Орц бол таны гэрийн үүд


Орц бол таны гэрийн үүд
2021 оны 02 сарын 17. 09 цаг 24 минут

Хэнтий аймагт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт өрнөж, улсын хэмжээнд авч байгаа хөрөнгө оруулалтаараа тэргүүлж байна. Аймаг, орон нутаг маань өнгөө засаж, сүүлийн арван жилийн хугацаанд нийтийн орон сууц, хорооллууд баригдсанаар 900 гаруй өрх орон сууцанд амьдарч байна. Орон сууцны байшинд суудаг өрхийн тоо нийт өрхийн 11.4 хувийг эзэлж байгаа нь 2010 оныхоос 0.5 пунктээр нэмэгдсэн буюу сүүлийн 10 жилд орон сууцанд амьдардаг айл өрхүүд 651-ээр нэмэгджээ. Хот соёлжиж, оршин суугчид нэмэгдэхийн хэрээр эрүүл ахуй, цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдал, засвар үйлчилгээний асуудал хөндөгдөж байсан учраас 2018 онд “Өндөрхаан” СӨХ-г шинэчлэн зохион байгуулан, ажиллуулж байгаа билээ.

“Өндөрхаан” СӨХ нь Чингис хотын 44 байранд 15 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Өндөрхаан Сууц Өмчлөгчдийн Холбоо” фэйсбүүк грүппээр дамжуулан өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн байдал, санал зөвлөмжүүдийг оршин суугчдад хүргэдэг байна. Цаашид энэхүү фэйсбүүк грүппээр иргэдийн төлсөн хураамж, СӨХ-ны орлого, зарлагын санхүүгийн мэдээллийг иргэдэд хүргэх юм.

Орц бол таны гэрийн үүд. Та байр, орцоороо дамжин гэртээ ордог. Гэтэл СӨХ-ны үйлчлэгч нар орон сууцнуудад байнгын цэвэрлэгээ хийгээд байхад ИРГЭН ТА ЯАГААД архи, согтууруулах ундааны шил, лааз, тамхины иш болон ахуйн хог хаягдлаа орцондоо хаяж, бие засах зэрэг ухамсаргүй үйлдлүүдийг гаргаад байна вэ? Энэ бүхэн таны гэр бүлийн амьсгалах агаарыг бохирдуулж, гэрт чинь хог хаягдал тараана.

Иргэд байр худалдан авахдаа СӨХ-ны хураамжийг төлсөн эсэхийг шалгадаггүйгээс их хохирдог. Өртэй байр авсан тохиолдолд худалдаж авсан иргэн СӨХ-нд үүссэн өрийг төлдөг. Тиймээс та байр худалдан авахдаа СӨХ-д очиж лавлаарай.  

Төрийн байгууллага нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, засвар үйлчилгээнд хөрөнгө зарцуулах хууль эрхзүй байхгүй хэдий ч аймаг, орон нутгийн удирдлагууд  Чингис хотын иргэдийн тав тухтай, цэвэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд 2018 онд 27 байрны орц подезыг засварлан тохижуулах, 2019 онд дээврийн засвар, 2020 онд гадна пассадны засвар зэрэг нийтдээ сумын төсөв, аймаг, сумын ОНХС-ийн хөрөнгөөр нийт 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийжээ. Тиймээс цаашид цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, төлбөр хураамж, ажлын зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор СӨХ-ны ТУЗ-ыг шинэчилж, ТУЗ-ын дэргэд СӨХ-ны Хяналтын зөвлөлийг байгуулахаар төлөвлөсөн байна.

 

 

Ихэнх оршин суугчид СӨХ-ны хураамж болох 10000 төгрөгийг төлөхгүй байгаагаас 99.000.000₮-ийн өр үүссэн байна. СӨХ-ны хураамж огт төлөөгүй 6 айл байдаг бол 1 удаа төлсөн 1, 2 удаа төлсөн 2, 3 удаа төлсөн 2, 4 удаа төлсөн 4, 5 удаа төлсөн 1 айл байна. Зөвхөн эдгээр айлууд гэхэд 5.075.000₮-ийн өр үүсгэжээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны хураамж нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, ашиглалт, тохижилт, хамгаалалтын найдвартай байдлыг хангахад зарцуулагддаг. Тиймээс иргэн та СӨХ-ны хураамж болох 10000 төгрөгийг сар бүр Хэнтий ус ХК-ний дансанд шилжүүлэхээ бүү мартаарай. Коронавируст халдварын эрсдэлт орчныг бүрдүүлэхгүйн тулд орц, байрандаа цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлцгээе. Хогоо хогийн цэгт хаяж хэвшицгээе.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв