Мөнгөн тэмдэгтийг зөв зохистой хэрэглэцгээе


Мөнгөн тэмдэгтийг зөв зохистой хэрэглэцгээе
2020 оны 09 сарын 08. 02 цаг 15 минут

“ХАЛААСАНД БУС ХЭТЭВЧИНД, ОВООНД БУС ХЭРЭГЛЭЭНД” АЯНЫГ

Олон нийтийн дунд мөнгөн тэмдэгтийг зүй зохистой гамтай хэрэглэх, хэрэглээний соёлд хэвшүүлэх зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг Монголбанкнаас улс даяар өрнүүлж байна. Энэхүү аяны хүрээнд 8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 1-ний хооронд бага дэвсгэрттэй зохистой харьцахад чиглэсэн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэн, холбогдох хууль тогтоомж, заавар журмыг таниулах ажлыг зохион байгуулах юм. Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт “ТӨГРӨГ”-ийг хэвлүүлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах онцгой эрхтэй бөгөөд төгрөгийн нөөц, аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Энэхүү онцгой эрхийн хүрээнд төгрөгийн хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн гүйцэтгэдэг билээ.

Өндөр хөгжилтэй орнуудад мөнгөн тэмдэгт дунджаар 10-12 жилийн насжилттай байдаг бол Монгол төгрөгийн насжилт дунджаар 3.8 жил байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Иргэд мөнгөн тэмдэгтийг зөв зохистой хэрэглэдэггүй, хэтэвч ашиглахгүйгээр халаасандаа олон нугалж хийдэг, түүнчлэн бага мөнгөн тэмдэгтийн хувьд төлбөрийн хэрэгсэл гэхээсээ илүүтэй бурхан тахил, уул овоонд өргөх байдлаар зүй бусаар ашигладаг зэрэг нь төгрөгийн насжилтыг багасгах үндсэн шалтгаан болдог байна.

Иймд иргэн та Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, үнэт зүйл болох мөнгөн тэмдэгтээ зөв зохистой ашиглаарай.

• Мөнгөн тэмдэгтийг хэтэвчинд хийж зөв зохистой авч явах,

• Урагдаж, муудсан дэвсгэртийг банкинд очиж солиулах,

• Мөнгөн дээр янз бүрийн зүйлс бичихгүй байхыг уриалж байна.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв