Ц.Амгаланбаатар: Аль болох хэмнэлттэй, ашигтай талыг харж ажиллах зарчмыг баримталж байна


Ц.Амгаланбаатар: Аль болох хэмнэлттэй, ашигтай талыг харж ажиллах зарчмыг баримталж байна
2020 оны 09 сарын 09. 01 цаг 34 минут

Өртөөлөн буухиалж тив дэлхийн өнцөг булан бүрт захидал, илгээмжийг шуурхай хүргэдэг Шуудан үйлчилгээний газрыг зорьж, тус газрын дарга Цэндсүрэнгийн Амгаланбаатартай ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

-Сайн байна уу? Та уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?

-Би Өндөрхаан хотын уугуул иргэн. 1992 онд 1 дүгээр арван жилийн сургуулийг төгссөн. Санхүү, эдийн засгийн дээд сургуульд суралцан 1997 онд нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгсөөд ажлын гараагаа Нефть хангамжийн баазаас эхлүүлж байлаа. 2001 оноос Монголын цахилгаан холбоо ХК-ийн Хэнтий аймаг дахь салбарт тооцооны нягтлан, ахлах, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад энэ оны 5 дугаар сараас Монгол шуудан ХК-ийн Хэнтий аймаг дахь салбарын захиралаар томилогдон ажиллаж байна.

-Одоогийн цар тахлын байдал шуудан үйлчилгээний салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Ковид-19 цар тахалтай холбоотойгоор илгээмж хүргэхэд хязгаарлагдмал болсон. Гэхдээ бид пэйж хуудас, вэб сайтаар илгээмж авах, явуулах цаг хугацааг тогтмол мэдээлэн ажилласнаар иргэд маань цаг хугацаандаа багтан илгээмж, захидал, баримт бичгүүдээ өгч байна. Тусгай үүргийн нислэгээр гадаад шуудан солилцох горимд шилжсэн учраас энэ чиглэлийн шуудан илгээмжийн зар мэдээлэл түлхүү явж байгаа. "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд 9 их, дээд сургуультай хамтран ажиллаж, нийт 40 гаруй төгсөгчийн дипломыг хаягийн дагуу хүргэсэн. Манай салбар 18 сумын Шуудангийн үйлчилгээний салбараар дамжуулан нийт 26 гаруй ажиллагсадтайгаар шуудангийн 30 гаруй нэр төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улс, хот хоорондын шууданг 7 хоногт 5 удаа, аймгийн төв сум хооронд 7 хоногт 1-2 удаа  хүргэдэг. Бид 25 шуудангийн хайрцаг эзэмшигч, хэвлэл захиалагч, 20 гаруй албан байгууллагад шуудангийн үйлчилгээг үзүүлж, бичиг захидал, илгээлт, хэвлэлийг хаягт эзэнд нь хүргэж гардуулдаг. Мөн Хаан банктай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд өдөрт 30 гаруй виза картыг гэрээр хүргэж өгч байна.

-Шуудан илгээмжийн үйлчилгээнээс гадна хувьцаа эзэмшигч компаний зүгээс ямар үйлчилгээг явуулдаг увэ?

-Манай компаний 66% төрийн өмчийн, 28.34% Ард санхүүгийн нэгтгэл ХХК, 1.91 % Ард даатгал ХХК, 3.75% бусад хувьцаа эзэмшигчдээс бүрддэг. Ард даатгал ХХК-ийн даатгалын ажилтай танилцах зорилгоор 6 дугаар сард Батширээт, Биндэр, Баян-Адарга, Дадал сумдаар яваад ирсэн. Ард даатгалын гэрээг хийдэг төлөөлөгч сум бүрт ажилладаг. Мөн Юнител ХХК-тай хамтарч ажиллах гэрээ байгуулан, сум бүрт багцын борлуулалтын үйлчилгээг түгээж байна.

-Танай байгууллагын хүрээнд өөр ямар төрлийн үйлчилгээг үзүүлдэг вэ?

-Аймаг, хот хоорондын шуудан тээвэрлэлт, логистик үйлчилгээг өргөжүүлэн, өөрийн тээврээр хойд, урд, зүүн чиглэлийн нийт 11 аймаг руу тогтмол хуваарийн дагуу тээвэрлэлт хийж эхлэх гэж байна. Хотод хаягийн дагуу очиж бараа бүтээгдэхүүнийг аваад Хэнтий аймагт авчирч түгээх баталгаат үйлчилгээ юм. Аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ хийсэн тохиолдолд сумд руу хүргэж өгөх боломжтой. Мөн Авто тээврийн газартай Орон нутгийн нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ байгуулан, Дадал, Норовлин, Бэрх, Батноров чиглэлд 7 дугаар сарын 1-нээс шуудан явуулж эхлээд байна.

-Та амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ? Таны баримталдаг зарчим ажил албатай чинь хэрхэн уялддаг вэ?

-Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ээж маань их хэлдэг. Хийж байгаа зүйлээ үнэнчээр хийж, шударга шулуунаар явбал аливаа зүйлийн үр дүн гарна. Тиймээс чин сэтгэлээсээ ажиллаж байгаа үед ямагт ахиц дэвшилтэй, бүтэмжтэй, үр дүнтэй байна гэж боддог. Энэ зарчим маань ч ажил албатай сайн уялддаг. Байгууллагын санхүүгийн тооцоог үнэн зөв, шударга хийж байж үр дүнтэй, ашигтай ажиллана. Одоо бол байгууллагынхаа тайлан балансыг илүү сайн харж, уншиж ойлгон, дүн шинжилгээ хийж, мэргэжлээ ашиглаж байгаа. Аль болох хэмнэлттэй, ашигтай талыг харж ажиллах үндсэн зарчмаар ажиллаж байна.

Ярилцсан танд баярлалаа.

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв