Тосон бүрд нуурын судалгаа шинжилгээний ажил үргэлжилж байна


Тосон бүрд нуурын судалгаа шинжилгээний ажил үргэлжилж байна
2020 оны 09 сарын 07. 03 цаг 53 минут

Тосон бүрд нуурын эко системийн тэнцвэрт байдлыг хангах, хамгаалах, бохирдлыг бууруулах, байгалийн аясаар нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэх, цаашдын авах арга хэмжээг төлөвлөх зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр 200 сая төгрөгийн тендер гурван удаа зарлагдсан. Гурав дахь удаагийн тендерт Монголиан прокюремент эйжент ХХК шалгарч, 8 дугаар 7-ны өдөр гэрээ байгуулжээ. Эрдэмтэн, судлаачдын баг бүрэлдэхүүн судалгаа шинжилгээний ажлаа эхлүүлэн, дээж авч лабораторид шинжлүүлж байгаа бөгөөд 11 дүгээр сард судалгааны дүн гарах юм.

Тендерийн хүрээнд усны нөөцийн чанарын судалгаа, Тосон бүрд нуурууд болон Аваргын голын усны тэжээлийн эх үүсвэрийг тогтоох, Бумбат, Баян улаан уулсын өврөөс урсах уст гол болон горхи, нууруудын газрын доорх усны тэжээлийн судалгаа, усны балансын судалгаа, усны хими болон биологийн судалгаа хийгдэх ажээ. Мөн усны ариун цэвэр, эрүүл ахуйн шинжилгээ, дүгнэлт, эмчилгээний хар, шар шаврын нөөцийг үнэлэх, нуурын ойролцоох амралт сувилалын газруудын ашиглалтын цооногууд, нуурын усны түвшинд нөлөөлж буй эсэхийг судалж хяналтын цооног байгуулах ажээ.

Мөн нуурын усны тэжээгдлийн эх үүсвэрийг тогтоосон судалгааны тайланд үндэслэн Зүүн бүрд нуурыг сэргээх барилгын ажлын зураг төсвийг боловсруулж Барилгын ажлын төвөөр магадлал хийлгэн, Бумбат, Баян улаан уулсын өврөөс урсаж байгаа гол горхи, булгийн нуурт хүрэх боломжийг бүрдүүлж, ус дөхүүлж сайжруулах ажлын зураг төсвийг хийнэ. Түүнчлэн Зүүн бүрд цэнгэг устай нуурыг малын хөлөөс хамгаалж хашаажуулах ажлыг хийх юм байна.

МХЕГ-аас хийсэн шалгалт шинжилгээгээр нуурын ус хүний үйл ажиллагаанаас нөлөөлсөн ахуйн гаралтай бохирдолтой байсан бол Хэнтий аймгийн хэмжээнд хавар болсон хүчтэй шороон шуурганы дараа хийсэн шинжилгээгээр нуурын ус азот, фосфорын агууламжтай, маш өндөр бохирдолтой гарчээ. Уг шороон шуурга сумын төв болон Тосон нуурын орчмоор дамнан өнгөрсний улмаас Тосон нуур, Бүрд нуурын орчимд маш их хэмжээний элс, шороо, өтөг бууц, ялгадас салхиар зөөвөрлөгдсөн байна. Хашаан дотор 200 м, хашааны гадна 50 метрийн урттай, 20-30 см-ийн зузаантайгаар нуурын хэсгийг хөвүүлэн, Тосон нуурын баруун талаас баруун хойд зүгт чигжэж, Тосон нуурын баруун талд байрлах нүдний рашааны эхийг даржээ. Салхиар зөөвөрлөгдөн хуримтлагдсан элсийг зөөж зайлуулах ажлын хүрээнд 20 сая төгрөгийн ажлын даалгаврыг боловсруулж тендер, зарлагдахад бэлэн болсон байна.

Энэхүү тендерийн хүрээнд хийгдэж байгаа суурь судалгаануудын дүгнэлт гарсны үндсэн дээр цаашид Тосон нуурын үйл ажиллагаа явуулах эсэх нь шийдэгдэх юм байна.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв