А.Түмэннаст: Өөрийн гараар барьсан байрандаа амьдрана гэдэг үнэхээр сайхан


А.Түмэннаст: Өөрийн гараар барьсан байрандаа амьдрана гэдэг үнэхээр сайхан
2020 оны 09 сарын 17. 11 цаг 43 минут

Баян-Овоо сумын уугуул, барилгын салбарын хамгийн ахмад буурай 95 настай Аюушийн Түмэннастыг бид зорьлоо. Тэрээр “Буянт ээж” хэмээх өргөмжлөлийг түмэн олноосоо хүртсэн долоон сайхан хүүхдийн ээж юм. Өөрөө бие даан суралцан, хичээж хөдөлмөрлөснөөр Засал чимэглэлийн IV зэрэг авсан барилгачин бүсгүй. V, VI таван жилийн гавшгайч, Засгийн газрын хүндэт жуух бичиг, “Тэргүүний барилгачин” цол тэмдэг, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медалиуд, “Алдарт эх”-ийн I, II одон, Төрийн дээд шагнал Алтангадас одонт сайхан буурайтай хөөрөлдсөнөө хүргэж байна.

Сайхан намаржиж байна уу? Хэнтий аймгийн барилгын салбарын түүхийг бичилцэж, их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн түүх дурсамжаасаа хуваалцана уу?

Би малчны гэрт төрж өссөн, малчин байсан хүн. Түмэнцогтын уурхайд 1950-1958 онд металл ялгагчаар ажиллаж байгаад аймагтаа ирээд 1958-1961 онд Бэрх тосгоны хүн эмнэлэгт асрагч, тогоочоор ажилласан. 1961 онд охин Б.Маналжавыгаа аймгийн сургуульд суралцуулахаар даган ирж, аймгийн Барилга угсралтын конторт ханьтайгаа хамт ажилд орж байлаа. Би тэр үед галч,цэвэрлэгч, зарлагаар ажиллаж эхэлсэн. Хань маань манаач, аж ахуйн ажлыг хийдэг байсан. Хамт ажиллаж байсан хүмүүсээ харж, дагаж хийсээр байгаад удалгүй засал чимэглэлийн ажлыг хийдэг болсон. Тэр үед шавар, будгийн ажил л их хийдэг байлаа даа.

Тэр үеийн барилгын ажлын онцлог нь юу байсан бэ?

Одоогийн барилга биеэр оролцох зүйл нь бага, ихэнхдээ техник ашигладаг болсон байна. Намайг анх ажиллаж эхлэх үед чулуун барилга барьдаг байсан. ЗИЛ-130 машины хоосон тэвшин дээр дөрвөн бүсгүй суугаад уул руу явдаг байлаа. Бид том том чулууг өргөөд, өнхрүүлээд машиндаа ачна. Барилгынхаа талбайд ирээд уулнаас авчирсан чулуугаа буулгана. Барилгын хундаамыг дан чулуугаар хийнэ. Бас 2 метр гаруй чулуун өрлөг хийсний дараагаар тоосгон өрлөг эхэлдэг байлаа.

Их хүнд ажлыг эмэгтэйчүүд хийдэг байсан байна. Тэр үед эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ажлын хуваарилалт ямар байсан бэ?

Эмэгтэйчүүд нь чулуундаа явна, чулуугаа зөөнө, элс шигшинэ, шавар зуурна. Зуурмагаа насилканд хийгээд өрлөгчинд аваачиж өгнө. 25 метр газар шавар дамжилдаад явдаг байсан. Гэрийн буурьны чинээ дугуйлаад цемент элс хоёроо холиод, 10-ын хувингаар усаа зөөж хийнэ. Зөөвөрчний ажил хамгийн хүнд, хэцүү нь байлаа. Эрэгтэйчүүд нь ихэвчлэн өрлөг хийдэг. Биднийг хоёр том чулуу өнхрүүлээд, зөөгөөд очиход эрчүүд маань эвийг нь олоод их хурдан эвлүүлж тавиад өрлөгөө хийчихдэг байсан.

Барилгачин хүний ажлын баяр бахдал нь юу байдаг вэ? Тэр их ажлын үед та ядарч шантарч байв уу?

Заримдаа хэцүү байсан ч би шантарч байгаагүй. Барилгын ажил маань хамгийн сайхан ажил мэргэжил. 24 айлын орон сууц гурвыг барьсан. Өөрийн гараар барьсан байрандаа амьдрана гэдэг үнэхээр сайхан. Барьсан барилгаа харах бүр сайхан.

Та өөрийн барьж бүтээн байгуулж байсан барилга, бүтээн байгуулалтаасаа дурдаач? Тэр үед хамгийн сайхан барилга нь ямар барилга байсан бэ?

Онон ресторан гоё барилгад тооцогддог байлаа. Тэмээн тэргэн дээр 8-ын хувин, хүрз, жоотуу тавиад рестораны суурийг тавихаар явж байлаа. Хашаа барина гээд шонгийн нүх ухаад газар хөлөө жийж суугаад банзаа гар хөрөөгөөр хөрөөдөөд хадна гээд бүхий л ажлыг гараар хийдэг байсан. Би хамт олонтойгоо Гурилын үйлдвэр, Тоосгон завод, аймгийн захиргаа, сургуулийн 75 хүүхдийн дотуур байр, 100 хүний суудалтай гуанз, ТМС, 1 дүгээр арван жилийн сургууль, Баян-Овоо, Баянхутаг, Жаргалтхаан сумдын зочид буудал, сургуулийн барилга, дотуур байр, халуун усны барилга, хүүхдийн ясли, гурван 24-ийн барилга гээд олон барилга барьсан. Хажуугаар нь явах бүртээ би энэ барилгыг барьсан шүү дээ гэж бодохоор үнэхээр бахдалтай сайхан байдаг.

Та барилгын салбарт ажиллаж байсан сайхан дурсамжаасаа хуваалцаач?

Одоогийн 25 метрийн урттай уурын зуухны яндангуудыг өрж хийх үеэр маш бага тойрог зайд модон шатан дээр насилктай чулуугаа зөөгөөд явдаг байсан. 1975 онд аймгийн бүх байгууллагуудын дунд буухиа тэмцээн болсон юм. Тэр үед би 50 настай байсан. 50 кг-ын шуудайтай элс үүрээд нарийхан банзан дээгүүр дээшээ гарч, доошоо буугаад бараг л гүйж байсан. Шуудайтай элс үүрээд явах энэ хэсэгт барилгын салбарынхнаас бусад нь хийж чадаагүй. Би тэр тэмцээний II байранд шалгарсан.

Тэр үед норм норматив, төлөвлөгөө гээд ажлаар их шахдаг байсан байх. Хүүхдүүддээ цаг гаргаж чаддаг байсан уу?

Хүүхдүүд маань ээж аавынхаа барааг их ховор харна шүү дээ. Бид өдөрт 10 цаг ажиллана. Барилгаа хүлээлгэж өгөх дөхвөл гэртээ ч харих завгүй өдөр шөнөгүй ажилладаг байлаа. Өдөржингөө л элс шороо, чулуутай ажиллаж байгаа болохоор хөл гар тэр чигээрээ л шавар шороо болчихно. Ажлын үеэр өндрөөс нисэж унаад, ойчвол эмнэлэгт очиход шороотой хувцастай байж болохгүй, барилгачдынхаа нэрийг муугаар гаргахгүй, хүүхдүүдээ эвгүй байдалд оруулахгүй гээд л ажлаа тарж ирээд л оройд гар хөл, хувцсаа заавал угаадаг байлаа.

Таны мэргэжлийг өвлөсөн барилгачин, гарын шавь нар олон уу?

Ууган хүү Б.Юра маань Барилгын ТМС-ийг төгсөөд өрлөгчин болсон. Аварга өрлөгчин болоод ээжийгээ баярлуулж байлаа. Хүргэн, ач зээ нар маань ч бас барилгын салбараар овоглоод явж байгаа. Хэдийгээр би номыг нь үзээгүй ч гадаад дотоодын сургууль төгсөөд ирж байсан хүүхдүүдэд зааж зааварлаад, хийх ажлуудад нь зөвлөөд явж байсан. Тэдэнтэйгээ багш шавийн барилдлагатай болсон доо.

Та барилгын салбарын хамт олондоо хандаж баярын мэндчилгээ дэвшүүлж, сургаалиа хайрлаач?

Их барилга, бүтээн байгуулалтаар улс орны хөгжил цэцэглэлтэд өнгө үзэмж нэмдэг барилгын салбарынхандаа баярын мэнд дэвшүүлье. Одооны барилгууд машин техник сайтай, өргөгч крантай, обой наалттай материалуудтай, хүний хөдөлмөрийг их хөнгөвчилсөн сайхан болжээ. Тийм болохоор чанартай, үзэмжтэй сайхан барилгуудыг бариарай.

Танд маш их баярлалаа. Урт насалж, удаан жаргаарай, эрүүл энх, сайн сайхан бүхнийг танд хүсье.

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв