Эмэнд тэсвэртэй сүрьеэг хоёр цагийн дотор оношлож байна


Эмэнд тэсвэртэй сүрьеэг хоёр цагийн дотор оношлож байна
2020 оны 10 сарын 21. 09 цаг 17 минут

Сүрьеэг эрт илрүүлэх, улмаар эмэнд тэсвэртэй сүрьеэг богино хугацаанд буюу хоёр цагийн дотор оношлох боломжтой GeneXpert төхөөрөмжийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт ашиглаж байна. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ДЭМБ, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан хамтран 2016-2019 онд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд энэхүү төхөөрөмжийг аймаг, нийслэлийн эмнэлгүүдэд өгсөн бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэг 2019 оны 12 дугаар сард хүлээн авчээ. Уг төхөөрөмжийг ашиглан шинжилгээ хийх эмч, лаборантууд ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид сургалтад хамрагдан мэргэшсэн байна.

Манай улсад жилдээ 5000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагаас 4000 гаруй нь мэдрэг сүрьеэ, 500 орчим нь эмэнд тэсвэртэй сүрьеэ байдаг ажээ. Эмэнд тэсвэртэй сүрьеэ нь нэг эмэнд, цөөн эмэнд, олон эмэнд, маш олон эмэнд тэсвэртэй гэсэн тохиолдлууд байдаг байна. Сүрьеэгийн эрт илрүүлэлт 30 хувьтай байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол нэмэгдэх хандлага байгаа учраас оношилгоо, тоног төхөөрөмжүүдийг сайжруулж, эрт илрүүлгийг идэвхжүүлж байгаа юм.

Молекул биологийн хурдавчилсан шинжилгээний арга болох GeneXpert шинжилгээг нэвтрүүлснээр сүрьеэгээс гадна элэгний “С” вирус, гепатитын вирусын ачаалал тодорхойлох буюу РНХ/ДНХ тоолох тоон шинжилгээ хийдэг ажээ. Мөн овор багатай бүрэн автомат учир ажиллагаа хялбар, сумдаар явж шинжилгээ хийх бүрэн боломжтой. Түүнчлэн уг төхөөрөмж нь 98 хувийн мэдрэх чадвартай, дэлхийд хамгийн орчин үеийн бүрэн автомат вирус тоолох тоног төхөөрөмж бөгөөд вирус тоолох олон үйлдлийг ганцхан багажаар хийдэг систем юм.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв