Намрын баяр үзэсгэлэн худалдаа 14 жилдээ зохион байгуулагдаж байна


Намрын баяр үзэсгэлэн худалдаа 14 жилдээ зохион байгуулагдаж байна
2020 оны 09 сарын 16. 07 цаг 58 минут

Хэнтий намрын баяр-2020 үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ. Энэ жил 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн худалдааг ЭРҮҮЛ ХҮНС - ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН, ШИНЭ УРГАЦ, НЭГ СУУРИН-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН уриан дор явуулж байгаа бөгөөд 15 сумын 200 гаруй баялаг бүтээгчид гар урлал, цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнээ хэнтийчүүддээ борлуулж байна.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, Г.Хэрлэнчулуун, аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, Монгол улсын төрийн соёрхолт, Анагаахын шинжлэх ухааны гранд доктор, профессор М.Амбага, аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Д.Батболд нар оролцлоо.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат намрын баяр үзэсгэлэн худалдаанд оролцогчдод баяр хүргэж, баялаг бүтээгчдэд хандан хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа. Тэрбээр үгэндээ “Манай аймагт энэ жил 5,1 сая толгой мал өвөлжинө. Энэ намар 27000 тонн ургац авах урьдчилсан баланс гарсан. Нэг га-гаас 16 центнер ургац авах боломжтойг тариаланчид дуулгалаа. Манай аймаг Зүүн бүсийн аймгуудын тулгуур төв, зүүн бүсийн замын зангилаа гэдэг утгаараа үйлдвэрлэлүүдийн санал нэлээдгүй ирж байна. Тухайлбал, 30 мянган тонн буудай хурааж авдаг бол гурилын үйлдвэр барих боломжтой болно. Бид Хүнс, хөдөө аж ахуйн яам руу уламжлаад 10 мянган тонн хадгалах боломжтой элеваторыг өнгөрсөн зун шийдвэрлэсэн.

Аймаг 90 мянган га эргэлтийн талбайтай боловч үүнээс 20 гаруй мянгыг ашиглаж байна. Тиймээс салбарын яам, мэргэжлийн байгууллагаас тариалангийн талбайг нэмэгдүүлэх тал дээр дорвитой анхаараач гэсэн хүсэлт ирсэн. Газар тариаланд олон мянган га газар авсан боловч дамалж зардаг, түрээсэлдэг хүмүүст хариуцлага тооцож, эргэлтийн талбайг нэмэгдүүлэх тал дээр анхаарна. МУ-ын Засгийн газрын шийдвэрээр Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж байгаатай холбогдуулан аялал жуулчлал бүхий сумдтай нийт жижиг дунд бизнесийн эрхлэгчдийнхээ ажлыг уялдуулах шаардлага тулгарч байна. Тэгэхээр та бүхний хийсэн зүйлсийг сум орон нутагтаа төдийгүй аймгийн хэмжээнд нээлттэй борлуулах боломжийг бүрдүүлэх ажил эхэллээ гэж ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сум бүр ахуйн үйлчилгээний төвтэй болсон, тиймээс хамтарч ажиллах тал дээр аймаг, сумын удирдлагууд дэмжих болно” хэмээлээ.

Энэ удаагийн намрын баяр үзэсгэлэн худалдаагаар Дэлгэрхаан, Баян-Овоо сумд сум сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Үүнээс онцолбол Дэлгэрхаан сумын Хунчир, Аураг рашаан, Дэлгэрхааны аваргын голд тариалсан тарвас, М.Амбага докторын Хэнтий аймгийн хөрсөнд ургуулсан артишок, хунчир, зэрэг олон төрлийн эмийн ургамлаар бүтээсэн 5 төрлийн эм худалдаалагдаж байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв