Урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн багц үзлэг шинжилгээг хийж эхэллээ


Урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн багц үзлэг шинжилгээг хийж эхэллээ
2020 оны 08 сарын 03. 09 цаг 12 минут

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 18-аас дээш насныханд зориулсан урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн багцын үзлэг шинжилгээг өнөөдрөөс хийж эхэллээ. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үзлэг шинжилгээнд хамрагдахын тулд иргэн та дугаар авах шаардлагагүй бөгөөд Нэгдсэн эмнэлгийн хоёр давхарт байрлах урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн багцын үзлэг хийх эмчид шууд хандан үзүүлээрэй. Мөн таны эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ авах эрх дууссан бол ах дүү, хамаатан садангийн хүн, үр хүүхдийнхээ нэр лүү шилжүүлж бүртгүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжтой юм.

Урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн багцын үзлэг шинжилгээнд хамрагдсанаар эрүүл мэндийн байдлаа тодорхойлуулах, улмаар хавдар, чихрийн шижин, даралт, элэгний вирусын өвчлөл зэрэг халдварт болон халдварт бус өвчин эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж эмлүүлэх, хүндрэхээс сэргийлэх ач холбогдолтой.

Хэнтий аймгийн хувьд сүүлийн хоёр жилд хийсэн урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн багцын үзлэг шинжилгээгээр чихрийн шижин, таргалалт, артерийн даралт ихсэх, зүрх, цөсний архаг үрэвсэл, хавдрын өвчлөлийн тохиолдлууд илүү ихээр илэрсэн байна.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв