“Орон нутгийн эдийн засгийн хөгжилд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь” сургалт боллоо


“Орон нутгийн эдийн засгийн хөгжилд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь” сургалт боллоо
2020 оны 09 сарын 18. 06 цаг 24 минут

“Хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжилд жендэрийн эрх тэгш оролцоог хангах нь” буюу ИМПАКТ төсөл Хэнтий аймгийн Биндэр, Мөрөн, Хэрлэн сумдад хэрэгжихээр болж “Орон нутгийн эдийн засгийн хөгжилд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь” сэдвээр эхний сургалтаа зохион байгууллаа. Сургалтыг Монголын эмэгтэйчүүдийн сангийн мэргэжилтнүүд хоёр өдрийн турш удирдаж, хүнсний ногоо тариалан болон мал аж ахуйн салбарын иргэний нийгмийн байгууллагууд, эмэгтэйчүүдийн бүлгийн төлөөлөл оролцсон юм. Оролцогчид эдийн засгийн хөгжилд жендэрийн эрх тэгш байдал ямар ач холбогдолтой байдаг, энэ байдлыг орон нутгийн төвшинд хэрхэн хангах талаар анхан шатны ойлголт, мэдлэгтэй болсон юм.  

Сургалтын үеэр жендэрийн эрх тэгш байдлын талаар онолын мэдлэг олгохоос гадна амьдралд ойр сэдвээр дасгал ажлууд хийлгэж байсан нь оролцоотой бас сонирхолтой байлаа. Жендэрийн эрх тэгш байдлын тухай мэдлэгийг хүүхэд ахуй наснаас нь олгохын ач холбогдлыг дасгал ажил хийлгэх хэлбэрээр ойлгуулж, эрэгтэй, эмэгтэй хүний ажил, үүргийн зөв хуваарилалт өрхийн гишүүдийн хандлага, хөгжилд ямар их давуу тал бий болгодог талаар бодит амьдралаас сэдэвлэн тайлбарлаж байлаа.

Гэр бүл, хамт олон, удирдах албан тушаалтан нартай харилцахад учирдаг асуудлыг хэрхэн жендэрийн мэдрэмжтэй шийдэж болох аргуудыг “хэлж өгөх” зорилгоор оролцогчдыг “Тохиролцоо” жүжгийн дүрүүдэд хувирган тоглуулсан нь их үр дүнтэй бас хөгжилтэй байсан бөгөөд оролцогчид “асуудлыг асуудал гэж хүлээн авалгүйгээр шийдвэрлэх аргуудад суралцах нь их чухал байдаг юм байна” хэмээн санал нэгдэж байв. Харин “Цоорхой хувин” дасгал ажлын үеэр оролцогч бүр өрхийнхөө орлого, зарлагыг зураглаж, жилийн турш хэрхэн эдийн засгийн алдагдалгүй, тооцоололтой байх хувилбаруудыг хэлэлцэж, нэг нэгнээсээ суралцаж байлаа.

Сургалтын хоёр дахь өдрийн төгсгөлд оролцогчид сурсан зүйлсээ дүгнэж, жендэрийн эрх тэгш байдлын талаарх үзэл, хандлагаа хэрхэн эерэгжүүлэх, төслийн хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар саналаа солилцсоноор үр дүнтэй, агуулгаар баялаг сургалт ийнхүү өндөрлөв.

ИМПАКТ төсөл Хэнтий аймгийн Биндэр, Мөрөн, Хэрлэн сумд, Архангай аймгийн Цэцэрлэг, Жаргалант, Эрдэнэбулган сумдад тус тус хэрэгждэг бөгөөд орон нутгийн төвшинд шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх замаар тогтвортой ноолуур, органик ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв