Ноолуур дарсан малчид, цөлжсөн бэлчээр, МАА-н шинэ менежмент


Ноолуур дарсан малчид, цөлжсөн бэлчээр, МАА-н шинэ менежмент
2020 оны 05 сарын 17. 09 цаг 58 минут

АН-ын ҮБХ-ны гишүүн, Хэнтий аймгийн Засаг дарга асан Жагдагийн Оюунбаатар сум орон нутгийн малчид иргэдийнхээ аж амьдралтай танилцаж, “Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар танилцуулж санал бодлы нь сонсч ажиллалаа. Мөн 2012-1016 онд Засаг даргаар ажиллахдаа сум орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг үзэж танилцаж явлаа.

ДАДАЛ СУМАНД:

Их эзэн богд Чингис хааны төрсөн тоонот- Дадал сумаас энэ удаагийн аяллын гараа эхэллээ. Дадал суман дахь Хилийн цэргийн 0287-р ангиар очиход хилчин дайчид маань, Оюунбаатар дарга манай ангийн байрны өргөтгөлийн хөрөнгийг шийдэж ажиллах нөхцөлийг сайжруулсан, хил хамгаалах ажилд зориулж туулах чадвар сайтай Ланд 80 автомашин олгож тусалсан, “Нэг баг- нэг агт” аян хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд өрнүүлж 88 агт морь бэлэглэсэн, түймрээс сэргийлэх хилийн зурвас байгуулах ажилд дэмжлэг үзүүлсэн гээд баяртай хүлээж авлаа. Тус ангийн байрны өргөтгөл барихад зориулж 2015 онд 53 сая төгрөгийн хөрөнгө шийдэж өгч хилчид өөрсдийн хүчээр барьж ашиглалтад оруулжээ. Туулах чадвар сайтай Ланд-80 автомашин олгосон нь хилчид хилийн дагуу олон мянган км замыг ажрахгүй туулж үүргээ гүйцэтгэхэд нь их тус дэм болсон байна. Мөн аймгийн 88 багаас бэлэглэсэн агт морьд хилчид бартаа саадтай газраар үүргээ гүйцэтгэхэд үнэлж баршгүй тус болсон аж. Хил залгаа нутагладаг хойд хөршийнхөн жил бүр түймэр алдан хил давуулдаг байдлаас сэргийлж хилийн дагуу түймрээс хамгаалах өргөн зурвас байгуулах ажлыг эхлүүлж байсан нь өдгөө 10-20 метр өргөнтэй, 170 гаруй км урт зурвас болон үргэлжилж байна. 

Ингээд тэрбээр хилчин дайчид болон манай хууль хүчний, цэргийн байгууллагынхны тахиж шүтдэг Баян-Овоо хайрханд байх Чингисийн хар сүлдний овоонд мөргөн хүндэтгэл үзүүллээ. Мөн Чингис хааны мэндэлж хүй цөглөсөн Дэлүүн болдог толгойд хүрч тэндээс Дадал суманд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дурдан мэндчилгээ дэвшүүлэв. Дадал суманд 2014 онд буриад түмний соёлын “Алтаргана” наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд сумын цэнгэлдэх хүрээлэнг шинээр барьж байгуулж, зам гүүр тавьж, гэрэл цахилгаан татсан, Чингис хааны гэрэлт хөшөөг засварласан гээд ажил бүтээл нь одоо ч нүдэнд илхэн байна.

Дадал сумын өндөр настан Ж.Бадрах, Т.Гүрханд, Д.Батжаргал, Н.Цэрэндолгор, С.Ганболд, Г.Чимэдцэрэн, П.Гансүх нарын ахмадуудтай уулзлаа. Дадал сум хэдийгээр 55 мянга гаруй цөөн малтай ч ноолуураа бэлтгээд үнэ ханш асууж сураглах хүмүүс цөөнгүй байна. Хүмүүсийн яриа аяндаа сонгууль руу шилжих аж. Их хуралд 4 удаа сонгогдсон их аваргыг бөхөд дархан аваргаараа байж болох ч улс төрд дархлагдана гэж байж болшгүй, 5 давна гэж юу байхав гэсэн яриа сонсогдоно.

Чингис хааны хүй дарсан Дэлүүн болдог, ундаалж өссөн Хажуу булаг, хожмоо оргилон ундарсан холбоо Гурван нуур гээд бүхий л түүхэн газар нутаг, ёс уламжлалыг түмэнд таниулан түгээдэг сайн дурын тайлбарлагч, судлаач, тус сумын Засаг дарга асан П.Гансүх Дадал нутагтаа аялагчдад зориулан танин мэдэхүйн чиглэлийн ажил хийдэг ажээ. Хүмүүс унших нь улам бүр багассаар байгааг бодолцон цөөн үгэнд багтаан судар хэлбэртэй ном бүтээж түүхэн аялал жуулчлал хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаагаа танилцууллаа.

Дадал нутгийн аяллын төгсгөлд аймаг орон нутгаа цуг удирдалцаж явсан, АН-ын журмын нөхөр Д.Болдбаатарынд зочлов. Болдбаатар дарга гэргий Д.Очирхуягийн хамт мал маллаад хэдэн жилийн нүүр үзэж тэмээнээс бусад мал малын захтай болж, Очирхуяг эмч Дадал сумын “Сайн малчин” алдар цолыг хүртжээ. Ийнхүү Дадал нутгийн зон олон урин хавартай золгож, Онон гол аварга мөсөн хучлагаа эрэг рүүгээ хуу татан цалгих долгиогоо таслахгүй урссаар, буриад зоны амьдрал өөдлөн дэгжсээр ажгуу... 

НОРОВЛИН СУМАНД:

Тус сумын АН-ын дэд дарга Бат-Ирээдүй, сумын Залуучуудын холбооны дарга Д.Угтахбаяр, Ангирт багийн ИНХ-ын дарга Г.Угтахбаяр нарын залуус хоёр сумын заагт тосч уулзлаа.

Тус сумын өндөр настан Д.Батхүү, Б.Саранцэцэг нарынд зочиллоо. Д.Батхүү гуай тракторын жолооч, дизель засварчин зэрэг ажлыг хийж байгаад зах зээлийн үед 20 гаруй жил мал маллаад саяхан сумын төвд нүүж иржээ. Б.Саранцэцэг гуай нэгдэлд насаараа ажилласан, эднийх 9 хүүхэдтэйн 4 нь сумын төвд, бусад хүүхдүүд нь хөдөө мал малладаг байна. 2 хүү нь мөн хөдөө гарахаар бэлтгэж байгаа аж. Батхүү гуай 1938 онд хэлмэгдэж баригдаад 10 жилийн хорих ялаар шийтгүүлж сүүлд цагаатгагдсан өөрийн аав Санжийн Дашнямын талаар өгүүлж, төрөөс олгох нөхөн олговрыг хөөцөлдөхөөр аймгийн төв явах гэж байлаа. Түүний аав дархан мужааны ур дүйтэй хүн байсан учир ял эдлэх хугацаандаа нийслэлд Засгийн газрын ордон, Элдэв-Очирын нэрэмжит кино театрын барилгыг барилцаж мужаан дарх хийдэг ур чадварынхаа хүчинд амь хэлтэрчээ.

Норовлин сумын Ардчиллын анхдагч гишүүдийн нэг Н.Сүхбаатар, С.Санжидмаа нартай уулзлаа. Хөдөөгүүр ноолуураа шуудайлаад Улаан, Хүрэлсүх нарыг хүлээсээр л байна хэмээн өгүүлэв.

            Норовлин сум байгалийн баялаг арвин газар нутагтай. Энд алтны 4 уурхай ажиллаж, Могойтын уурхайд жоншны нөхөрлөлүүд байгуулагджээ. Гэхдээ нөхөрлөл нэрийн дор уурхайн ам авсан нутгийн иргэд казак, хятадуудад худалдаад 30 хувийн ашиг хүртэх амар замыг сонгосон гэх. Энэ уурхайн 10 амны ихэнхийг сумын удирдлагууд, байгаль хамгаалагч нар ах дүүгийнхээ нэр дээр авсан, сумын Засаг даргаар ажиллаж байсан Түвшиндэмбэрэл өөрт ногдсон 3 амаа хятадуудад худалдсан тухай ярьцгааж байна. 

Онон багийн малчин Баатарын Энх-Амгалантай уулзлаа. Тэмээнээс бусад 4 төрлийн малтай эднийх ноолуур хэзээ авч эхлэх талаар ажиг тавьж, сонгуулийн өмнө эрхбиш шийдэх байх гэж хүлээж сууна. Уг нь жил бүрийн 4 сарын 1 гэхэд ноолуур бэлтгэл, арилжаа худалдаагаа хийгээд банкны өр зээл, татвар төлөөсөө төлөөд дуусчихсан байх үе юм. Б.Энх-Амгалан гэрээгээр 2700 га газар эзэмшиж хамгаалдаг “Баян” нөхөрлөлийн ахлагч. Тэрбээр аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатараас малчдын талаар ямар бодолтой явааг нь сонирхож асуулаа. Ж.Оюунбаатар дарга хөрш Говьсүмбэр аймагт хэрэгжиж байгаа “Чинээлэг малчин” төслийн талаар танилцуулав. Энэ төсөл нь малын ашиг шимийг сайжруулж чанарыг эрхэмлэх зорилготой юм. Мал өсч 80 саяд хүрсэн нь нэг талаар сайн ч бэлчээрийн даац хэтэрсэн сөрөг талтай. Иймээс малыг зохистой хэмжээнд тоо толгойг нь барьж, эдийн засгийн эргэлтэнд оруулах нь малчдад орлогоо нэмэгдүүлэхэд тустай. Энэ төслийг тал хээрийн бүсэд голлон аймагтаа хэрэгжүүлэх бодолтой байгаагаа хэллээ. Учир нь бог мал түлхүү өсгөж байгаа газарт төллөх хонь, эр сувай хонины зохистой харьцааг барьж ажиллах юм. Тухайлбал, Энх-Амгалангийнх шиг 1000 хоньтой, үүний 500 нь төллөх хонь, бусад нь эр сувай бол хавар гарсан 500 хургаа нэмэлт тэжээлээр тэжээгээд 7-р сар гэхэд 35-40 кг жин дарсан хургыг эдийн засгийн эргэлтэнд оруулж борлуулдаг байна. Уламжлалт аргаар төлөг болгоно гэвэл 2 жилийн турш маллах бэлчээр, цаг хугацаа, хөдөлмөр гэх мэтээр асар их зардал гаргана. Цааш нь төлгөө томруулна гэвэл 4-5 жил болж бүр ч их зардал гарна. Тэгвэл энэ бүхнийг хэмнэж малчид хэдхэн сар хургыг тэжээгээд махны жинг нь 20-25 кг-д хүргэхэд богино хугацаанд орлогоо нэмэгдүүлж чинээлэг малчин болох боломж бүрдэх ажээ. Нэг ёсондоо жилдээ ноолуураар гол орлогоо олдог малчид хурганы махаар ноолуурын хэмжээний орлого олж болох нь. Малчдын түншүүд нэмэгдэж, тэжээлийн үйлдвэр болон мах борлуулах компаниудтай хамтарна. Тухайлбал, Арабын орнуудад зөвхөн хурганы мах хэрэглэдэг учраас тийшээ мах нийлүүлдэг “Мах маркет” зэрэг компани зах зээлийн ханшаас ахиу үнээр хурганы мах авч Араб руу нийлүүлдэг байна. Уг төслийг хэрэгжүүлж байгаа Говьсүмбэр аймгийн нэг айл гэхэд жилдээ зөвхөн хурганы мах нийлүүлээд 80 сая төгрөгийн цэвэр ашиг олсон хэмээн Ж.Оюунбаатар дарга тайлбарлаад хэрвээ малчид сонирхвол энэ талаар сургалт зохион байгуулж, аймагтаа салбар нээж гишүүнчлэлтэй болох боломж бий гэлээ.

Мөн малчдад арьс шир малын түүхий эд боловсруулах үйлдвэр нэн шаардлагатай байна. МАН сонгуулиар “21х100” хөтөлбөр дэвшүүлж 100 үйлдвэр байгуулна гэсэн нь огт биелсэнгүй. Сүүлийн 4 жилд малын түүхий эд боловсруулах нь байтугай худалдаж авдаг сүлжээ ч байхгүй болж хонины нэхий хаядаг байсан бол одоо үхрийн шир ч үнэгүй болж хаягдаж байна. Малын гэдэс дотор махыг бүр ч авахгүй хая гэх боллоо хэмээн Энх-Амгалан өгүүлэв. Энх-Амгалангийнх 1995 оноос мал аж ахуйд гарч ажиллаад 13 жилийн дараа буюу 2008 онд аймгийн сайн малчин болж зорьсондоо хүрчээ.

Ж.Оюунбаатар Засаг даргын үед “Архигүй Хэнтий” хөтөлбөр нэлээд сайн хэрэгжсэний бодит үр дүнг Норовлин сумандаа харуулж ажиллаж байгаа Л.Баатарсүхийн “Цогт-Өндөр” төмөр хийцийн цехээр орлоо. Эднийх сум хөгжүүлэх сангаас 2 удаа төсөлд шалгаран дэмжлэг авч малчдад зориулсан мал усалгааны онгоц, зуух, түрдэг тэрэг зэрэг төмөр бүтээгдэхүүн хийж зах зээлд борлуулж байна. Л.Баатарсүх, Х.Гэрэлбаатар, Д.Түвшинбаяр нарыг Ж.Оюунбаатар дарга дэмжиж цахилгаан гагнуурын сургалтанд төлбөрий нь аймгаас гаргаж сургасан нь ийн ажил амьдралд нь том дэмжлэг болсон байна.

Норовлин сумын бизнесмен, “Хаан тариа” ХХК-ий захирал Х.Болдсайхан зочид гийчдэд үйлчлэх дэлгүүр зоогийн газар бүхий зочид буудал барьж байгуулжээ. Эднийх малчдад хэрэгцээт өвс тэжээл арвин бэлтгэдэг туршлагатай. Ийнхүү орон нутгийн бизнесменүүд нутаг орныхоо өнгө төрхийг тодорхойлж хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаа нь бахдалтай. 

БАТНОРОВ СУМ:

3-р багийн “Аймгийн сайн малчин” Г.Бадамсүрэн, Г.Даваасайхан нарын гэр бүлд зочлов. “Чинээлэг малчин” төслийн 1 жилийн төлөөрөө 100 саяын ашиг хийдэг туршлагыг хэрэгжүүлэхэд болохгүй юмгүй. Хургыг гаргахгүй ногоон өвс өгөөд байхад дорхноо мах сууна. 300 хонь төллүүлээд цаана нь эр сувай 700 хонь эргэлтэнд орохгүй байвал ашиггүй. Манай суманд энэ талаар хэд хэдэн хүн ярьж байна. Оюунбаатар даргын үед сум орон нутаг маань сайхан хөгжсөн. Оюунбаатар даргын оронд гаргасан нөхөр одоо энэ корона шиг хамаг юманд саад болсон. Аймгийнхан буруу сонголт хийлээ гэж хүмүүс их л ярьдаг. Малчдад хэд хэдэн хүлээлт байна. 1-рт Ноолуур авахыг хүлээсээр байна. 2-рт улс, аймаг, сумын аварга малчны шагналаа хүлээж өвөлжөөндөө нэлээд суугаад аргагүйдэн одоо нүүж байна гэсэн яриа өрнүүлж байна. Эднийд хот сууринаас эгч дүү нар, хүүхдүүд нь гээд олон “төлчид” ирж тусалж байлаа.

4-р багийн малчин Б.Алтанхуяг, Г.Лхагважав нарын залуу малчин гэр бүл 200 гаруй хонь, 100 гаруй ямаа төллүүлээд дуусч байна. Ноолуураа борлуулж чадаагүй болохоор малчин бид хүнсээ зээлээр аваад дэлгүүрүүдийн дэвтэрт бичүүлсээр манайх гэхэд 200 мянган төгрөгийн хүнс авчихаад байгаа гэлээ.

Сумын Засаг дарга Г.Тайванжаргал сумын төвийн шинэчлэл төслийн 4 тэрбум төгрөгөнд багтааж сумын ЗДТГ-ын барилгаа бариулчих гээд зураг төслий нь хөөцөлдөөд завгүй явна. Батноров сум тамгын газрын байргүй бараг цорын ганц сум байх. Харин бусад сумдын төвөөс илүү цэвэр цэмцгэр, 12 айлын гурван давхар орон сууцтай гээд онцлог зүйл нэлээд бий.

БЭРХ ТОСГОН:

Цагтаа цалгиж цалингаа буухаар наргиж явсан гэдэг шиг манай томоохон суурин- уурхайчдын Бэрх тосгоныхон болон Батноров, Норовлин сумынхан нутгаа дамнасан жоншны судал даган амьдралаа залгуулах болжээ. Хэрвээ үүнийг хаавал олон айлын амьдрал адилхан хаагдана гэдгийг нутгийнхан өгүүлнэ.

Бэрх тосгоны мянгат малчин Г.Баттөр /гэргий Тунгалагтуяа/-ийнд буулаа. Уурхайн нутаг дэвсгэр хавчигдмал болохоор Батноров сумынхаа 1-р багийн нутаг дэвсгэрт нутагладаг. Хадлан авъя гэхэд хадах газар олддоггүй, Идэрмэг, Тахилгат тосгон хадуулахгүй болохоор Норовлин сум явж тэндээс хоёр гурван зуун боодол өвс худалдаж авдаг аж. Уг нь МАН сонгуулиар Бэрхийг тусдаа статустай болгож өгнө гэж амласан ч ажил хэрэг болгож чадсангүй, орон нутагт төрж барьж байгаа хүмүүс намчирхаж цас зудны үед малчдад тусламжаар хуваарилсан 3 боодол өвсийг ч өгчихгүй малгүй хүнд өгчихөж байгаа юм хэмээн хүүрнэв.

Малчин Б.Маньбадар: -Бороо хур цагтаа орохгүй, өвс ногооны ургалт муудсан өнөө цагт малчин бид малдаа тэжээл бэлтгэхийн тулд царгас зэрэг олон наст тарьж бэлчээр нутгаа хамгаалахгүй бол болохгүй нь. Мөн аймгийн сумдыг бүсчлэн нэгдсэн бойны газартай болмоор байна. Тэгвэл малчид хэдэн мал ачаад заавал аймаг орно гэхгүй. Бэрхэд нэг цахилгаан бойны газар байгуулчих хэрэгтэй байна. Манай Бэрхэд сургуулийн дотуур байранд 8 хүүхэд амьдардаг. Гэтэл 150 хүүхдийн багтаамжтай дотуур байр, сургуулийн барилга барьж байгаа. Тэгтэл зэргэлдээх Батноров сумын сургуулийн дотуур байранд хүүхдүүд нь багталцахгүй байдаг гэсэн бол Бэрхийн Донирын уурхайд төрж өссөн, өдгөө мал маллан амьдарч байгаа Бартаан, түүний гэргий Панзира нар уурхайд жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч мал маллан өдгөө 1000 хонь, 300 адуу, 150-иад үхэртэй болсон тухайгаа өнгөрсөн жил Казакстан улсад амьдарч байгаа ах дүү найз нөхдийндөө зочилж хөөрөхөд ихэнх нь итгэхгүй байсан гэнэ. Манай Бэрхэд жоншоор амьдардаг айл өрх их. Малын арьс шир боловсруулах, гадаадад үнэд хүрдэг дайвар бүтээгдэхүүний үйлдвэр үнэхээр хэрэгтэй. Дадал, Норовлин, Баян-Овоо, Батноров сум, Бэрхийг хамарсан төвлөрсөн ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахгүй бол аймгийн бойнд мал махаа өгөх гэж маш их цаг алддаг, бөөн дараалал үүсч чирэгддэг хэмээн тэд өгүүлж байна.

БАЯН-ОВОО СУМ:

Баян-Овоогийн малчид, -Манай нутаг бол адууны жаргалын орон. Тиймээс гадна дотны адуу ихэсч, хажуугаар нь оготны хөнөөл бэлчээрт муугаар нөлөөлж байна гэцгээнэ. Улсын сайн малчин Х.Намсрайжав, гэргий Цэгмидсүрэн нар 3000 гаруй малтай, хүүхдүүдтэйгээ хамтарч малаа маллан амьдарч байна. Хөдөөд залуус мал маллан амьжиргаагаа авч яваа үлгэрийг Наран багийн малчин Д.Чинтөгс, З.Хэрлэнпүрэв нарын залуу малчин гэр бүл харуулж байна. Нэг хэсэг залуус төв сууринд оторлож хөдөө нутаг эзгүйдлээ гэж байсан нь өөрчлөгджээ. Аймгийн алдарт уяач Б.Ганбат морьдоо тэжээгээд наадам болохыг хүлээн, малаа төллүүлж, ноолуураа самнаад дууссан, худалдаж авахыг нь хүлээгээд сууж байна хэмээн хаа сайгүй л ноолуураа хадгалсан малчид байх.

Баян-Овоо сумын АН-ын дарга О.Мэгзэр, менежер Л.Нямсүрэн, аймгийн АН-ын хорооны гишүүн Ч.Амартүвшин нарын АН-ын ахмад залуу дарга нар гар нийлэн ажилладаг ажээ.

Баян-Овоо суманд сургуулийн дотуур байр, 8 айлын хаус хороолол шинээр баригдаж, одоо 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж байна. Төсвийн бусад байгууллагуудынхаа барилгыг засварлажээ. Цаашдаа 12 айлын орон сууц барина гээд хийж бүтээх ажил нь тодорхой, сумын төв өнгө зүстэй, бүсээсээ улсын шилдэг сумаар шалгарсан байна.

Сумаас урд биеэр 1-р багийн малчин Барсын нутаглаж буй газарт оготно ихэсч цөлжиж бэлчээргүйдсэн учраас бороожуулагч нэн хэрэгтэй байна. Өнөөдөр хур дагуулж ирсэн андууддаа баярлалаа. Хэрлэнгийн энэ их усаа урсгаад алдаж байхын оронд бэлчээрээ усжуулж сэргээхэд ашиглах нь чухал байна гэж малчин Барс өгүүлж сууна. Малчид тэнгэрийн ая харж суухаасаа өөр арга чарга хайх болжээ.

БАЯНХУТАГ СУМ:

Улсын сайн малчин Балжирын Гантуяагийнд буухад Баянхутаг суманд өнгөрсөн өвөл хавар үхэр их ядарч хорогджээ. Үүнээс үүдэн аваргын гэргий өгүүлэхдээ, үхрийг эрлийзжүүлэх дэмий юм байна. Сайхан том гунжнууд байгалийн жаахан бэрхшээлд үхээд өгч байхад монгол бяруу шүдлэнгүүд зүгээр л даваад гарч байна. Энэ өвөл хавар үхэр мал их ядарч, төлөг борлон их үхлээ. Одоо л зам дагуу жаахан ногоон туяа татаж байна хэмээн өгүүлэв. Тэднийх ихэнх малаа хүмүүст гэрээгээр өгч төллүүлж байна. Гэрээний дагуу 60%-ийн төлийг нь өгдөг. Сумын нутагт өвс муутай болохоор гадны оторчид цөөрсөн гэнэ. Түүнчлэн Баянхутагийн малчид, Хэрлэн гол орчмын гүнээс цооногоор говь руу ус татах ажлаар олон хятад ирж өрөмдлөг хийсэн тухай ярьж байна. Малчдын ярих нь Алтанширээд барьж байгаа нефтийн компани руу цооногоор ус татах юм гэцгээж байна.

Малчид өвөлжөө хаваржааны бэлчээрээ хамгаалаад өөр тийш нүүхэд оронд нь өөр айл ирээд буучихдаг. Өвөлжөө хаваржаа эзэмшүүлнэ гээд ганцхан га газар зааж өгдөг. Бэлчээр үүнд хамаардаггүй. Уг нь манайд уул уурхайн хэрүүл байхгүй ч хадлан хадах газаргүй болж, өвөлжөө хаваржаа сэлгэх ойлголт байхгүй боллоо гэцгээв.

“Чинээлэг малчин” хөтөлбөрөөр бол эр сувай малыг хэрэггүй гэж үзээд байх шиг. Уламжлалт бэлчээрийн аргаар малласан 100 хонь бэлтгэлд өгөхөд үнэ гайгүй бол 10 сая төгрөгийн орлого олдог. Харин энэ хөтөлбөрийн дагуу хурга тэжээгээд богино хугацаанд орлогоо нэмнэ гэдэг байж болох л зүйл гэлээ.

Тус сумын Цантын хоолой гэж аймагтаа ховорхон тохижилттой багийн төв байна. Багийн төвийн тохилог хашааны голд Сэцэн хан Навааннэрэнгийн хөшөөг босгож, багаас төрсөн алдартнуудын магнайд Сэцэн ханыхаа хөргийг залжээ. Тус багийн Засаг дарга Г.Ганболд багийн төвийн 2 байраа тун аятайхан тохижуулж, мэдээллийн олон самбар үзүүлэнтэй, зундаа ахмад настан хүүхдүүдэд зориулж гүүний саамны сувилал ажиллуулдаг чамгүй санаачилгатай дарга юм.

Цантын хоолой багийн малчин Д.Гэндэнрагчаагийнх 2016 онд хөдөө гарч мал маллаж байгаа залуу гэр бүл. Зэргэлдээ хаваржиж буй Р.Насанбатынх гээд хөдөө залуу малчид олширчээ. Тэднийхтэй айл саахалт Улсын сайн малчин Л.Мөнхдагвынх хаваржиж байна. Малчид тохилог сайхан амьдардаг болжээ. “Мөнх нарны гэрэл” компани суман дээр ирчихсэн нарны зай хураагуур, хөргөгч хөлдөөгч, телевизор гээд малчдад хэрэгтэй бүхнийг худалдахаар аваад ирж. Гагцхүү малчид маань ноолуур авахыг хүлээгээд мөнгөгүй байгаа бололтой, тэр бүхнийг авч байгаа нь ховор байна. Цантын хоолой багийн, “Сумын сайн малчин” Ж.Алтантүлхүүрийнх Цайдмын нуурын хаваржаандаа бүр ч тохилог аж төрөх юм. Халаалттай байшинд хамаг цахилгаан барааг эдэлж хэрэглэн амьдарч байна. Гаднаа ачааны болон жийп машин, мотоцикльгүй айл гэж алга. Малчдыг малаа мориор биш мотоциклиэр хариулж байна гэж хэдхэн жилийн өмнө гайхдаг байсан бол гэрийн эзэгтэй жийпээ унаад малаа тойроод ирж байна.

ГАЛШАР СУМ:

Улсын сайн малчин Т.Төрмөнхийнд сумын ИТХ-ын дарга П.Энхбаатар, залуучуудын дарга нартай уулзлаа. Төрмөнхийнх аймгийн төвийн 16 давхар орон сууцанд амьдардаг, малчин айлын эзэгтэй гэрээ халаахын тулд орчин үеийн зууханд галлахын зэрэгцээ хоол ундаа хийн зуухан дээр гялалзуулчих юм. Энэ нь олон айлд ажиглагдлаа. Төв суурингийнхнаас дутах юм алга болжээ. Галшарынхны шооч зан коронагийн энэ үед ч хэвээрээ. Нэгдүгээр ангийн галшар хүү ээж ааваасаа асууж байна гэнэ. – Та нар намайг сургууль гэдэг юманд хүргэж өгдөг байл уу яалаа. Тэр чинь одоо тэгээд яасан бэ? гэсэн гээд хөгжилдөж сууна. Хөдөө айл бүхэнд корона-гаас зугтсан том жижиг “туслах төлчид” ирээд халуун бүлээрээ цуглаад гэр бүл тогтвортой, хүн бүл сайтай их л таатай байцгаана. Галшарын засаг даргаар ажиллаж байсан Барчидгүнсэл гуай, одооны төрийн данхайсныг хачирхаж байна. Техник технологи хөгжөөд байхад л урьд тамгын дарга хүн хийж болоод байсан иргэний бүртгэлийн ажлыг тусдаа нэг хүн, нийгмийн даатгал, нийгмийн халамж хариуцсан нэг нэг хүн, нэг суманд 5 нягтлан гэх мэтээр төрийн алба цомхон биш улам таргалсан гэнэ. Төр засгийн мянгат, хоёр мянгат малчин шалгаруулах уралдаан одоо бүр 4000-5000 малтай болох өрсөлдөөн болж гаарсан нь бэлчээрт сөргөөр нөлөөлж байна. Иймээс бэлчээртээ тааруулж 400-500 мал маллаад ашиг шимий нь сайжруулах талд анхаарах зэргээр орчин цагтаа таарсан амьдрах арга шаардлага тулгарч байна. Энэ их мал бэлчээргүй, нүүдэллэх газаргүй болбол яах юм. Үндсэндээ 400 болон 2000 малтай хүний ашиг орлогын хэмжээ адил. Харин бэлчээр, ус нь 5 дахин илүү ялгаатай шаардагдана. Хар ухаанаар бодоход малаа цөөлөхөөр бэлчээр сэргэнэ. Одоо богийн амьдын жин 5 кг-аар, бодынх 10-15 кг-аар багассан. Мал махан тарга авахаа больж өөхлөөд байдаг болж. Үүнээс болоод гадагшаа борлуулахад бас бэрхшээлтэй. Тэгээд ч өвөл мал их хорогддог болсон гэлээ.

Галшарын Малхын тал гэж халиурсан их өвстэй нутагт адуу сүрэг сүргээр шавж хэдэн жил талхалсны хойно одоо нүцгэн тал шороогоор пургиад үлджээ. Увсаас маш их айл ирж нутаглаж байснаа одоо хойшоо Баян-Адарга чигт нүүцгээсэн байна. Галшар сумын төвд сумын тамгын газрын барилга шинээр баригдаж байна. Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн дотуур байр гээд нэлээд шинэ барилгууд нэмэгдэж, сургууль, эмнэлгийн барилга засагдаж сумын төв өнгө засчээ. Үүнд сум удирдаж явсан Жигжид даргын хүү, Сангийн Яамны Ганбатын зүтгэл, Л.Оюун-Эрдэнэ гишүүний дэмжлэг  чухал байсан. Одоо АН-аас Галшар гаралтай 2 хүн их хуралд нэр дэвшиж байгаад таатай хандацгааж байна.

Галшар улаан ямааны цөм сүрэгтэй залуу малчин Ч.Мөнхтөрийнх ажилсаг чамбай нь хотноосоо мэдэгдэнэ. Түүнд “Аймгийн сайн малчин” цолы нь өгөхийн өмнө Ардын намд элс гэж шахсан гэсэн. 1500 бог, 700 гаруй бодтойн 400 нь адуун сүрэг. Тэр хэрээрээ Галшар адуугаа уяж хурдлуулж яваа аж.

Оч багийн “Сумын сайн малчин” Б.Энх-Амгалангийнх малаа 5 төрөл дээр өсгөн маллаж байна. Эхний туслах малчин нь 300 малтай болоод тусдаа гарч, одоо аймгаас нэг туслах малчин ажиллуулж байна. Энэ залуу малчин гэр бүлийнхэн “Чинээлэг малчин” хөтөлбөрийн сургалтанд хамрагдаж МАА-даа шинэлэг арга барилаар ажиллах хүсэлтэй байна. Ийнхүү эрчимжүүлсэн МАА-г хөгжүүлэх нь чухлыг хэн хүнгүй бодох болжээ.

БАЯНМӨНХ СУМ:

Суманд “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хүмүүс сонирхож, 3-4 хүн хурганы тэжээл авчирч тэжээж туршиж байна. Манай суманд нутаг бэлчээр багатай, Галшар, Дархан гээд хил залгаа сумд түрээд бэлчээр багатай болсон. Иймээс хилийн цэсийн асуудлыг Их Хурлын хэмжээнд ярих цаг болсон хэмээн малчин Ч.Мөнхтулга, Ж.Төмөрбат нар өгүүллээ. - Ноолуурын зах зээлд төр хөндлөнгөөс орсон нь их буруу боллоо гэв. 2012-2016 онд Баянмөнх суманд Хэрлэн голын гүүр, сургуулийн дотуур байр, соёлын төв шинээр баригдсан. Өндөр настан О.Цэрэндулам гуай 7 хүүхэдтэйн 3 нь сумандаа ажиллаж, 1 охин нь мал маллан 15 айлыг малжуулсан, одоо 5000-6000 хоньтой болсон байна. Малчдын орчин үеийн сууц урладаг Т.Энхдагва захиалгаар хэд хэдэн сууц хийж борлуулжээ. Сумын АН-ын дарга О.Мөнхбаяр, намын хорооны нарийн бичгийн дарга Д.Лхагвасүрэн нарын эрч хүчтэй залуус ажиллаж байна.

Харин Баянмөнх суманд мэргэжилтэй боловсон хүчин дутмаг. Тухайлбал, сумын ЗДТГ 20 гаран орон тоотой ажиллахаас 10 гаруй хүн ажилладаг. Гэтэл нутаг орноо зориод ирсэн сэтгэл судлаач, багш мэргэжилтэй залуу орон нутагтаа ирээд 2 ч ажлын байранд орох гэтэл намчирхаад авдаггүй тухай сонслоо.

Ж.Оюунбаатар дарга тус сумын оюутан залуусын төлөөлөлтэй уулзахдаа, -Залуус нийгмийн идэвхтэй, архинаас хол, зорилготой явах хэрэгтэй. Ажлыг аргалах цаг нөхцөөхийн тулд хийвэл бүтээл гарахгүй. Мөрөөдөж зүтгэхэд заавал хүрдэг хэмээн захьсан.

Аймгийн сайн малчин Бадгарын Бат-Эрдэнийнд буулаа. Эднийх анх 150 мал маллаж эхэлсэн бол 2007 онд мянгат болж түүнээс хойш олон хүнийг малжуулж 5-6 мянгат малчид төрүүлжээ. Өвөл хөлдөхгүй, өвс ногоо нь ногооноороо өвөлждөг Баянбулагаа сэргээсэн байна. Хэрлэн голын загас үржүүлгийн цөөрөм, сумын хогийн цэгийн дэргэд малын ванн байгуулж хогийн цэгийн ариутгалыг хийх гэх мэтээр санаж сэдсэн зүйл багагүй байгаагаа Д.Бат-Эрдэнэ өгүүлэв.

ДАРХАН СУМ:

Сумын сайн малчин Х.Бат-Эрдэнэтэй уулзахад, ноолуурын зах зээл хаагдсанаас үүдэн их хэмжээний ноолуураа алдсан малчдын талаар сонсов. Түүнчлэн ноолуурыг удаан хадгалахаар чийгшил нь алдагдаж тэр хэмжээгээр жин буурч малчид хохирч байна. 2017 оны арьс ширний урамшуулал одоо болтол ороогүй. Малын түүхий эд үнэгүйдэж хаягдаж байна. Иймээс түүхий эд боловсруулах үйлдвэр зайлшгүй хэрэгтэй байна. Ийм үйлдвэрүүд ажиллавал улс орны эдийн засагт их нэмэр болно гэсэн яриа гэрт өрнөв. Хаа газрын малчдын санал хүсэлт адилхан юм.  

Тэднийх малаа 1000 болгохын төлөө шамддаггүй. Ихэвчлэн шүдлэн насанд хүргэдэггүй байна. Хурганы тэжээл гүзээний үсийг нь ургуулдаг гэнэ. Энэ нь махан тарга авахад гойд тустай аж. Бэлчээр ус хүрэлцэхгүй болж байгаа энэ үед “Чинээлэг малчин” хөтөлбөр малыг чанаржуулах зорилго давхар тавьж байгаа нь зөв. Х.Бат-Эрдэнийх 5-6 малчныг малжуулж эхнээсээ 500-600 малтай болжээ. Тэдний ажилсаг чамбай байдал малын хотондоо өөрсдөө бат бөх чулуун хороо барьснаас харагдана.

Дархан сумын МоАХ-ны анхдагч гишүүн Болд автомашин засварын үйлчилгээ эрхэлж байна. Эднийд сумын гол ундны эх үүсвэр болдог Цээлийн булгийн ус багасч байгаа талаарх яриа өрнөв. Эндээс Бор-Өндөрийг усаар хангадаг. Цагдаагийн кабон, ахмадын байрны засвар гэх мэт ажилд тендер зарлаагүй. Цагдаа ажлаа хийдэггүй. Хулгайч гэрч нь тодорхой байхад л зүгээр өнгөрөөх юм гэсэн шүүмж ч хэлж байна.

Энэ үеэр “Мэргэн хошуу” компаний малын эмч Д.Оюунцэцэгт ардчиллын 30 жилийн ойн медаль гардууллаа. Дархан сумын 1-р багийн, ардчиллын анхдагч Л.Цэрмаа гуай 10 хүүхэдтэй, Увс аймгийн Завхан сумаас ирээд 20 жил болж байна. Хэдэн ямаагаа эрт нүцгэлээд дааруулаад одоо ноолуураа өгсөн ч юмгүй мөнгө төгрөггүй боллоо. Малчдаар тоглоод муухай л юм хийж байна гэсэн яриатай сууна. Манай үүгээр ганц жи-мобайлын сүлжээтэй, бусад сүлжээ байхгүй, тойрсон сумд бүгд юнител, мобитой байхад манайд байхгүй. Мотоциклийн гар шүргэсэн өвстэй байсан газар одоо өвсгүй шахам цөл болоод байна. Цээлийн худаг өнгөрсөн оны 12 сараас хойш одоо болтол усгүй, гүний ус багасч байна. Мөн цөлжиж эхэлсэн нь салхин сэнс, онгоцны нислэг зэргээс болж байна уу. Салхины урсгал ширүүсч цөлжилт үүсгэж байна. Малын хулгайгаас сэргийлж малаа jps-тэй болгох талаар ч малчид ярьцгааж байна.

Дотуур булаг багийн малчин Нямбуугийн Төвжаргалынх манай аймгийн хамгийн олон тэмээтэй, “Алтан ботгоны эзэн” юм. Тэд 14 жилийн өмнө алс Увс нутгаасаа 30-аад тэмээ, 500 хонь, 10-аад адуутай ирж байсан бол өдгөө мал сүргээ мянга давуулан өсгөж Улсын сайн малчны бариан дээр ирж, 300 гаруй тэмээ, 1000 гаруй бог гээд таван хошуу мал өсгөн үржүүлж байна.

1-р багийн “Улсын сайн малчин” Н.Донойдоо гуайн хот хангайн малчных шиг хашаа хороо сайтай юм. Тал нутгийн дунд бөмбийх Эрдэнэ толгойн өвөрт, алдарт Дархан хан хайрханыхаа ар хормойд аваргынх нутаглаж байна. Баруун талаар нь сунайх Бор ухаагийн талд билэгт найрагч Ренчиний Чойномын гэр өвөлжөөний буурин дээр дурсгалын хөшөө самбар нь торойно. Аваргын мал хуйд хүүхдүүд дүү нар нь ирээд туслалцаж байлаа.

Дархан сум бол усан уултай нутаг. Гүнээс оргилох усан уулын Цээлийн булгаас Хонхорын хөлгүй нуур үүссэн байсан. Байсан гэхийн учир нь одоо энэ хөлгүй нуур ширгэхийн даваан дээр байна. Дээр үед “Хонхорын нуур ширгэвээс хошуу нутаг хоосорно” гэж хөгшчүүл ярьдаг байж. Одоо тэр цаг нь ирээ юу гэлтэй. Дарханыхан хэлэхдээ, “Цээлийн ус ширгэж цэгээн чулуу нь байхгүй болж байна. Энд бүр тариан талбайтай байсан нутаг шүү дээ” хэмээн шогшрох. Юутай ч аварга том уурхайн хот- Бор-Өндөрийн хэрэгцээт бүх усыг Дарханы усан уулаас сорон татаж байгаа болохоор энд Дарханыхан хүн малгүй ундаасахдаа тулжээ. Уурхай ч усны үүсвэрээ шинээр хайх цаг тулсан бололтой.  

УУРХАЙЧДЫН ХОТ- БОР-ӨНДӨР

Бор-Өндөрийн их уурхайг тойрсон 4-5 бичил уурхайнууд ажиллахын зэрэгцээ жонш баяжуулах жижиг үйлдвэрийг аймгийн Засаг даргын орлогч асан Г.Ганхуяг гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулан ажиллаж байна. MSFF гэх уг компанийг Канадын хөрөнгө оруулалтаар, жоншны хүдэр баяжуулах чиглэлээр 2017 онд байгуулжээ. Энд гэрээт уурхайнуудаас ирсэн хүдрийг ангилан хүлээн авч, бутлах, тунаан баяжуулах, хатаах дамжлагад хоногт 120 тонн хүдэр ангилан ялгаж, тунаах цех нь 3 ээлжээр 92%-ийн агуулгатай 20 тонн жоншны баяжмал гаргаж, хатаах цехэд бүрэн хатаадаг байна. Ингээд захиалагчийн тавьсан шаардлагын дагуу өндөр агуулгатай жоншны баяжмалыг стандарт савлагаагаар савлан экспортод гаргана.

Тус үйлдвэрт Бор-Өндөрийн 120 гаруй хүн ажиллахаас гадна манай Норовлин, Батноров, Бэрхийн жоншны бичил уурхайнхан болон компаниуд жоншны хүдэр авчирч тушаадаг. Ер нь Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгийг хамарсан 400-500 км өргөнтэй, өндөр агуулгатай жоншны судал дагасан амьдралын зам жим Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрүүд, бүр хилийн чинадад ч үргэлжлэн хүрэх ажээ. Бор-Өндөрийн дээрх бичил баяжуулах үйлдвэр гэхэд сард 25-30 сая төгрөгийн татвар шимтгэлийг орон нутагт төлж, ажилчид чамгүй цалин орлоготой, жоншны уурхайнхан ч энд хүдрээ борлуулж тодорхой хэмжээний ашиг орлого олж байна. Мөн эл жижиг үйлдвэр нь хүдэр баяжуулахдаа усыг хамгийн бага хэмжээнд хэрэглэж эко технологиор ажиллаж байна. Үйлдвэрээс бага агуулгатай хүдрээс өндөр агуулгатай жоншны баяжмал гаргахын зэрэгцээ барилгын ажилд хэрэглэх хайрга дайрга ч гардаг.  

Бор-Өндөр сумын 6-р багийн малчин, аймгийн алдарт уяач А.Чинбатынд ч бэлчээр нутгийн яриа өрнөв. Дархан сумынхан Бор-Өндөр, Баянмөнхийнхөн нутаг хавчдаг гэж ярьсан бол Бор-Өндөрийн малчид аанай л бэлчээр нутаггүй гэж байна. Ийнхүү газар нутгийн асуудал шийдэгдээгүйн дээр жижиг уурхайнууд нөхөн сэргээлт хийхгүй ухсан нүхэнд мал унаж үхэх явдал байна.  

Малаа дагаад Дархан суманд бүртгэлтэй ч эмнэлэг сургууль сайтай Бор-Өндөртөө эхнэр хүүхдүүд нь амьдарна. Нэг ёсондоо малчин гэр бүлийг албан хүчээр салгажээ. Энэ нь хүний эрх, Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хуулийг бүдүүлгээр зөрчиж буй үйлдэл аж. Хөрөнгө салгалт уу, гэр бүл салгалт уу баахан гоонь харчуул, бутач хүүхдүүд, бэлбэсэн эхнэрүүд бий болж байна гэлээ.

Уурхай тойрсон их замын тоос малын уушгинд нөлөөлж уушиг ходоод нь дан шороо байх болжээ. Түүчлэн малчдын хувьд гайхдаг нэг зүйл нь багийн дарга нар төл малын тоо авдаггүй, гэтэл улс аймгийн хэмжээнд төчнөөн мал төллөлөө, төл бойжилт төдөн хувьтай гэж яриад байдаг. Энэ ер нь үнэн тоо гардаг юм уу. Нутаг орныхоо зуншлага, намар ямар байгааг тандаж өвс тоос бэлтгэх, ган зуд болоход малчдаа яаж байгааг мэдэж байгаа юм байхгүй, тулж ажиллахгүй бараа дүр нь харагдахгүй дарга нар олширчээ.

Найданхүүгийн Жаргалсайхан 1996 онд Өвөрхангай аймгийн Богд сумаас Бор-Өндөрт ирсэн. Тэрбээр, -манай энд малын хулгай гаарсан. 60 гаран бод алдсан ч баригддаг хулгайч гэж алга. Цагдаа нь маньтайгаа адил сураг тавихаас цаашгүй. Хэргийн халуун мөрөөр мөрдөнө гэж үгүй. Сүүлдээ би цагдаагаасаа ичдэг болж байна. Энэ өвгөн дандаа л малаа алдах юм гэж байгаа. 20 морио алдаад цагдаад мэдүүлэхэд энэ хүний морьд зөнгөөрөө яваад алга болжээ гэж цагдаагаас прокурорт бичиг явуулсан байсан. Ингээд цагдаа прокурор хоёр маань, -Та малаа хулгайд алдаагүй юм байнаа гээд хэрэг хаагдсан гэв. 

1981 онд Бүрэнцогтын уурхайгаас ирж Бор-Өндөрийн шавыг тавьж байсан анхны уурхайчид болох Л.Пүрэвдорж, С.Цэдэнжав нар Бор-Өндөрт нефтийн үйлдвэр барина гэж яригдаж байсан нь байхгүй боллоо. Манайд мал тариа байхгүй, хэдэн жижиг уурхай, үйлдвэрээрээ амьдарч байна даа гэлээ.

 Эх сурвалж: Хэнтийн мэдээ сонин                                                                       И.Байгалмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.