Шуудан үйлчилгээний шуурхай хүргэгчдээ баярлалаа


Шуудан үйлчилгээний шуурхай хүргэгчдээ баярлалаа
2021 оны 02 сарын 17. 02 цаг 30 минут

Лувсандамбилын Наранчимэг нь 2008 оноос хойш Шуудан үйлчилгээний газарт ажиллаж яваа. Энгийн агаад эрхэмсэг нэгэн эмэгтэйг энэ удаагийнхаа дугаарт онцлон та бүхэндээ хүргэж байна. Анх тэрээр Бор-Өндөр сумын шууданчаас ажлын гараагаа эхэлжээ. Түүнийг ажлын сайхнаасаа хуваалцаач гэхэд “Дээхэн үед ахмадууд маань сайхан цай бариад угтдаг байсан бол одоо халуун дотно үгээр угтдаг даа. Бусдад дандаа өгөх ажил хийдэг болохоор ажил маань их сайхан. Үргэлж л “БАЯРЛАЛАА” гэдэг үгээр угтуулж, үдүүлэн, бусдын баярлаж хөөрөхийг харах үнэхээр урамтай шүү” хэмээн инээмсэглэн ярьж байлаа. Бусдын төлөө гэсэн сэтгэл хүнд баяр баясал, ажил амьдралын утга учир нь болдог аж.

Өдөрт 100 гаруй айлаар зочлон илгээмж түгээх нь түүний төвөггүйхэн хийдэг үндсэн ажил. Очсон айл бүр эзэнтэй байх нь ховор учраас нэг айлд гурван удаа очих тохиолдол ч гарна. Заримдаа илгээмжийн хаяг буруу бичигдсэн, андуурагдсан гэх зэрэг хүндрэл тулгарч, эзнийг нь олох авхаалж самбаа шаардана. Гэсэн ч Наранчимэг энэ л миний хийх ёстой ажил хэмээн өөртөө хэлж, өрөөлд баяр хөөр бэлэглэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөсөөр яваа энгийн даруу, төлөв хүн харагдана.

Үндэсний сурын спортоор хичээллэх нь түүний бахархал. Аймгийн мэргэн цолтой бүсгүй маань аав, ээжээсээ өвлөсөн эрдэмдээ хамгаас хайртай. Сураа ч харвана, шуудангаа ч түгээнэ. Хамт олон нь түүнийг шударга, зорьсон зорилгодоо хурэхдээ шаргуу хөдөлмөрлөдөг, ажилдаа хариуцлагатай гэж магтаж, бахархах аж. Ажил мэргэжлээсээ аз жаргалыг мэдэрч, урам зоригоор жигүүрлэн яваа Шуудан үйлчилгээний шуурхай хүргэгчдээ баярлалаа.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв