Хүчирхийлэл хүчирхийллээ дагуулсаар байна


Хүчирхийлэл хүчирхийллээ дагуулсаар байна
2020 оны 10 сарын 08. 12 цаг 19 минут

Хэрлэн сумын Баянмөнх багт 5 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө иргэн 36 настай “А” бусдад хэрцгийгээр зодуулж, тамлуулсан хэргийн Шүүх хурал энэ сарын 14-нд болох ажээ.

Хохирогч “А” танилындаа очиход зүс таних нэг залуу, үл таних нэг залуу байжээ. Тэд маргасны улмаас 20 гаруй настай хоёр залуу түүнд хүч хэрэглэн бэлэг эрхтнийг нь гаргаж, мяндсан утсаар боож, арьсыг нь хуулсан байна. Мөн хүч хэрэглэн зодож, баруун гарын бугалга, зүүн эгмийг хугалж гэмтээжээ. Хохирогчийн эгэмнээс 2 яс хугарч унасан, маш их өвдөлттэй, өвчин намдаах эм тариа байнга хэрэглэж байгаа аж.

Хэрэг болж өнгөрснөөс хойш 5 сарын хугацаа өнгөрч байгаа хэдий ч хэрэг шийдэгдээгүй байсаар байна. Хохирогч “А” хүний асаргаанд байдаг бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 3, хотод ГССҮТ-д 1 удаа хагалгаанд оржээ. Энэ хугацаанд бугалгыг хадсан ч эргэж идээлж үрэвссэн учраас хадаасыг нь задлаад эмчилгээ хийсэн ч дээрдээгүй, ясны идээг хусаж, махыг угааж цэвэрлэн хагалгаа хийлгэсэн ч идээлж үрэвсэн, эдгэхгүй байгаа юм байна. Бэлэг эрхтэний нэг удаагийн хагалгаа хийсэн. Дахин хагалгаа хийх ёстой ч бугалга эдгэхгүй байгаа учраас хагалгаанд орох боломжгүй байна.

Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу баруун гарны бугалганы гэмтлийг хүндэвтэр, бэлэг эрхтний гэмтлийг хөнгөн зулгаралт гэж гаргасанд ээж нь гомдолтой байна. Иргэн А-ийн аав хүнд өвчний улмаас жил гаруй гэртээ асруулж байгаад нас бараад 49 хоног нь гүйцээгүй байгаа бөгөөд иргэн А өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн учраас ээжээсээ түрүүлж өнгөрнө, архи ууж байгаад үхэхээс өөр аргагүй байна гэж ээждээ хэлж, өвчин зовлонгоо мартахын тулд архи уун, сэтгэл санааны гүн хямралд орсон байна.

Хохирогчийн тал санхүүгийн асуудлаас шалтгаалан өмгөөлөгч авахад маш хүндрэлтэй байгаа бол гэмт хэрэг үйлдсэн залуус хэрэг нээх үеэс л өмгөөлөгч авч, гадуур сул сэлгүүцэж явна. Жигшүүрт хэрэг үйлдсэн залуус эмчилгээний зардалд 2650000 төгрөг өгсөн бөгөөд нэмж өгч чадахгүй учраас ялаа эдлэе гэжээ. Эдгээр залуус хүний мотоцикл дээрэмдэж хөдөөгүүр явдаг, хүнээс мөнгө булааж архи уудаг, эмчилгээнд нь өгнө гэж худлаа хэлж эмээгээсээ мөнгө авч архи уугаад явж байсан талаар хохирогчийн ээж ярьж байлаа.

Хорь гаруйхан насандаа хүнийг эрэмдэг болгон тамлачихаад цэрэгт ингэдэг юм гэж хэнэггүй хариулжээ. Олон аавын хүүтэй нөхөрлөн, оюун санаа тэлж, бие бялдраа хөгжүүлэн, тэсвэр хатуужилтай болохоор цэргийн албанд татагддаг залууст ийм хэрцгийлэл харгислалыг зааж, тамлан зовоодгоо болихгүй бол энэ мэт тамлалыг олон ээж аавын хүүхдүүд амсаж, гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр байна. Мөн эдгээр залуусын ар гэрийнхэн одоог болтол хохирогчийн ар гэртэй уулзаж, уучлал гуйгаагүй нь харамсалтай. Магадгүй гэрийн суурь хүмүүжил дутмаг, ээж аавын халамж, анхаарал сул учраас залуус одоог болтол гэмт хэрэг үйлдсээр, архи, согтууруулах ундаа хэрэглэсээр явна. Шүүх, цагдаагийн байгууллагын өөрчлөлт шинэчлэлт ч мөн нэн шаардлагатай байгааг энэ хэргийн байдлаас харж болохоор байна.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв