Өнөөдөр Чингис хотод Монгол Улсын Ерөнхий сайд болон албаны бусад хүмүүс ажиллалаа


Өнөөдөр Чингис хотод Монгол Улсын Ерөнхий сайд болон албаны бусад хүмүүс ажиллалаа
2020 оны 10 сарын 10. 10 цаг 25 минут

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Д.Цэдэвсүрэн, Соёлын дэд сайд М.Батбаяр нар өнөөдөр Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн нээлтэд оролцон, музейн барилгын ажлын явцтай танилцаж, иргэдтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын зорилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулав. Засгийн газар эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, эрүүл хүнсээр дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангаж, дэд бүтэц, боловсруулах үйлдвэр, цахим систем, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан зэрэг салбараа хөгжүүлэхийг зорьж байгааг хэлэв. Тухайлбал, 10 сая малын арьс шир зэргийг боловсруулах, зэс хайлуулах болон нүүрс баяжуулах, гангийн үйлдвэр зэргийг ирэх жилүүдэд ашиглалтад оруулна гэдгийг дурдав. Цаашид бүх шатанд сахилга, хариуцлагаа дээшлүүлж, иргэддээ түргэн шуурхай үйлчилдэг байхыг анхааруулав.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Баялаг бүтээгчдээ дэмжих ёстой. Баялаг бүтээгчид , үйлдвэрлэлийн салбараа дэмжиж байж ажлын байрыг бий болгоно. Баялаг бүтээж байгаа, ажил хийж байгаа амьдралаа өөд нь татахын төлөө зүтгэж байгаа бүх хүмүүсийг төр засаг дэмжиж байх хэрэгтэй. Үндэсний баялаг бүтээгчдийг бүх талаар дэмжиж туслах ёстой. Нөгөө талаар Монголын ард түмэн эх оронч худалдан авагчид байх ёстой. Идэж, өмсөж байгаа бүхий л зүйлээ өөрсдийнхөө хийсэн сонгол бүтээгдэхүүнээ авбал монголоо гэсэн сэтгэлтэй хүн байна гэж харж болно. Энэ бол эх оронч сэтгэлгээ шүү. Үүнийг дагаад баялаг бүтээгчдийн ажлын байр бий болно. Эх орондоо үйлдвэрлэсэн бүхий л зүйлийг хэрэглэцгээе. Та бүхэнд уриалж байна.” гэлээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мөн ирэх жилүүдэд Хэрлэн суманд хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлын талаар товч танилцуулав. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхий сайд болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь боловсрол, эрүүл мэнд, соёл, барилга, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг олон салбарт үр дүнгээ өгч байгаад иргэд талархалтай байгаагаа илэрхийллээ. Ялангуяа олон жилийн дараа Соёлын яам байгуулсан нь цаг үеэ олсон шийдвэр гэдгийг олон хүн хэлэв. Цаашид цар тахлаас шалтгаалан ажил нь хойшлоод байгаа Дулааны цахилгаан станц болон нисэх буудлын барилга угсралтыг эрчимжүүлэх, сургуулиудын Мэдээлэл зүйн кабинетуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх, төмс, хүнсний ногооны зоорьтой болох,  ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аймаг бүрт хүүхэд асрах төв байгуулах зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв