Хариуцлагагүй ажилласан барилгын компианиудыг "Хар жагсаалт"-д оруулах санал хүргүүлэв


Хариуцлагагүй ажилласан барилгын компианиудыг "Хар жагсаалт"-д оруулах санал хүргүүлэв
2020 оны 10 сарын 20. 06 цаг 37 минут

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хариуцлагагүй ажилласан барилгын компанийг хар жагсаалтад оруулна гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд үүний дагуу "Хөвсгөл геологи" ХХК,  "Гранд очир констракшн" ХХК-ийг тендерт оролцох эрхийг хязгаарлах саналаа Сангийн сайдад хүргүүлээ.

Учир нь "Гранд очир констракшн" ХХК нь Дэлгэрхаан сумын спорт заалны барилгын  тендерт шалгарч 2019.11.19-нд дуусган хүлээлгэн өгөх байсан боловч  материал таталт хүн хүчний дутмагаас шалтгаалж ажил оройтож, хүйтний улиралд эхэлснээс үүдэн хөлдөлт үүсч, барилгын ажилд алдаа гарсан байна. Мөн дотор хананы өрөлтийн стандартыг зөрчсөн тул  ажлыг зогсоож  2 удаа буулгаж, дахин цутгалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 65 хувьтай байгаа юм.

Харин "Хөвсгөл геологи" ХХК нь Хэрлэн сумын 200 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэсэн боловч хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, дээврээс ус нэвчиж, ангиудын ариун цэврийн өрөөнүүдээс ус алдсан, аваарын хаалгануудад давхар хаалга хийгээгүй, гал тогооны салхивч сорохгүй, гадаах талбайн тохижилт хийгээгүй зэрэг зөрчлүүд гаргасан байна.

Энэ мэтчилэн төрийн ажлыг гацааж, иргэдийг хохироож байгаа барилгын компаниудад цаашид ч хариуцлага тооцох болно гэдгээ аймгийн удирдлагуудын зүгээс илэрхийллээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв