Золбин нохой, муурнуудыг төсвийн мөнгөөр устгасаар байх уу, иргэд өсгөж үржүүлдэг хандлагаа өөрчлөх ёстой юу?


Золбин нохой, муурнуудыг төсвийн мөнгөөр устгасаар байх уу, иргэд өсгөж үржүүлдэг хандлагаа өөрчлөх ёстой юу?
2020 оны 11 сарын 28. 13 цаг 00 минут

Жил бүр золбин нохой устгалын ажил явагдаж, төсвийн маш их мөнгийг зарлагаддаг. Гэсэн хэдий ч эзэнтэй, эзэнгүй нь мэдэгдэхгүй ноход гудамжаар дүүрэн байсаар л байдаг. Харин энэ жилээс гудамж, байр орцуудад дулаан газар хайж хөгшид хүүхдүүдийг цочоож, гийнах муурнууд их болжээ. Төв зам дагуу машинд дайруулсан хоёр ч муур олны хөлд хэд хонолоо.

Ковид-19 цар тахалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буурч сургууль, цэцэрлэг эхэлснээр золбин нохой, муурнууд хүүхдүүдийг төдийгүй эцэг эхчүүдийг айлгасаар байна. Гудамж талбай, сургууль цэцэрлэгүүдийн ойр орчимд олноороо боорох ноход, дулаан газар царайчлан эвхрэлдэж, холхих муурнуудыг хэн, хэзээ, хэрхэх вэ? Гэр хороолол болон орон сууц, нийтийн эзэмшил талбайг эзэгнэн байгаа золбин нохой, муур устгалын ажлаа хэзээ хийх вэ?

Хичнээн жил устгал хийж төсвийн мөнгийг хийсгэх вэ? Нохой, муур тэжээж байгаа иргэд үржлийг нь зогсоох, хамгаалах арга хэрэгсэл хэрэглэхгүйгээр өсгөн үржүүлж төөрүүлсээр байх уу? Иргэн та эрхээ эдлэхийн зэрэгцээ хэзээ үүргээ хүлээдэг ухамсартай болох вэ?

Иргэд үүргээ ухамсарлан тэжээвэр нохой, муураа хараа хяналттай байлгах, жирэмслэхээс хамгаалах буюу үржил хаах мэс ажилбарыг хийлгэх, хөнгөлүүлэх зэргээр мэргэжлийн байгууллагад хандах дадал хэвшилтэй болох нь нэн тэргүүний асуудал гэж бодож байна. Мөн нохой, муурнуудыг бүртгэлжүүлж пайзжуулах, гэрчилгээжүүлэх, вакцинжуулах, тарилга, туулга хийх, хөнгөлөх зэрэг ажлуудыг нэгдсэн журмаар зохион байгуулж, иргэдэд мал амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх талаар мэдлэг, зөвлөгөөг тогтмол өгдөг байх хэрэгтэй байна. Төр засгаас үргэлж бүхнийг шаардах бус энгийнээс эхлэн иргэд өөрсдөө хариуцлагаа хүлээж, үүргээ биелүүлдэг болсноор энгийнээс эхлэн асуудлууд шийдэгдэх боломж байсаар байна.

Эх сурвалж: Хэнтийн мэдээ сонин №37

 

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв