Түмнээ түшиж, эрчүүдтэй эн зэрэгцсэн дарга бүсгүй


Түмнээ түшиж, эрчүүдтэй эн зэрэгцсэн дарга бүсгүй
2021 оны 02 сарын 18. 02 цаг 26 минут

Энэ жил Ардын хувьсгалын 100, Монгол ардын нам байгуулагдсаны 100, Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100, орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100, Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Энэхэн зууны түүхийг бүтээлцэн, их хөгжлийн бүтээн байгуулалт, үйлдвэржилт, хөдөө аж ахуй, нэгдэлжих хөдөлгөөнийг сум нэгдэлд удирдан зохион байгуулж явсан Хүндэт донор Лувсандоржийн Одгэрэл ахайтай хөөрөлдлөө. Улсад 40 жил ажиллан, олон хүүхэдтэй хэмээн 50 настайдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгосон ч Ахуйн үйлчилгээний мастер, Намын байрны жижүүрийн зэрэгцээгээр давхар сонгуульт ажил хийж, Ахмадын хорооны Хянан байцаах комиссын даргаар 25 жил ажилласан түүний яриаг уншигч танаа толилуулъя.

Монгол ардын нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхт ой энэ жил тохиож байна. Энэ намын үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэх, удирдан зохион байгуулах ажилд анхлан оролцож байсан таны дурсамжаар яриагаа эхлүүлье.

Би багш мэргэжилтэй. 1958 онд Дорнод аймгийн Багшийн сургуулийг төгсөж ирснээсээ хойш Норовлин сум, Бэрхийн уурхай, Өндөрхааны арван жилийн сургуульд 1966 он хүртэл бага ангийн багшаар ажиллаж байгаад Цэнхэрмандал сумандаа намын үүрийн орлогч нарийн бичгийн даргаар 1968 он хүртэл ажилласан. Тэгээд өөрийн саналаар Намын дээд сургуульд шалгалт өгч, тэнцээд хүүхдүүдээ Налайхад аав, ээж дээрээ орхиод сургуульдаа явж байлаа. Улсын хөрөнгөөр сурсан болохоор сургууль төгссөн хүн бүрийг шууд албан тушаалд томилдог байсан. Би аймгийн Намын хорооны шийдвэрээр 1972 онд Жаргалтхаан, 1979 онд Батноров суманд томилогдон, сум нэгдэлд намын үүрийн даргаар 20 гаруй жил ажилласан даа. Анх ажиллахад хэцүү байсан ч хамт олонтойгоо ойр дотно, уян хатан хамтарч ажилладаг байсан болохоор миний үгийг сайхан хүлээж авдаг байсан.

Тухайн үед эмэгтэйчүүд намын байгууллагад хэр их ажилладаг байсан бэ?

Ховор шүү дээ. Хөдөө аж ахуйн нүсэр ажлыг эмэгтэй хүн хийхэд хэцүү. Улсын хэмжээний 250 сум нэгдлийн намын үүрийн дарга нараас хоёр эмэгтэй байсны нэг нь би. Сумын төв дээр суух эрхгүйгээр нэгдлийн даргатай эн зэрэгцээд малчдын үйлдвэрлэл явж байгаа газар, хаана юу болж байна тэнд л явж байдаг байлаа. Төл бойжуулах, ноос үс авах, хадлан бордоо хадах, адуу үхэр хөөвөрлөх гээд сум нэгдлийн бүхий л ажилд оролцоод, хамт л явж байдаг байлаа.

Ар гэрийн асуудлаа энэ их ажлын үеэр хэрхэн зохицуулдаг байсан бэ? Дарга болохоор арын хангамж, үйлчилгээ, шагнал урамшуулал гээд зохицуулагддаг байсан юм уу?

Дарга гээд шагнал урамшил байгаагүй. Цалингаараа амьдардаг байсан. Сум нэгдлийн дарга бид хоёр арай өндөр цалинтай байснаас өөр хангамж байгаагүй. Эмэгтэй хүн хөдөө аж ахуйн нүсэр үйлдвэрлэл дээр ажиллахад ар тал хүндхэн үлддэг байсан. Хоёр охин маань оюутан, хөвгүүд маань бага ангид сурч байсан болохоор гэртээ үлдэнэ. Тэр жаахан хүүхдүүддээ найдаад гэр орны ажлаа үлдээдэг байлаа. Би чинь 34 настайдаа ханиа алдаж, үрсээ тэврээд үлдсэн хүн шүү дээ. Тэр үед улс төрийн ажил, дээрээс ирсэн нам засгийн тогтоол, шийдвэрийг сумандаа сурталчилж, зохион байгуулж, улс ардын аж ахуйн төлөвлөгөөгөө биелүүлэх л хамгийн чухал байсан. Нэгдлийн юмнаас өнчин хурганы арьс ч авах эрх байхгүй. Үнэгүй юм гээд юуг ч авч болохгүй. Хэрвээ юм авбал нэгдлийн хөрөнгө авсан шуналтай, намын бодлогыг эсэргүүцсэн гээд алуулна шүү дээ. Дээрээс ямар шийд гарна, түүнийг биелүүлэхийн төлөө л ажиллаж амьдарч байсан даа.

Гэхдээ дарга учраас таны мэдэлд машин байсан уу?

Нэг машинтай байсан. Нэгдлийн олон түмний хөрөнгөөр авсан болохоор хүмүүст өвчтэй, зовлонтой ямар л ажил гарна тэр бүхэнд машинаа өгөөд явуулчихна. Тэгээд тэр үеэр нь ажил гарвал трактор, морь гээд тухайн үед боломжтой унаагаараа явдаг байсан. Батноров сум улсад ажлаараа шалгарч Б-69 гээд автомашинаар шагнуулж байлаа. Орлогч Цэвээнсодном маань өөрөө жолоодоод явчихдаг байсан болохоор тэр үед бид бүх ажилдаа унадаг байсан.

Ганцхан намтай болохоор намын шийдвэрийг бүгд хэрэгжүүлнэ. Тэгэхээр хүссэн хүсээгүй бүх хүн намын гишүүн болдог байсан уу?

Бүгд намын гишүүн байгаагүй. Тэр үед гишүүн болох нь их хэцүү байлаа. 2 жил намын үүрийн орлогч хийж байж жинхэлдэг байсан. Намын гишүүнээр элсүүлэхийн тулд нөгөө хүнээ гишүүн болсны дараа намын нэр хүндийг хадгалж чадахнуу үгүй юу, ажил дээрээ амжилт гаргаж чадахнуу, гэр бүл нь тогтвортой байна уу, зан ааш, нийгмийн идэвх, ажлын чадвар нь ямар юм гээд бүх зүйлийг хурал дээр олон талаас нь харж, ярьдаг байлаа. Намын гишүүн биш мөртлөө сумын намын байгууллагаас гарсан шийдийг гуйвуулж мушгин, биелүүлэхгүй гэх хүн байдаггүй, дуулгавартай байсан. Намын шийдвэрийг сумын ард түмэн бүгд хэрэгжүүлдэг байлаа.

Намын шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд таны шууд удирдлаганд хэдэн хүн ажилладаг байсан бэ?

Намын үүрийн орлогч даргатай хоёулаа л ажиллана. Намын үүрийн товчооны гишүүн 7 хүн байсан. Нэгдлийнхээ даргатай хамтарч ажилладаг байсан. Намын даргын үгийг сум нэгдлээрээ биелүүлдэг, маш сайнаар хүлээж авдаг үе байлаа.

Сум нэгдлийн Намын даргын хувьд таны ажлын зохион байгуулалт ямар байсан бэ? Тэр үед сум нэгдэл, намаас зохион байгуулж байгаа ажилд хүмүүсийн оролцоо, идэвх ямархуу байв?

Дээд удирдлагуудаас ирсэн төлөвлөгөө, социалист уралдааныг хэрэгжүүлэх, соёл урлагийн бүхий л ажлыг хариуцдаг байсан. Эдгээрийн нэгдсэн дүнгээр аймаг орны дүн гарна. 7 сар гэхэд ноосоо авна, намар хадлан бордоо, өвс тэжээлээ хадна, тариагаа  хураана, зун сааль сүүгээ авах тасаг завод гарна, хавар төл бойжуулна, өдөрлөг хийнэ гээд ажил ихтэй. Орлогч Цэвээнсодном маань машинтай болохоор бүх хүмүүсээ аваад явдаг байсан. Өдөрлөгийн үеэр урлагийнхан, эмнэлгийнхэн, эмийн сан, ахуйн үйлчилгээ гээд олон түмэнд хэрэгтэй бүхий л үйлчилгээг үзүүлнэ. Оролцоо муутай хүмүүс байнаа. Тэр хүмүүсийг эвийг нь олоод дунд нь орж ажилладаг байсан. Очоод өдөрлөг, уралдаан зохион байгуулаад урамшууллын юм өгчихнө. Та нар тэгээрэй, ингээрэй гээд суугаад байхгүйгээр хаана ямар ажил байна тэнд л явж байдаг байлаа. Жишээ нь, би төл бойжуулах үеэр очоод надад хийж чадах юм байхгүй ч гэрт нь хоол хийгээд, халуун хоол идээрэй гээд малчдаа дуудахад дуртай байдаг.

Намын суртал ухуулга гэж багадаа их сонсдог байлаа. Өдөрлөгийн үеэр намын суртал ухуулгын ажил хийдэг байсан уу?

Хийж байгаа бүх л ажлаа ухуулан таниулж, суртал ухуулга сайн хийдэг байсан. Намын ухуулагч нар нь багш, эмч, ажилчид бүгд л хүн шүү дээ. Улс төрийн сонин уншлагад сууна, сонсголд байнга суухаас гадна социалист уралдааны үүрэг авахуулах, уралдаанд оролцуулах давхар чиглэл өгдөг байлаа. Нялх хүүхэдтэй ч гэсэн тэр ажлыг хийж чадахгүй гэсэн ухамсар байдаггүй, бүгд хийх ёстой гэсэн ойлголт хэвшсэн байсан.

Та ер нь хэр чанга дарга байв. Тэр үед иргэд, гишүүдээс санал шүүмж хэр чөлөөтэй гардаг байсан бэ? Одоо бол хүмүүс далдуур шүүмж их явуулах юм аа.

Харин тийм ээ, тэр чинь тун тусгүй. Намайг ажиллаж байх үед олон түмний сэтгэлд нийцэхгүй зүйлийг тэр үед шууд хэлдэг байлаа. Нэг удаа манай нэгдлийн даргын авгай намын хурал дээр нөхөр Цэдвийн удирдаж байгаа нэгдэл малтай, үйлдвэрлэлтэй байж сумын төвийнхөн хар цай ууж байна. Энэ бол нэгдлийн даргын буруу гэж шүүмжилж байсан юм. Нөхөр нь шүү дээ. Дараа нь нөхөр нь босоод Нүрингийн удирдсан мал эмнэлэг хамуу гарчихаад байхад эм тариа хийхгүй байна гэж зад шүүмжилж байлаа. Бие биенээ шууд л ил шүүмжилдэг байсан. Би чинь эмэгтэй хүн хэрнээ чанга дарга байлаа. Хэлсэн ажлаа яс хийлгүүлнэ. Зөрөөд болохгүй бол тэр дор нь Товчооны хурал хийж сайн ярилцаж, хэлэлцдэг, ил тод байлаа.

Та өөрөө шүүмжлүүлж байв уу?

Нэг удаа би намын хороонд арга хэмжээ авахуулсан. Намын хорооны товчоогоор оруулна гээд намайг дуудлаа. Тэгээд манай сумын ажлыг сайн явж байгаа гэж байна. Тэгснээ “Та эмэгтэй хүн байж эмэгтэйчүүдийнхээ төлөө яагаад анхаардаггүй хүн бэ? 3 дугаар багийн галч 22 дахь удаагаа төрөх гэж байхад ерөндөг тавиулахгүй, яагаад анхаарахгүй байна вэ?” гэж байна. Өөрөө төрнө, болно, гаргана гээд байхад би яах ёстой вэ гэж хэлээд арга хэмжээ авахуулж байсан.

Таны ажлын арга барил ямар байв?

Хүний сайн чанарыг олж дэмжээд, олон түмнийхээ дунд нь орж ажиллахаар ажил аяндаа болдог.Төгс хүн гэж байдаггүй. Сайн муу зан ааш бүх хүнд бий. Архи уугаад, дэмий тэнээд, танхайрдаг хүнд ч нэг сайн чанар байгаа. Тэр хүний сайн чанарыг нь олж, судлан, сайн талыг нь түшиглээд ажил хийлгэж болно. Ер нь хийж байгаа ажлыг нь дэмжээд, хийсэн ажил нь нүдэнд харагдаж, гарт баригдахаар болсон үед нь дэмжээд, сайшаагаад, урам өгөөд яриад байвал цаашаа ахиад илүү ихийг хийдэг.

Одоогийн намууд, удирдлагууд, иргэдэд хандаж та юу гэж хэлэх вэ?

Суурийг нь сайн тавьсан учраас сум орны хөгжил сайхан байна. Одооны намын байгууллага олон түмнийхээ дунд нь орохгүй, албан өрөөнөөсөө л хий хөндий ажиллаад байна. Ардын нам, Ардчилсан нам хоёр эвлэрээд хамтдаа зүтгээд хийвэл зүгээр санагддаг. Аль аль намд нь сайхан ажил сэддэг, чадвартай хүмүүс олон бий. Нэгнийхээ хийснийг байхгүй болгоод баймааргүй байна.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв