Аймгийн засаг дарга Ц.Идэрбат сумдын шуурхай штабуудад үүрэг, чиглэл өглөө


Аймгийн засаг дарга Ц.Идэрбат сумдын шуурхай штабуудад үүрэг, чиглэл өглөө
2020 оны 11 сарын 19. 12 цаг 04 минут

Өнөөдөр 16:00 цагаас аймгийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга Ц.Идэрбат, аймгийн ОК-ын орлогч дарга Ц.Чогсомжав, Шуурхай штабын бүрэлдэхүүн, аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, харьяа хэлтсийн дарга нар сумдын шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж, дараах үүрэг чиглэлийг өглөө.

1.    Сумдад тусгаарлах байрыг  орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулан ажиллахыг үүрэг болголоо.

 2.    Ирэх оны төсөв батлагдаж, зарцуулалт хийх эрх үүстэл хоёр сар гаруйн хугацаа үлдсэн. Иймээс сумын Засаг даргын нөөц, Гамшгийн эрсдэлийг бууруулах сангийн төсвийг /Covid-19 /цар тахлаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажилд зарцуулах үүрэг чиглэлийг өгч, төсөв хөрөнгө шаардлагатай сумдад ААН, байгууллагуудаас өгч буй хандивыг авах, сумын ЗДТГ нь төсөв бүрдүүлэх чиглэлээр ажил, арга хэмжээ зохион байгуулахыг үүрэг болголоо. Одоогийн байдлаар /2020.11.18-ны өдрийн судалгаа нийт сумдад/ сумдын Засаг дарга нарын нөөцөд нийтдээ  70,7 сая төгрөг, эрсдэлийн санд 46,2 сая төгрөг байгаа аж.

3.    Говьсүмбэр, Дорноговь аймагт коронавирусын тохиолдол батлагдсантай холбогдуулан Баянмөнх сумын Хэрлэнгийн гүүрэнд шинээр пост гаргаж, 800 мянган төгрөгийн шатахуун шийдвэрлэсэн бол Дархан сум, төмөр замын сүлжээнд холбогдсон Бор-Өндөр сумын шуурхай штабд халдвар хамгааллын хувцас, коронавирусын оношлуур олгохоор боллоо.

4.    Нийт сумдын удирдлагуудад Шуурхай штабт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажил, амралтын цагийг нарийн хуваарилж, цагийн менежментийг сайтар зохион байгуулахыг даалгалаа.

Үүнчлэн Хэнтий аймгийн харьяалалтай, Батширээт, Өмнөдэлгэр сум руу самарт гарсан иргэдийг татан авах зохион байгуулалтыг хийж байгаа талаар хурлын үеэр аймгийн Засаг дарга мэдэгдлээ. Ингэхдээ тэднээс коронавирусын шинжилгээ авч, асуумж судалгаа бөглүүлэн Цагдаагийн постууд регистрийн дугаараар нь шалгаж, татан авч байна. Татан авсан иргэдээ гэр гэрт тусгаарлалтад оруулж, эрүүл мэндийн байгууллагын хяналт тавин ажиллаж байна. Нөгөөтээгүүр Хэнтий аймгаас өөр аймаг руу самарт явсан иргэдийг татан авах боломжгүй, Улсын онцгой комиссын шийдвэрийг харж байна гэлээ.

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, цаг тутам цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед гэртээ ариутгал хийж, хүн бүр хувийн ариун цэвэр сахиж, гараа угааж, гэрээсээ гарахгүй байхыг аймгийн шуурхай штабаас анхааруулж байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв