Хогийг ангилан ялгаж хэвшицгээе


Хогийг ангилан ялгаж хэвшицгээе
2020 оны 09 сарын 07. 05 цаг 24 минут

Хэнтий аймагт 2018 оны 4 дүгээр сараас Өндөрхаан СӨХ-ийн үйл ажиллагаа эхэлсэн. Сар бүр оршин суугчдаас 10000 төгрөгийн хураамж авдаг. Энэ хураамжнаас үйлчлэгч нарыг цалинжуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс гадна орцны гэрэл цахилгааны төлбөрийг төлж, орцны цэвэрлэгээний материал авдаг. Мөн өөрсдийн хийх боломжтой засвар үйлчилгээний зардлыг төлдөг. Ихэнх айлууд СӨХ-ийн хураамжаа төлдөггүй учраас Нийгмийн даатгалын газарт 8.8 сая төгрөгийн өртэй аж.

Үйлчлэгч нар орцонд чийгтэй цэвэрлэгээг өнжөөд нэг, ханыг 7 хоногт 2 удаа арчин, орчноо хуваарийн дагуу цэвэрлэхээс гадна ойр орчмын 25 метр газрыг цэвэрлэдэг. СӨХ одоогоор 12 үйлчлэгчтэй. Үйлчлэгч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 420000₮, цахилгаанчин, данс хөтлөгч тус бүр 450000₮, дарга 500000 төгрөгийн цалинтай. Хэнтий Ус ХХК тайлан гаргасны дараа мөнгөө шилжүүлдэг буюу дараа сардаа цалингаа авдаг учраас үйлчлэгч нар тогтвортой ажилладаггүй. Мөн иргэд үйлчлэгч нартай ёс зүйгүй харьцах, цонхоор хог хаях, орцонд өтгөн шингэнээ гаргах, бөөлжих, нус, цус цэрээ хаях зэргээр бүдүүлэг авир их гаргадаг учир тэд халширдаг байна.

Мөн байр, орон сууцнуудын мэдээллийн самбарт СӨХ-ийн төлбөрийн болон үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, зар, цэвэрлэгээний хуваарийг тавьдаг ч оршин суугчид урж хаядаг байна. Одоогийн байдлаар 44 байр орон сууцны 91069000 төгрөгийн СӨХ-ийн хураамжийн авлагатай байгаа бөгөөд 2019 оны 12 дугаар сард дөрвөн байр СӨХ-өөс гарсан ч К27 байр 4690000, К28 байр 4630000, А55 байр 3174500, А56 байр 2529500 төгрөгийн өртэй хэвээр байна. Мөн түрээсийн болон орон сууц худалдан авч байгаа айлууд СӨХ-өөс тодорхойлолт авдаггүйгээс СӨХ-ийн төлбөрийн үлдэгдэлтэй айлын өрийг төлөх болж, тооцоо үргэлжилдэг ажээ. Иймд байр, орон сууц худалдан авч байгаа иргэн та СӨХ-д хандан тодорхойлолт авч байна уу.

Сүүлийн үед Чингис хотод байрлуулсан хогийн бункерууд болон амсар нь доошоо харсан хогийн савнаас болж иргэд их бухимдалтай байна. Энэ бүх асуудлын тал хувь нь бухимдал үүсгэгч оршин суугчидтай холбоотой ажээ. Учир нь иргэд бункерт хийх ёстой ахуйн ууттай хогийг байр, тоглоомын талбайн хажууд байрлах жижиг хогийн саванд хийдэг учраас зарим үед хогийн савны амсрыг доош харуулан цоожилж орхидог байна. Мөн иргэд хогоо ангилан ялгалгүйгээр хаяж байгаагаас ялаа батгана, үнэр гарах нөхцөл болдог аж. Иргэд хогоо ангилан ялгаж хаядаг болвол “Баялаг хурх” ХХК ангилсан хогийг пресслэн хот руу нийлүүлэх боломжтой. Гэтэл иргэдийн энэ ухамсаргүй үйлдлээс шалтгаалан бүх хогийг Хот тохижилтын газрын ажилтнууд хогийн цэг рүү аваачиж хаядаг байна. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайг СӨХ-д албан ёсоор хариуцуулж өгөөгүй байгаа ч үйлчлэгч нар цэвэрлэдэг учир иргэн та тоглоомын талбайн ойр орчимд хогоо хаяж, хүүхдүүдийг өвчлөл эрсдэлд бүү хүргээрэй.

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв