Барилгын салбар хөгжихийн хэрээр аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал


Барилгын салбар хөгжихийн хэрээр аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал
2020 оны 09 сарын 17. 10 цаг 51 минут

Хэнтий аймгийн БОАЖГ, УЦУОШГ, Хэрлэн голын сав газрын захиргаа гэсэн гурван байгууллагын нэгдсэн конторын барилга, Сүрьеэгийн эмнэлгийн хоёр давхар барилга, Баян-Адрага суманд баригдах сургуулийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгч “Солармед Монгол” ХХК-ийн барилгын ажлуудтай манай агентлагийн хамт олон танилцлаа. Энэ үеэр тус компанийн барилгын инженер Батчулууны Буянбат, ХАБЭА-н ажилтан Баярбатын Энхтүвшин нартай уулзаж орон нутагт өрнүүлж буй бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

Сайн байна уу? Барилгачдын баярын мэндийг хүргэе. Компанийнхаа талаар товч танилцуулаач?

Б.Буянбат: Баярлалаа. Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 94 жил, Хэнтий аймагт шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын баярын мэндийг хамт ажиллаж байгаа барилгын салбарын хамт олондоо болон Хан Хэнтий нутгийн Барилгын салбарын инженер, техникийн ажилтан, ажиллагсад, үе үеийн барилгачид та бүхэнд хүргэе.

Б.Энхтүвшин: Монголын мянга мянган барилгачид, их бүтээн байгуулалтын эзэддээ баярын мэнд хүргэе. Солармед монгол ХХК 2015 оноос хойш эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, худалдааны зуучлал,  барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үндсэн дөрвөн инженер, ХАБЭА-н нэг ажилтан, техник хариуцсан гурван ажилтан болон туслан гүйцэтгэгч гэрээт байгууллагын 50 гаруй ажиллагсадтай одоогоор ажиллаж байна.

Танай компанийн барьсан бүтээн байгуулалтуудыг нэрлэвэл?

Б.Буянбат: Манай компанийн хамт олон нилээд олон барилгыг барьж, эх орныхоо бүтээн байгуулалтад нэгдэн оролцож байгаа. Томоохон ажлуудаасаа нэрлэвэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймагт 500 хүний суудалтай Соёлын төв, Хэнтий аймгийн Баян-Адрага суманд ЕБС-ийн 100 хүүхдийн дотуур байр, Дархан суманд ЗДТГ-ын барилга барьсан. Одоо Хэрлэн суманд БОАЖЯ-ны харъяа байгууллагуудын нэгдсэн контор, Сүрьеэгийн эмнэлэг, Баян-Адарга сумын ЕБС-ийн 200 хүүхдийн өргөтгөлийн барилгыг барьж байна.

Орон нутагт тендерийн ажил гүйцэтгэхэд давуу тал болон сул тал, асуудал бэрхшээл байдаг уу?

Б.Энхтүвшин: Хэнтий аймгийн хувьд барилгын ажил явуулахад талбай сийрэг, барилга барих, бүтээн байгуулалт босох боломтой сайхан нутаг байна. Харин барилгын хувьд зам талбай, инженерийн шийдэл муутай харагддаг. Наадмын өмнө бороо ороход бүх барилгууд нь усанд автсан. Энэ асуудлыг барилгын загвар шийдэл гэхээсээ илүүтэйгээр инженерийн шийдлүүдийг сайн тусгаад, цэгцтэй явуулвал зүгээр санагдсан.

Б.Буянбат: Орон нутагт барилгын материалын цогц дэлгүүр, үйлдвэр дутмаг учраас материалаа татан авахад хүндрэлтэй байна. Мөн орон нутагт ажиллахад ажиллах хүчний нөөц дутмаг байдаг. Барилга барих хугацаанд бидэнд байрлах байрны асуудал заримдаа хүндрэлтэй байдаг.

Орон нутагт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахад ХАБЭА-н ажилтны зүгээс юунд илүү ихээр анхаарч ажилладаг вэ?

Б.Энхтүвшин: Бид тухайн ажлын орчны эрсдлийг үнэлэн, зааварчилгаа өгч, аливаа эрсдлээс хамгаалах ажлыг зохион байгуулан ажилладаг. Манай улсад одоогоор ХАБЭА-н үйл ажиллагааг нэвтрүүлэн ажиллаж байгаа ч хүн бүр сэтгэлзүйдээ хүлээн авч, ягштал хэрэгжүүлж ажиллахгүй байна. Гэрээт болон түр ажлын байран дээр ажилладаг хүмүүс эрсдэлд орох магадлал өндөртэй байдаг. Тэд ажилдаа хайнга хандаж, ажлын хувцас, хэрэглэлийг бүрэн өмсөж хэрэглэдэггүй. Барилгын салбар хөгжихийн хэрээр аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал. Хүн өөрөө өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж, эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой ч энэ бүхнийг үл тоосноор хормын төдийд амь нас, эд хөрөнгө, бүхий л зүйлээ алдах эрсдэлтэй. Тиймээс тэр болгоныг ойлгуулан, аюулгүй байдлыг нь хангаж, ХАБЭА ямар чухлыг ойлгуулахыг зорьж ажилладаг.

Ажлаа дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өгсөн та бүхэнд баярлалаа. Аймаг, сум бүрт компанийнхаа нэрийг гаргаж, чанар, өнгө үзэмжээрээ тэргүүлсэн олон сайхан барилгыг барьж, илүү олон бүтээн байгуулалтыг өрнүүлээрэй. Та бүхний ажилд амжилт хүсье.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв