Түмэн үрсийн хүйн ээж


Түмэн үрсийн хүйн ээж
2020 оны 11 сарын 11. 12 цаг 00 минут

Хүйн ижий хэмээн хүндлэгдсэн Гомбын Ичинхорлоо гуайтай Хэнтий аймагт эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээн дээр таарч, хоромхон зуур хөөрөлдсөнөө уншигч танаа хүргэж байна.

Хэнтий аймагт Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Эрүүл мэндийн салбартай холбогдсон таны түүхэн дурсамжаар яриагаа эхлүүлье.

Баярлалаа. Би химийн багш болох хүсэлтэй байсан ч сургуулиа төгсөх үед багш нар маань намайг Худалдааны техникумд хуваарилсан юм. Би тийшээ явахгүй гэтэл Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуульд хуваарилагдсан. Тэгээд л Данзан гэдэг жолоочоор хүргүүлээд бид 17-уулаа Дорноговьд очсон. Биднийг захиргаан дээр очтол манай энд тийм сургууль байхгүй гэсэн. Эрүүлийг хамгаалах газарт очтол Жамъянжав захирал, Очирхүү, Дашхүү, Цэнд-Аюуш багш нар маань хүлээж авсан. Хэнтийнхэн, Дорнодынхон, Дундговийнхон нэг нэг бор эсгийн дээр, Өмнөговийнхон сүүлд ирсэн болохоор палатканд 8 сараас 11 сар хүртэл өөрсдийнхөө хөнжил гудастай байж байгаад 11 дүгээр сарын 7-ны орой Эрүүлийг хамгаалах газрын Улаан буланд үдэшлэг хийж, Мөрдөн, Тахлын байшин барилгуудыг өөрсдөө засч, хичээлийн байр, дотуур байр, гал тогоогоо засч сургуулиа байгуулсан түүхтэй. 2022 онд сургуулийн маань 60 жилийн ой болно. Сургуулийнхаа анхны төгсөгчдийн хувьд манай ангийнхан дуу зохиож Хонхны баярын дуу болгоод сургуульдаа дургасан. Бас манай ангийнхан нийлээд төрийн бус байгууллага байгуулсан, жил бүр хамтдаа амарч аялдаг гээд одоог хүртэл холбоотой байдаг.

Сургуулиа төгсөөд ажил амьдралын гараагаа хэрхэн эхлүүлсэн бэ?

Би сургуулиа Эх баригч эмчээр төгссөн. Сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн Эрүүлийг хамгаалах газар Улаан загалмайн хорооны орлогчоор ажиллаж байгаад гэр бүлийнхээ хүнийг сургуульд явахаар нь өөрийн төрсөн нутагтаа очно гээд хүрээд ирсэн. Тэгээд аймагтаа ирээд 1969 оны 11 дүгээр сарын 5-д Түргэн тусламжийн станцын бага эмчээр ажилд орж байлаа. Эмнэлгийн баруун талын жижигхэн цагаан байшинд Түргэн тусламжийн станц маань байрлаж байсан. 1974 онд эх баригчийн мэргэжил дээшлүүлэх курст аймгаасаа Чимгээ, Чулуунбат, Байгальмаа бид дөрөв 3 сар явж, суралцсан. Ирээд Төрөх тасагтаа хүүхдийн бүтэлтээс хамгаалах багажийг ажиллуулж, төрөхийн ариутгал хийх, төрсөн хүүхдийн салстыг соруулах, анхны төрөгчид хярзангийн урагдал гаргахгүйн тулд урьдчилж хайчлаад төрсний дараа эргүүлээд оёж төрөлтийн урагдал гарахаас сэргийлэх гээд тэр үедээ санаачлан хийж, эхлүүлсэн ажлууд олон бий. Гэрт амарч байхад та хэзээ жижүүртэй вэ гэж их асууна. Таныг ирэхээр төрнө гээд хүлээж байсан тохиолдлууд хүртэл байдаг. Хүн над дээр төрье гэсэн хүсэл байжээ, хүнд таалагдаж байжээ гэж өөрийгөө үнэлж баярлан урамшиж, ажлаа улам хичээнгүйлэн хийдэг байсан. Тэгтэл Батчулуун Түргэн тусламжийн станцын ажлыг сайжруул гээд, станцын даргаар зургаан жил гаруйн хугацаанд ажилласан. Гэтэл Батсүх эмч ирээд мэргэшсэн эх баригч эмчийг өөр газар ажиллууллаа, эхийн хүндрэл гараад байгаа учраас мэргэжлийнхээ ажлыг хийх ёстой гээд Эх барих тасагтаа эргэж ирээд 1986 он хүртэл ажилласан.

Эх барих тасгаасаа Зооноз руу яагаад шилжих болсон юм бэ?

Нэг удаа ажлынхантайгаа концерт үзээд сууж байтал Байгальмаа, Янжмаа эмч хоёр манай гоцод зургаан цагийн ажилтай, хорны нэмэгдэлтэй, сайхан ажил байгаа, хариуцлагатай учраас та л хийж чадна гэж хэлсэн. Тэгээд жижүүрт гарахгүй, хүүхдүүдтэйгээ хамт байх цаг завтай болох нь гэж баярлаад зөвшөөрсөн. Тэгтэл 21 хоногийн мэргэжил дээшлүүлэх курст явж лаборант болох ёстой гэсэн. Тэгээд ажлаа зохицуулаад хоёр хоног хоцроод сургалтандаа очтол гавъяат эмч Гоогормаа хичээл орж байсан. Хичээл дундуур Хэнтийгээс ирсэн хүн хаана байна, юу хийдэг байсан хүн бэ гэж асуусан. Би эх баригчаар ажиллаж байсан гэтэл мэргэшсэн лаборант ирж мэргэжил дээшлүүлэх ёстой байтал эх баригч явуулж байдаг, чи хийж чадах уу гэж асуусан. Би чадна гэж хэлээд сургалтаа үргэлжлүүлсэн. Ихэнх нь мэргэжлийн хүмүүс байсан учраас багаж, ажиллах хэрэгслүүдээ бүгдийг мэдэж байсан. Тэр үед би маш их эмээж байлаа. Тэгээд Увс аймгийн Дашдаваа гэдэг ахмад лаборантын 45 хоногийн сургалтын лекцийг аваад ахындаа очиж, шөнө нойлын өрөөнд сууж хуулж бичин, хичээлээ уншдаг байсан. Тэр үед Баян-Өлгийгөөс Мурат, Багануураас Эрнийз гээд надтай адил анхан шатнаас нь эхэлж байсан хоёр хүнтэй хамт заримдаа хичээлээ хийдэг байлаа. Серологи бактериологич мэргэжлээр лаборант болж төгсөж ирээд Зоонозод ажиллаж тахлын өсгөвөр илрүүлж, оношлууруудаа өөрөө найруулдаг болсон. Удалгүй Чандаганы тахлын голомтод орж ажилласан. Сургалтан дээр хуулж бичсэн дэвтрээ байнга авч явна. Шарилаас дээж авч, амьтдад сорьц хийж байгаад дунд чөмөгний хэм ясны дээжээ хадгалж, сэлгэн суулгалт хийсээр байгаад уушигны хэлбэрийн тахал болохыг тодорхойлж, анх удаа хүний хэлбэрээр тохиолдсон 01-ийн голомтоо илрүүлж, маш их баяртай байсан. Тэрнээс хойш Зооноздоо Намж, Янжмаа эмч, Наранхүү даргынхаа удирдлага дор ажиллаж маш их юмыг сурсан.

Таны ажил мэргэжлийн бахархал юу вэ? Хамтран ажиллагсадтайгаа хэрхэн гар нийлж ажилладаг байсан бэ?

Зовсон, зүдэрсэн, айсан, сандарсан үед хүнд анхны болоод эцсийн арга хэмжээг авч, амьдрал хайрлаж явдгаараа үнэхээр бахархалтай, сайхан мэргэжил. Би тасаг тасагт ажиллаж, Батсүх, Хишгээ, Аюуш, Адъяа, Дугаржав, Бишүүбазар эмч нар, жижиг Ихо, Жадамбаа эх баригч, Мижидсүрэн, Бадамгаа гээд алтан үеийн сайхан хүмүүстэй ажиллаж байсан болохоор их олон зүйлийг сурсан. Одоо 78 нас хүрч тэтгэвэртээ гаран Багануур дүүрэгт амьдарч байгаа ч хамт олонтойгоо үргэлж холбоотой байдаг. Алтан үеийн сайхан хүмүүсийн маань эрч хүч, энерги надад шингэсэн гэж би боддог. Тиймээс ч орой унтахдаа ч, өглөө сэрэхдээ ч тэд нарыгаа бодож сэрдэг. Баяр ёслол, арга хэмжээ бүрт би ирдэг. Энэ зун гэхэд бид амралтанд олуулаа сайхан амарсан.

Та хичнээн хүүхдийг эх барьж авсан бэ? Хүүхэд эх барих үед хүндрэл гарч байсан уу? Хүндрэл гарсан үед та өөрийгөө хэрхэн тайвшруулж байсан бэ?

Би 1220 гаруй хүүхдийг эх барьж авсан. Мэдээж янз бүрийн нөхцөл байдал үүсдэг. Маш хүнд тохиолдолтой таарахаараа, сандраад, яарахаараа дуулдаггүй ч гэсэн өөрийгөө тайвшруулаад дуу аялдаг. Дуу аялах үед нөгөө ижий тайвшрах төдийгүй би өөрөө тайвширдаг байсан. Нэг удаа эмч нар маань бүгд сум руу дуудлаганд явсан үед Хадаа гэдэг нөгөө ангийн маань эмэгтэй нилээн удаж, гурван литр гаруй цус алдаж төрсөн. Тэр үед бүх юмыг өөрөө шийдээд тэнд байгаа эм тариаг ихдэх багадах нь хамаагүй бүгдийг залгуулаад, гол судсан дээр нь дараад, ихэсийг гардаж аваад төрүүлсэн дээ. Шавхрага нь ус шиг цагаан гарч, цусгүй болсон Хадаа маань шоконд ороод, урт урт эвшээгээд, царай нь цайгаад ирсэн. Эвшээхийг нь зогсоох гээд гуян дээр нь алгадахаар цочир аваад сэргэнэ, найзаа чи үхэж болохгүй шүү, эм тариа хийж байгаа шүү гээд л зогсоо зайгүй ярина. Тэгэж байтал Сэрээтэр эмч, дуудлаганд явсан эмч маань ирсэн дээ. Хадаагаа санахаас, харахаас бахархаж явдаг байсан.

Тэр үед үзлэг оношилгоогоо хэрхэн хийдэг байв, түргэн тусламжийн дуудлагын машин хэр хүрэлцээтэй байсан бэ?

Тэр үед чихээрээ чагнаад гараараа тэмтрээд өөрөө өөртөө итгэж онош тавьдаг байсан. Одоо бол дэвшилт нь их сайн боловч дамжлага ихтэй, туслах кабинетуудаар түшиглэдэг, очер дугаар ихтэй болжээ. Бид нар 8х16 цагаар ээлжлэн гарч, унаатай, явган янз бүр л явна. Өдөрт 120 гаруй дуудлага  ирдэг байсан. Бид нар Сангийн аж ахуй, Малчдын хороо руу явган явна. Тэр үед ноход боргоогоод, шөнөөр явахад маш их айдаг байсан ч бид тангараг өргөсөн юм чинь явах ёстой гээд өөрийгөө зоригжуулаад алхдаг байлаа. Шөнө дуудлага аваад аль гудамжаар ирэх вэ, тосъё гэхэд үнэхээр их баярладаг байсан. 1000-ын дугуйтай ирвэл сундлаад явдаг учраас бүр баярлана. Нэг удаа Захиргааны хойд талын хашаанаас ус нь гарсан эмэгтэйг нөхөртэй нь хамт дамжилж яваад Төрөх тасагтаа аваачиж хэвтүүлж байлаа.

Ажлаа хийх үедээ таны барьдаг зарчим юу вэ? Залууст та юу захиж хэлэх вэ?

Хүний сэтгэлд сайн зүйл нь дурсамжтай, саар зүйл тохиолдсон ч гомдолгүй байлгахын тулд хүний хүссэн хүслийг биелүүлж явах нь зүйтэй гэж боддог. Жишээлбэл, төрж чадахгүй удсан хүнийг баавгайн савраар маажвал сайн юм гэнэ лээ гэхэд гаднаас халдвар орно, болохгүй гэдэг байлаа. Би их шулуун, нэг чигийн хүн байсан. Тэгсэн ч зарим үед өөртэйгээ зөрчилдөж, баавгайн оруулж байсан үе бий. Эмнэлгийн дотоод журам, дэглэмийг барих ёстой ч хүний хүслийг өчүүхэн ч болсон сэтгэлд нь юм үлдэхгүйгээр биелүүлж, ямар нэгэн сайхан таашаалтай, эерэг сэтгэлтэй үлдээх хэрэгтэй. Тэгэснээр тэр хүн эдгэхэд баярлана, эндсэн ч тэгэж хэлэхэд тэрийг хийсэн дээ гэж бодоод  тайвширдаг. Юманд сайн явахдаа сагсуурч, саар явахдаа гутаж болохгүй, боломжийг маргааш гэж болохгүй, өнөөдрөөр харж хийж бай гэж хүүхдүүддээ захьдаг.

Танд маш их баярлалаа. Урт нас, удаан жаргал, сайн сайхан бүхнийг танд ерөөе.

Эх сурвалж: Хэнтийн мэдээ сонин №38

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв