Ж.Тогтох: НОМЫН САНГААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ИРГЭДИЙН ХӨЛ ХӨДӨЛГӨӨН ИХ БАЙНА


Ж.Тогтох: НОМЫН САНГААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ИРГЭДИЙН ХӨЛ ХӨДӨЛГӨӨН ИХ БАЙНА
2020 оны 09 сарын 19. 03 цаг 52 минут

Засгийн газрын шийдвэрээр бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 21-нээс энгийн горимд шилжүүлсэнтэй холбоотойгоор Нийтийн номын санг зориход уншлагын танхимууд уншигчдаар дүүрсэн, үүдэндээ “Та авч болно-Өгч болно” гэсэн хоёр ч номын тавиур байрлуулсан нь уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн сайхан ажил болжээ. Өөдлөх айл үүднээсээ гэж гаднаас ороход л цэвэр цэмцгэр, дулаан орчин угтав. Нийтийн номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар захирал Жүмпэрэлийн Тогтохтой ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.

 

-Сайн байна уу? Номын сангийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж эхэлж байна уу?

-Тийм ээ. Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд номын сангийн үйл ажиллагаа бүхэлдээ хориглосон байсан нь Улсын Онцгой комиссын шийдвэрээр бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа болон бусад соёл, олон нийтийн үйлчилгээнүүд энгийн горимд шилжлээ. Үүнтэй холбогдуулан Номын сангаар үйлчлүүлэх гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн их байна. Бид амны хаалт, гар ариутгал зэрэг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан уншигч иргэддээ уншлагын танхимуудаараа хэвийн үйлчилж эхэллээ. Мөн энэ хугацаанд аймгийн Засаг даргын дэмжлэгээр номын сангийн цахим санг бүрдүүлэх ажлыг зохион байгууллаа.

-Одоогийн байдлаар Нийтийн номын сан маань сан хөмрөгтөө хичнээн номтой вэ? Үүнээс хэдэн хувийг нь цахимжуулаад байгаа вэ?

-Манай номын сан нийт 51899 номын үндсэн фондтой. Одоогийн байдлаар сан хөмрөгт буй нийт номынхоо 80.8 хувийг цахим бүртгэлд оруулаад байна. Өмнө нь аймгийн Засаг даргын зүгээс энэ ажлыг дэмжин төсвийг шийдвэрлэсэн байсан ч цахим сангийн ажлыг хэрэгжүүлээгүй, удаашралтай, бүтэн жилийн хугацаанд нийт номынхоо дөнгөж 10 ч хүрэхгүй хувийг цахимжуулсан байсныг сая хөл хорионы үеэр тус цахимжуулах ажлыг зохион байгуулж, ойрын хугацаанд 100 хувь цахимжуулах бүрэн бололцоотой байна.

-Удахгүй болох “Номын баяр”-ыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ?

-Жил бүрийн 9 дүгээр сарын 3 дахь 7 хоногт “Номын баярын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор зохион байгуулна. Номын баяр маань “Соёлын цаг” нөлөөллийн аянтай цаг хугацааны хувьд давхцаж байгаа тул бид бусад соёл, урлагийн байгууллагуудтайгаа хамтран Соёлын цаг нөлөөллийн аянд нэгдээд хамтарсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хүрээнд бүх багуудад номын сангийн үйлчилгээ, шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэнг үзүүлэх юм. Мөн уншигчийн картыг үнэ төлбөргүй олгох, бусад төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан ном, хэвлэлийн булан байгуулна. Түүнчлэн хүүхэд багачуудыг номонд дуртай болгох номд хөтлөх бүхий л арга хэмжээнүүдийг танхимуудаар, баг хороодод цахимаар болон бусад төрөл хэлбэрээр уншигчиддаа хүргэн ажиллаж байна.

-Энгийн горимд шилжсэнтэй холбоотойгоор ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орох уу?

-Манай номын сан Нийтийн уншлагын танхим, Хүүхдийн уншлагын танхим, Гэрээр ном олгох танхим гэсэн гурван танхимаар Даваа-Баасан гаригуудад 8.30-17.30 цагийн хооронд олон нийтэд үйлчилж байна. Ер нь ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчид үдээс хойш, орой болтол уншлагын танхимуудаар, харин насанд хүрэгсэд, өндөр настнууд, судалгаа шинжилгээ хийж буй уншигчид, ЕБС-ийн бага ангийн сурагчид маань өглөө эрт танхимаар үйлчлүүлэх сонирхолтой байдаг. Бидний зүгээс ажил, амралтын өдрүүдэд ч цаашилбал 24 цагаар ч үйлчлэх хүсэл мөрөөдөлтэй байдаг ч хүн хүч, орон тооны нөөц боломж дутагдалтай амралтын өдрүүдэд танхимуудыг ажиллуулахад байгууллагын эд хөрөнгө, харуул хамгаалалтын ажил алдагдах бэрхшээл байна. Хэдийгээр байнгын сахиултай ч гэсэн энэ хүн маань мөн л Хөдөлмөрийн тухай хуулиараа олгогдсон ажил амралтын зохицуулалтыг эдлэх эрхтэй.

-Цаашдаа Нийтийн номын сангийн удирдлагын зүгээс та ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Миний хувьд энэ албан тушаалд томилогдоод 2.5 жил боллоо. Энэ хугацаанд уншигч төвтэй, олон нийтэд нээлттэй байж хөнгөн шуурхай үйлчлэх, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэхийг гол зорилгоо болгож ажилласан. Энэ ч утгаараа бид цахим санг бүрдүүлэх, цахим сүлжээнд ажиллах, цахимаар бүхий л үйл ажиллагаануудаа сурталчлан таниулах ажлуудыг голлон хийсэн. Мөн номын сангийн фондод бүртгэлгүй, хадгалалт хамгаалалтгүй байсан “Урагшаа” сониныг бүртгэлжүүлэн сэлбэн засалт хийлээ. Цаашдаа цахимжуулах зорилготой байгаа. Мөн Саран хөхөөний намтар, Хуульч Сандагийн хэлсэг үг домог, Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл гэх зэрэг муутуу цаасан дээр буулгасан ном судрууд цөөнгүй бий. Эдгээр ном судруудын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, ховор номын жагсаалтад оруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн орон тоо, бүтцээ нэмэгдүүлж уртасгасан цагаар ажилладаг номын сан болохыг зорьж байна.

Зав гарган ярилцсан танд баярлалаа. Орчин цагтайгаа хөл нийлүүлэн эртний ховор ном судруудаа цахимжуулах, уншигч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн соён гэгээрүүлэх үйлсийг залж байгаа танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв