Чингис хотын захирагчийг аймгийн засаг даргад нэр дэвшүүллээ


Чингис хотын захирагчийг аймгийн засаг даргад нэр дэвшүүллээ
2020 оны 08 сарын 05. 09 цаг 02 минут

Өнөөдөр аймгийн ИТХ-аас Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Цагаанхүүгийн Идэрбатыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлахаар шийдвэрлэлээ.

Аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаанаар 2019 оны төсвийн гүйцэтгэл, зарим газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах, Орон нутгийн тусгай хамгаалалттай газраас зарим газрыг хэсэгчлэн чөлөөлж, хилийн цэст өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм. Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба өөр ажилд томилогдох гэж байгаатай холбогдуулан уг хуралдаанд нэмэлтээр аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв.

Хэнтий аймгийн Засаг даргад нэр дэвшсэн Ц.Идэрбат цаашид орон нутгаа хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, хөгжлийн бодлогын ажлуудыг үргэлжлүүлэн үр дүнг нь гаргахын төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ. Тухайлбал, Чингис хотын дулааны станц, цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэн, тухайн сум, орон нутгийн иргэдийн амьдралын хэв маягт сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон асуудалд анхаарч ажиллана гэв.

Одоо Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч хэн болох талаар асуудал яригдаж эхэллээ. Ямартаа ч сумын Засаг даргыг намын хуралдаанаар хэлэлцэн нэр дэвшигчийг батламжилсны дараагаар аймгийн Засаг дарга томилох юм. Хан Хэнтий нутгийн нүүр царай, Их эзэн хаанаараа овоглосон Чингис хотын захирагч хэн болох бол?

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв