Боом өвчний сэрэмжлүүлэг


Боом өвчний сэрэмжлүүлэг
2020 оны 09 сарын 16. 06 цаг 36 минут

Боом өвчин нь мал   амьтнаас хүнд халдварладаг тунгалагийн зангилаа болон судлыг гэмтээж хүчтэй хордлогоор илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм.

Монгол орны уулт хээр, тал хээрийн чийглэг хар хүрэн хөрс бүхий нутагт боомын байгалийн голомттой багаад малын өвчлөлтэй уялдан хүний өвчлөл гарч байна. Манай улсын 1 хот 19 аймгийн 157 сум боомын голомттой.

Манай аймгийн хувьд 12 сумын 57 газар боом өвчний түүхэн голомттой. Үүнээс хамгийн сүүлд 2020 оны долоо дугаар сард Өмнөдэлгэр сумын Хэнтий багт малын боом өвчин гарсан.

Боомын малын өвчлөлтэй уялдан мал нядлах, үхсэн малын арьс шир хуулах, мах эвдэх болон өвчилсөн үхсэн мал булсан газрын хөрс шороог ухах, сэндийлэх явцад халдвартай халдвартай хөрс шороо зэргээс хүн халдвар авч боомоор өвчилнө.

Халдвар авсан хүн өндөр халуурах, булчирхай цочих, ихэвчлэн биеийн ил хэсэг нүүр, гарын арьсанд нян орсноос үүсэх улаан цэг толбо бий болж богино хугацаанд гүвдрүүтэн цэврүү үүсч улмаар хар тав болох ба хаван үүснэ. Эдгээр шинж тэмдэг илэрвэл хамгийг ойрын эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

                Боом өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

  • Газрын хөрсөнд боомын нян хэдэн арван жилээр хадгалагддаг тул малчид, тариаланчид, газар шорооны ажил эрхлэгчид арьсыг шалбалах, гэмтэхээс сэргийлж бээлий, хамгаалалт хэрэглэж байх
  • Сүү, мах зэрэг малын гаралтай бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх
  • Боомын голомттой нутгийн хүн ам, малыг боом өвчний эсрэг дархлаажуулалтад жил бүр хамруулах
  • Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мэргэжлийн байгууллагад хандах
  • Боомын өвчлөл гарсан малын хашаа хороо, өтөг бууц, хэвтрийг халдваргүй болгох ажлыг мал эмнэлгийн байгууллагаар гүйцэтгүүлэх
  • Өвчтэй буюу өвчний сэжигтэйгээр үхсэн малд ойртохгүй байх
  • Үхсэн малын арьс мах, арьс ширийг ашиглахгүй байх, шатааж устгах, ил задгай хаяхгүй байх

ЗӨСТөвийн эмч Л.Эрдэнэчимэг

Утас 70563739

 

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв