Хотын зам нь цэвэр, явган зорчигч нь аюулгүй, амар тайван зорчдог байвал аялал жуулчлал хөгжихөд их чухал


Хотын зам нь цэвэр, явган зорчигч нь аюулгүй, амар тайван зорчдог байвал аялал жуулчлал хөгжихөд их чухал
2020 оны 11 сарын 28. 12 цаг 01 минут

Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Пүрвээтэй ярилцлаа. Тэрбээр 22 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд “Шилдэг зохицуулагч” тэмцээний 2007 оны тусгай байрын шагналт, 2012 оны Хөдөлмөрийн аварга ажилтан юм.

Энэ өдрийн мэндийг хүргэе. Ажил мэргэжлээрээ бахдуулан, аймгийнхаа нэрийг улсдаа цуурайтуулж, аваргаар шалгарсан танай хамт олонд баяр хүргэе.

Баярлалаа. Ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Шилдэг зохицуулагч” тэмцээн маань 38 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ тэмцээн цагдаа зохицуулагч, офицер бүрэлдэхүүнүүдийн дунд зохион байгуулагддаг улсын хэмжээний томоохон уралдаан, тэмцээн юм. Алба хаагчдаараа маш их бахархаж байна. Бид энэхүү тэмцээнээс хошой мөнгө, хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил 36 багийн тамирчдаас тэргүүлж Алтан цомын эзэн боллоо. Тэмцээн эхлэхээс 7 хоногийн өмнө удирдамж ирсэн ч орон нутгийн сонгуультай байсан учраас алба хаагчид хөдөө ажиллаж байгаад ирээд шууд явсан. Цагдаагийн алба хаагчид байнгын бэлэн байдалд ажилладаг учраас бид тэмцээндээ бэлтгэл хийх тусгай цаг гаргаж байгаагүй.

Та өөрөө энэ тэмцээнд оролцож байсан уу? Тэмцээний үеэр ямар шалгуур, үе шатууд явагддаг вэ?

Би өөрөө 2002 онд анх оролцож, 2007 онд тусгай байранд шалгарч байсан. Тэмцээний үеэр хэргийн газрын үзлэг болон уулзвар дээр биет зохицуулалт хийн, мэдрэмж шалгаж, бусадтайгаа өрсөлддөг. Энэ жилийн хувьд мэдрэмж шалгах тэмцээнд ганцхан манай аймаг бүгдийг зөв хэлсэн. 7 машин өнгөрөөхөд 3 дахь машины марк, өнгө, дугаар, зорчигч, жолоочийн хүйс гээд бүхий л мэдээллийг алдаагүй зөв хэлж чадсан. Уран жолоодлогод байцаагч Гантулга, мотоциклийн жолоодлогод цагдаа зохицуулагч Эрдэнэбулган, дөрвөн замын уулзвар дээрх биет зохицуулалтад дэд ахлагч Эрдэнэсанаа нар амжилттай оролцож, багийн нийлбэр дүнгээр тэмцээнийг тэргүүлсэн.

Замын цагдаагийн тасгийн онцлог, ажил үүргийн хуваарь нь юу байдаг вэ? Энэ тасагтай та хэрхэн холбогдож байв?

Тээврийн цагдаагийн алба буюу Замын цагдаагийн алба бусад төрөл чиглэл, албадаас онцлог ихтэй. Ажил мэргэжил, албан тушаал хамаарахгүйгээр бүх хүнтэй харьцаж, төрийн өндөрлөгүүдийн хамгаалалт, чиглэлийг зохион байгуулдгаас гадна нийгэмд өрнөж байгаа гэрэл гэгээтэй, бараан сүүдэртэй бүхий л асуудлуудтай холбогдож ажилладаг. Замын цагдаа гудамж, зам талбайд харагдсанаараа бусад төрлийн гэмт хэргээс болон та бидний аав ээж, ахан дүүсийг бүгдийг аюулаас урьдчилан сэргийлж, хамгаалж чаддаг. Замын цагдаа зам дээр байхад аймаг орон нутаг, улс амгалан тайван байдаг. Энэ сайхан ажил мэргэжлийг өөрийнхөө хүсэл сонирхлоор сонгон, 1998 онд цагдаагийн байгууллагад туслах ажилтнаар орсноос хойш дадлагажигч ажилтан, цагдаа сэргийлэгч, ахлах, тасгийн дарга гээд бүхий л ажлыг хийж байна.

Танай тасаг хичнээн хүнтэйгээр ажилладаг вэ? Ажлын ачаалал, хүний нөөцийн бүрэлдэхүүний хувьд хэр байдаг вэ?

Хэнтий аймгийн хэмжээнд замын цагдаад 17 албан хаагч байдаг. Тасгийн дарга, ахлах хоёр хасагдвал үндсэндээ 15 хүн гудамж зам талбайд үүрэг гүйцэтгэдэг. Хэнтий аймаг зүүн гурван аймгийг дамжин өнгөрдөг 486 км төв магистрал замтай. Үүн дээр сумдын замыг нэмээд 15 хүн ажил хийхэд хүрэлцэхгүй байна. Аймгийн Хэрлэнгийн гүүр, Цэнхэрмандал сумын постон дээр 2, 2 хүн өдөр шөнөгүй ээлжлэн ажиллаж, зарим нь амьдарч байна.

Эдгээр газруудад болон аймгийн хэмжээнд өдөрт хичнээн зөрчлийг илрүүлдэг вэ? Дийлэнх зөрчил ямар шалтгаанаас үүдэлтэй байна вэ?

Хэрлэнгийн гүүр, Цэнхэрмандалын пост, аймаг доторх гудамж замын хяналт шалгалтаар аймгийн хэмжээнд өдөрт 80-100 зөрчил илрүүлдэг. Долоо хоногт 20 гаруй жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаагийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос зам тээврийн осол ихэнхдээ гарч байна. Мөн үзлэг оношилгоонд ороогүй, бүрэн бус, ашиглахыг хориглосон, гэмтэлтэй, эвдрэлтэй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцсоноос осол гарах шалтгаан болдог. Өнгөрсөн жил 23, энэ жил 16 хүн зам тээврийн ослоор нас барсны ихэнх нь Цэнхэрмандал, Жаргалтхаан сумдын төв магистрал замд гарлаа.

Мотоциклоос шалтгаалсан осол аваар бас нэлээдгүй байна. Манай аймгийн хувьд энэ чиглэлийн осол гэмтэл, хамгаалах хэрэгслийн хэрэглээ ямархуу байгаа вэ?

Он гарсаар мотоциклоос болж нас барсан тохиолдол 4 бүртгэгдээд байна. Хөрсөн буюу хөдөөний замд, малын бэлчээрт ихэвчлэн осол гэмтэл гардаг. Амь нас, эрүүл мэндийг нь хамгаалах хэрэгслийг зөвхөн бидэнд харагдуулах зорилгоор төвд л өмсөж хэрэглэж байна. Мотоциклтой холбоотой хэрэг дээр очиход гавал яс, суурь яс гэмтэл авсан байдаг. Хүний хүндийн төв толгой учраас нисээд унахдаа толгойгоороо унаж, хүнд гэмтэл аваад өнгөрдөг. Хамгаалалтын малгай, бүсний талаар санамж сэрэмжлүүлэг хангалттай өгдөг ч иргэдийн ухамсар, хэрэглээнээс энэ төрлийн осол гэмтэл ихээхэн шалтгаалж байна.

Аймгийн Засаг даргын 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад танай тасаг, нэгж, байгууллагаас ямар саналуудыг хүргүүлсэн бэ?

Төв магистрал замд осол гэмтлийн ихэнх нь гардаг учраас дундаж хурдны зайгаар хурдыг тодорхойлдог камерын системийг аймагтаа нэвтрүүлэх, 4 жилийн хугацаанд шат дараатайгаар дөрвөн цэгт найман камерыг суурилуулах саналыг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулахаар хүргүүллээ. Камер доогуур машин гарахад зөрчилтэй бол машины дугаараар 2-3 секундэд уншсанаар татвар, үзлэг оношилгоонд хамрагдаагүй, хамгаалах бүс зүүгээгүй, өнгө үзэмж, салхины шилний хагархай зэргийг техник технологи ашиглан тодорхойлж харах боломжтой. Энэ жил Улаанбаатараас Замын-Үүд, Өмнөговь, Сэлэнгийн Алтанбулаг руу явж байгаа Дархан-Уул, Орхон аймгийг холбосон замд тавигдсан. Камер суурилуулснаар цагдаагийн албан хаагч тэнд ажиллах шаардлагагүй болно.

Мөн Чингис хотод байдаг найман гэрлэн дохиог явган хүний зохицуулгатай гэрлэн дохиотой болгох саналыг хүргүүлсэн. Аймгийн хэмжээнд сургууль орчмын бүсийг сайжруулж, гарц бүрийг явганы гэрэл дохиотой болгосноор хүүхэд, явган зорчигчдыг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, гарц гармаар гарч сурахад дөхөмтэй. Түүнчлэн аймаг аялал жуулчлалын бүс нутаг болсны хувьд хот доторх замын ажлыг хийж байх үед нь хяналт тавьж, замын эвдрэл гэмтлийг засуулахад анхаарч ажиллах шаардлагатай байна. Бид нар нэг нүх тойрч яваад аваар гарах вий, нэг хүн унаад хөлөө хугалчих вий гэж бидний хувьд эмзэглэж, харж, ажиглаж, ажлаа хийдэг.

Их бүтээн байгуулалт Хэнтий аймагт өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор замын тэмдэг тэмдэглэгээ, шинээр баригдаж байгаа барилгуудын зам талбай, орц гарцанд та бүхэн хэрхэн хяналт тавьдаг вэ?

Замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохиотой холбоотой тендер, зураг төслүүдэд бид зөвлөгөө өгч, хянах зорилгоор ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ордог. Харин барилга байгууламжийн хувьд төлөвлөлт хийж, зураг төслөө гаргахдаа бидэнтэй хамтарч ажилладаггүй. Барилгаа барьсныхаа дараа зам талбайгаа хуваарилах, орц гарц гаргах үедээ л манай тасагт ханддаг. Гарцуудыг хүн бүрийн хүслээр гаргаж болдоггүй. Зам, гарцуудын огтлолцол ихсэх тусам осол аваар гарах магадлал нь их байдаг. Гэтэл хүмүүс үүнийг ойлгохгүй маш их асуудал үүсгэдэг. Уг нь бол тоглоомын талбайгаа хаана байрлуулах, машины зогсоол, орох гарц, гаражууд нь хаана байх зэрэг асуудлуудыг Замын цагдаагийн тасгийн төлөөлөлтэй ярьж төлөвлөж, зөвшөөрлөө авч байвал зөв зохион байгуулалтад орно. Ноднин бид удаа дараа хүсэлт гаргасны үндсэн дээр Эрчмийн уулзварыг томсгосон. Одоо Нэгдсэн эмнэлгийн наад талын уулзварын бэлчир болон огцом эргэлттэй жижиг уулзваруудыг томсгох зэргээр хийгдэх ажил их бий. Гэтэл бүх ажил төсөв санхүүтэй холбоотой учраас хийсэн хойно нь биш анхан шатнаас нь эхлээд зөв дарааллаар ажиллавал зөв санагддаг. Тухайлбал, шинээр баригдсан Хэрлэн 1 дүгээр сургуулийн барилга байгууламж, тэмдэг тэмдэглэгээ буруу байна. Иймээс гэрэл дохио, гарц гарамтай болгоод, зогсоолын тэмдэг тэмдэглэгээтэй болгох шаардлагатай. Тэгвэл тэнд нэг алба хаагч ажиллах биш өөр газар хяналтаа хиймээр байна.

Зам, тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд цагдаагийн байгууллагатай хэрхэн хамтран ажилладаг вэ? Иргэддээ хандаж юу гэж хэлэхийг хүсч байна вэ?

Төр, иргэдийн түншлэл маш чухал байна. Иргэд бидэнтэй хамтраад зөрчлийг илрүүлж өгч байвал иргэдийн сонор сэрэмж, хариуцлага нэмэгдэнэ. Иргэд хаана, ямар зөрчил байгааг бидэнд мэдээлэх, орчин үед ухаалаг утсаараа зураг аваад баримттайгаар мэдээлэхэд бид жолоочийг машины улсын дугаараар олж, хариуцлага тооцож, арга хэмжээ авдаг. Мэдээлэл өгсөн иргэнийг дахин дахин дуудаж, олон хоногоор явуулахгүйгээр асуудлыг шууд шийдвэрлэдэг. Иргэд замын хөдөлгөөнд соёлтой, ухамсартай оролцох, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, аливаа зөрчлийн талаар баримттай мэдээлэл өгч байвал бидний ажилд тун чухал байна.

Ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: Хэнтийн мэдээ сонин №39

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв