Хүүхдийн тоглоомын талбайг настнууд бужигнуулах уу, хог бужигнуулах уу?


Хүүхдийн тоглоомын талбайг настнууд бужигнуулах уу, хог бужигнуулах уу?
2020 оны 08 сарын 31. 06 цаг 34 минут

Чингис хотод бүтээн байгуулалт өрнөн байр орон сууцнуудын дундах зам талбай сайжран, хүүхэд залуучууд тоглож салхилах тоглоомын талбай олноороо бий болж байгааг талархан сайшаах хүн олон бий. Гэтэл хүүхдүүд танилцан, нэгдэн нийлж, маргалдаж, нөхөрлөх харилцаан дундуур эцэг эхчүүд, эмээ өвөө нар оролцох нь сүүлийн үед элбэг болжээ.

Тухайлбал, А18 байрны гадаах тоглоомын талбай дээр тоглож байсан ес орчим насны хүү санаандгүй бага насны жаахан хүүхэд рүү элс цацсан байна. Үүнийг харсан хүүгийн ах дүүгээ өмөөрч, маргалджээ. Хоёр хүүхэд учраа олохоор ярилцаж хэлэлцэж байх зуур өвөө нь ирээд хүүг цохьсон байна.

Мөн тус байрны гадаах тоглоомын талбай дээр өсвөр насны залуус гар бөмбөг тоглож жаахан хүүхдүүд рүү бөмбөг шидэж, цээж нуруу руу нь цохин уйлуулж, элдэвийн хараалаар харааж байхад хүүхдээ тоглуулж, салхилуулж байгаа эцэг эхчүүд, эмээ өвөө нар хараад сууж байсан талаар нэгэн хүү уйлан байж ярьж байна. Болох болохгүйг нь тайлбарлан ойлгуулж, зөв бурууг нь таниулахын оронд нүдэн балай, чихэн дүлий миний хүүхэд биш юм чинь яасан ч яахав гээд сууж байгаа хүмүүс үр хүүхдүүддээ ямар сургааль хайрладаг вэ? Миний хүүхэд бусдаас илүү, бусдын хүүхдийг яасан ч яахав гээд олны нүдэн дээр зодож, шоглож болох уу?

Үүний зэрэгцээгээр тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнд идэж уусан ундаа, зайрмаг, жигнэмэгийн хайрцаг зэрэг уут саваа хаяж орчноо бохирдуулж байна. Гэтэл тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнд хогийн сав хангалттай харагдана. Хог хаягдал нь цас бороо, нар салхи, химийн элдэв урвалын тусламжтайгаар байгалийн бүтээгдэхүүн болон задарч, хөрсийг бохирдуулж, өвчлөл үүсгэж байдаг. Тодруулбал, хогийн цэг таны оршин буй газрын ойролцоо байвал амьсгалын замын өвчлөлд хүргэх эрсдэл өндөр байхаас гадна гэдэсний хананы гажиг, төрөлхийн гажгууд, хүүхэд бага жинтэй төрөх зэрэг сөрөг нөлөөтэй талаар ЭМЯ-аас анхааруулжээ.

“Хүн өөрийгөө өөрчилбөл бусад бүх зүйл байрандаа орно” хэмээх сургаалийг санаж, эрүүл, ардчилсан нийгмийг бүтээж буй ухамсарт хүн та эрх, үүргээ санаж, олон нийтийн газарт биеэ зөв авч явах, хогийг хогийн саванд хийх, асуудлыг маргаанаар бус эв зүйгээр шийдэх зэргээр энгийнээс эхлэн өөрсдөө үр хүүхдүүддээ үлгэр дууриал үзүүлэх цаг нь болжээ.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв