Удам дамжсан үйлчин бүсгүй


Удам дамжсан үйлчин бүсгүй
2020 оны 09 сарын 11. 02 цаг 18 минут

Монгол эмэгтэй хүн бүр учиг сүвлэж, үйл урлах гарын дүйтэй гэхэд хилсдэхгүй болов уу. Магадгүй бидний бага насанд охидууд ээжийнхээ хийсэн дээл, даашинзаар гангардаг байсантой холбоотой байх. Өвөөгийнхөө урласан гутал, ээж, эмээ хоёрынхоо урласан дээл хувцаснуудаар гангарч явсан болохоор Цэнджавын Цэрэндуламын хүсэл сонирхол мөн л оёдолтой холбогдсон аж. Түүний эмээ ажилчнаас эхлээд мастер болтлоо ажиллаж, ур чадвараараа олонд гайхагдаж явсан түүхтэй. Ээж, эмээ хоёр нь Ахуйн үйлчилгээний газарт насаараа оёдолчин хийсэн учир Ц.Цэрэндулам багаасаа харж өссөн энэ л ажилд дур сонирхолтой. Тэр хүүхэд ахуйдаа өөрөө хувцсаа засаад загварлаг болгочихдог, энд тэнд нь чимэг хийгээд өөрчлөөд өмсчихдөг байсан. Амьдрал зохиож, алаг үрсээ өлгийдөн авсан хойноо ч гэртээ хүүхдүүдийнхээ төдийгүй өөрийнхөө, ханийнхаа  дээл хувцсыг оёчихдог байв.

Банк санхүүгийн эдийн засагч мэргэжилтэй ч Улаанбаатар хотод хоёр найзтайгаа хамтран авто машины суудлын бүрээсийг хатгамалтайгаар оёж, гоёмсог загвартайгаар хийж эхэлсэн байна. Төрсөн нутагтаа ч энэ сайхан үйлээ үргэлжлүүлэн дүүтэйгээ хамт захиалгаар оёх болжээ. Багын сонирхол, авъяас чадвартаа хөтлөгдөн дээл, европ хувцсыг ч мөн оёно. Заримдаа хотоос захиалга авч, завгүй байх өдрүүд олон. Сошиал хөгжсөн өнөө цагт түүний урласан бүтээлүүдийг харсан, үзсэн, байнгын үйлчлүүлэгч гээд хандах хүн арвин. Оёдлын бизнесээ өргөжүүлж, өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн Ц.Цэрэндулам Хэрлэн бизнес хөгжил нийгэмлэг ТББ-ын гурван ч удаагийн сургалтанд хамрагджээ. Мөн ХХҮГ-ын ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдан 5 сая төгрөгийн зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьжээ. Төслийнхөө мөнгөөр савхи, арьсан эдлэлийн оёдлын машин болон оёдлын JUKI машин авсан байна. Түмэн олонд боломж олгож, хийж урламж байгаа ажлыг нь дэмжиж байгаа ХХҮГ-ын хамт олонд тэрээр тун их баярладаг.

Удам дамжсан үйлчин бүсгүй танд эрүүл энх, урт удаан жаргалыг хүсэхийн ялдамд урласан бүхэн тань очсон эзэддээ баяр баясал, сайхан бүхнийг бэлэглэж байхын ерөөлийг өргөе.

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв