Мал угаалга 40 гаруй хувьтай байна


Мал угаалга 40 гаруй хувьтай байна
2020 оны 09 сарын 07. 03 цаг 33 минут

Хэнтий аймаг энэ онд үхэр, хонь, ямааг угаалганд, үхрийг гуурын боловсруулалтанд, нохойг улирал бүр туулгалтанд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд нийтдээ 6,2 сая малыг шимэгчтэх өвчнөөс эрүүлжүүлэхээр 7 дугаар сарын 20-ны өдрөөс бүх суманд эхлүүлсэн. 9 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар мал угаалга 40 гаруй хувьтай байна.

Угаалгын ажил эхлэхээс өмнө сумдад байгаа суурин ванны судалгааг гаргаж хуучин ашиглагдахгүй байсан ванныг сэргээн засварлаж, "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл"-ийн санхүүжилтээр 16 суманд 21 суурин ванн барьж байна. Одоогоор 100 гаруй ваннд угаалга хийж байна. Мөн Мал эмнэлгийн газраас орон нутгийн төсвийн 49,9 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мал эмнэлгийн үйлчилгээний 70 нэгжид угаалга, халдваргүйтгэлийн ажилд зориулж шүршигч мотопомп олгосон нь угаалгын ажлыг шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлжээ.

Угаалгын ажлыг 100 гаруй малын эмч, 400-аад туслах ажилтантай зохион байгуулж сумдын болон багийн Засаг дарга, малчид, малчдын бүлэг хоршооны гишүүдийн дэмжлэг, оролцоотойгоор хийж байна.

Мал угаах нь малыг гоц халдварт болон шимэгчтэх өвчнөөс сэргийлэхээс гадна малд бүрэн тарга хүч авахуулах, бүтээгдэхүүний гарц, чанарт сайнаар нөлөөлөх, малчдын ашиг орлого нэмэгдэх, мах, түхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бүрдүүлэх  зэрэг чухал үр дүнтэй юм.

Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 3,6 сая орчим малыг угаалганд хамруулснаар малын бие дэх хачиг, шалз эрс багасч хамуу, ширх гэх мэт гадна паразитын өвчлөл өмнөх оноосоо 23,7 %-иар буурсан дүнтэй гарчээ. Угаалганд малаа бүрэн хамруулах нь малаас гарах бүтээгдэхүүний гарц 15 %-иар өсөж, малчдын орлого 30 хүртэл хувиар нэмэгдэх боломжтой.

Иймээс нийт малчид, мал бүхий иргэд малаа угаалганд бүрэн хамруулахад анхаарч, иргэнийхээ үүргийг биелүүлж ажиллахыг уриалах байна.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв