдвэрлэлийг төрөөс бодитойгоор дэмжих хэрэгтэй нь харагдаж байлаа. Энэ нөхцөлийг бүрдүүлж өгвөл  тодорхой тооны хүмүүсийг ажлын байртай болгож чадна шүү дээ.

-Малчид, иргэд нарны эрчим хүчийг хувийн хэрэглээндээ хэр ашиглаж байна вэ. Ярилцлагын төгсгөлд энэ талаар тэдэнд өгөх зөвлөгөө бий юү?

-Малчид маань нарны системийг олон жил ашиглаж, туршлагатай болсон гэж боддог ч тэр бүр зөв хэрэглэж чадахгүй хэвээр л байна. Автомашин, мотоциклийн хуучин аккумляторыг гэртээ нарны системдээ холбосон байгаа нь цөөнгүй харагддаг. Энэ нь шингэн баттерэй бөгөөд зориулалтын хуурай баттерэйнаас ялгаатай. Шингэн баттерэйнаас хар тугалганы ууршилт явагдаж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Цаашлаад хорт хавдар үүсгэх аюултай. Мөн баттерэйг шууд дэлгэцтэй холбож,  ашиглалтын хугацааг богиносгож байна. Нарны системд дагалдаж ирдэг цэнэг зохицуулагчийг заавал хэрэглэх хэрэгтэй. Энэ нь баттерэйг хэт цэнэглэлтээс хамгаалж насжилтыг нь богиносгохоос сэргийлдэг. Нарны самбарыг гэрийнхээ дээвэр дээр тавьж уяагаар даруулдаг,  арчиж цэвэрлэдэггүй байдал их харагддаг. Уяагаар даруулах нь нарны самбарын цахилгаан үйлдвэрлэн дамжуулж байгаа замуудыг нь хааж байгаа хэрэг. Цэвэрлэхгүй бол аккумляторт цэнэг бүрэн очихгүй шүү дээ. Тиймээс зориулалтын баттерэй хэрэглэж, нарны самбараа сайтар арчиж цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн нарны системийн дутуу байгаа тоног төхөөрөмжүүдээ сэлбэж, өөр өөр газраас худалдан аваад ашиглаж чадаж байгаа хэдий ч чанартай бүтээгдэхүүн олж авах, зохистой хэрэглээний тал дээр анхаарах олон асуудал байна. Энэ тал дээр анхаарч тэдэнд зөвлөгөө өгдөг, чанартай бүтээгдэхүүнээр хангадаг тийм төрлийн үйлчилгээ үгүйлэгдэж байгаа нь харагдаж байна. Эдгээр асуудлуудыг шийдэх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй юм байна даа гэж дотроо бодож, зарим ажлуудыг төлөвлөж байна даа. 

-Ярилцсанд баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхний ажилд ч бас өндөр ажилт хүсье.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.