Онцгой хурандаа


Онцгой хурандаа
2021 оны 03 сарын 18. 11 цаг 13 минут

Төрийн тусгай албанд тасралтгүй 34 жил ажиллаж байгаад гавъяаныхаа амралтад гарсан Д.Батжаргал хурандаагийн ажил амьдралын түүхийг уншигч танаа дэлгэе.

Гамшиг ослын үед олон хоног хөдөө хээр ажиллаж, хэцүү үеэ даван туулчихаад хэсэгхэн зуур амарч суухдаа юу ч болоогүй мэт бие биетэйгээ тоглон баясах цэрэгжсэн албаныхан бол бидний хэлдгээр “Онцгойгийнхон”.

Тэд агуу тэвчээртэй, бие дааж ажиллахдаа гаргууд сайн. Мөн орчин нөхцөлдөө тохирсон зөв шийдвэрийг шуурхай гаргаж чаддаг нь тэдний мэргэжлийн онцлог гэлтэй. Учир нь маш түргэн хугацаанд шийдвэр гарган ажиллаж гэмээнэ олон хүний амийг аварч чадна. Эс бөгөөс эрдэнэт хүний алтан амь эрсдэх аюултай. Амиа үл хайрлан өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэх онцгойгийнхныг мэргэжлийн удирдлагаар ханган, чадварлаг нэгэн баг бүрдүүлсэн эрхэм бол Онцгой байдлын хурандаа Дамдинжавын Батжаргал юм. Төрийн тусгай албанд тасралтгүй 34 жил ажиллаж байгаад энэ жил гавъяаныхаа амралтад гарсан түүний хэлсэндээ хүрдэг, өрөвч зөөлөн, тусархаг, алиа хошин занг нь ойр тойрныхон нь тодотгох тун дуртай.

Д.Батжаргал хурандаа 18 настайдаа “Цэргийн дээд сургууль”-д элссэн үеэс цэргийн амьдралыг сонгосон. Цэргийн хүн гэдэг их олон зүйлээс татгалздаг хатуу талбарт ажилладаг зүтгэлтэн. 1985 онд Цэргийн дээд сургуулийг артиллер, их бууны инженер мэргэжлээр төгсөөд Сүхбаатар аймгийн 152 дугаар ангийн салаан захирагчаар томилогдсоноор хүндхэн бөгөөд хүндтэй энэ л албаны ажлыг эхлүүлжээ. “Генералтай гэрлэхийн тулд дэслэгчтэй гэрлэж 20 жил говь хангайгаар аял. Тэгээд дараа нь генералтай сууна” гэдэг үнэн ажээ. Түүний ханийг Зундуйн Оюунбаяр гэдэг, тэд арван жилийн нэг ангиас төрсөн хос. Өнөөдөрт хүрэхийн тулд хурандаа Д.Батжаргал Дорноговь, Сүхбаатар гээд нутаг нутагт томилогдож, амьдралынхаа 17 жилийг их үйлсдээ зориулжээ. Үүний дараа төрж өссөн нутагтаа томилогдон ирж, ажиллаж амьдрах болсон юм.

Хан Хэнтийд “Онцгойнхон” хэмээх тодотголтой онцгой албаныхан 2004 онд Гамшгаас хамгаалах штаб нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Дөрвөн жилийн дараа буюу 2008 онд Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Улсын нөөцийн салбар, Байгалийн гамшгаас аврах салбар гэсэн гурван байгууллагыг нэгтгэн Онцгой байдлын газар хэмээн нэрийдэж, даргаар нь Д.Батжаргалыг томилжээ. Санаа сэтгэл өөртэй гурван өөр байгууллагын залуусыг нэгэн хамт олон болгох их ажлыг тэр ийнхүү эхлүүлж, Хэнтий аймагт болж буй гамшиг ослын аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг удирдан чиглүүлж чадсан юм.

Ингэж ажиллахдаа ой, хээрийн түймэр, малын гоц халдварт өвчин, гал түймэр, үер усны аюул зэрэг гамшиг, аюулт үзэгдлийг цомхотгон дарах гээд амь дүйцсэн олон ажлуудыг гүйцэтгэхэд алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл, багаж хэрэгсэл туйлын чухал гэдгийг ихэд анхаарч ажилласан байна. Иймээс ч онцгойгийнхон системийнхээ хэмжээнд долоон удаа шагналт байранд шалгарч байсан удаатай. Татан буугдаад байсан Гал түймэр унтраах аврах 49 дүгээр ангийг Бор-Өндөр суманд дахин сэргээн байгуулсан, Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангид эдийн засгийн хүндрэлтэй он жилүүдэд галын депо бариулж, жишиг анги болгохоор шинээр байгуулсан, маш олон чадварлаг офицер, ахлагч нарыг бэлтгэн мэргэшил, ур чадвар дээр нь анхаарч ажилласан гээд хурандаагийн хийсэн ажлыг жагсаавал уртаас урт үргэлжлэнэ.

Онцгой байдлын газар анх 93 хүнтэй байгуулагдаж байсан бол өдгөө 200 гаруй алба хаагчидтай болжээ.

Онцгой байдлын газрын албан хаагчдыг зөв чиглүүлж, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг холбогдох мэргэжлийн албадтай хамтран нэгдсэн удирдлагаар ханган, орон нутгийн нөөц боломжид тулгуурлан хүч хэрэгслийг дайчлан ажиллуулна гэдэг мэргэжлийн өндөр ур чадвар шаардана.

Хурандаа Д.Батжаргал “Аливаа зүйлийг хийнэ гэвэл арга нь олдож, хийхгүй гэвэл шалтгаан мундахгүй. Тиймээс шинээр сэтгэж, санаачлагатай ажиллах ёстой” гэж алба хаагчдадаа сургаж, залуу хүн завтай байх хэрэггүй гэдэг зарчмаар шинээр ажилд орж буй залуучуудыг ажил, хөдөлмөрөөр хүмүүжүүлж төлөвшүүлэх дуртай. Хүн бүр л өөр өөр зан араншинтай. Тэр бүгдийг нэг горимд байлгахын тулд хааяа хатуухан хандах ч үнэн чанартаа өөрийн хүүхэд шиг бөөцийлж, халуунд халж, хүйтэнд даарчих вий, өвдчих вий гээд л байнга анхаарал халамж тавьж, удирдан чиглүүлсээр туршлага сууж, хамт олноо удирдахын зэрэгцээ суралцаж яваа нэгэн.

Төр, түмнийхээ төлөө зүтгэх цэргийн хүн цолоороо бахархаж, омогшиж явдаг. Цэрэг хүн болж, төрд зүтгэсний гавъяа, хөдөлмөр зүтгэл, урам зориг нь энгэрт гялалзах одон, мөрдөст мандах таван хошуунд оршдог билээ. Цэргийн хүний зүтгэлийг эх орон үнэлж, илүүг хийж бүтээх итгэл болгон олгодог төрийн “Хурандаа” цолыг Д.Батжаргал 2006 онд хүртэж байв. Улмаар “ 2018 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагджээ. Хурандаагийн хүүхэд насаар аялахуй дор аав шигээ малын эмч болох чин хүсэлтэй бяцхан хүүгийн дурьдатгалыг дурсах учиртай. Түүний аав Дамдинжав Төв аймгийн Мөнгөнморьт сумын уугуул. Ээж Бүдханд нь Дадал сумын хүн байжээ. Д.Батжаргал Дадал суманд төрж, Жаргалтхаан суманд өссөн. Аав нь малын эмч, ээж нь малчин байсан учир тэрбээр мал аж ахуйтай их ойр өсчээ.

Д.Батжаргал малчин удмын хөдөлмөрч аав ээжээрээ ихэд бахархдаг. Эрийн цээнд хүрч, ирээдүйн мэргэжлээ сонгох үедээ Д.Батжаргал цэргийн сургуулийг сонгожээ. Энэ сонголтыг бататган, түүний хүүхдүүд ч мөн төр түмнийхээ төлөө зүтгэж явна. Хурандаагийн том хүү Б.Батбаяр МУИС-ийн цаг уурын инженерийн ангийг төгссөн ч ардын армийн алба хаагчаас Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтний албанд дэвшин ажиллаж, баяр наадмын өмнө ахмад цолоо зүүсэн байна. Охин Б.Ундралмаа нь дэд ахлагч цолтой, ОХУ-ын Санкт петербург хотын цэргийн хүн эмнэлгийн академид суралцдаг. Харин дунд хүү Б.Баатарзолбоо нь ШУТИС-ийг архитектор мэргэжлээр 2017 онд төгсчээ. Тэсвэр тэвчээр, эр зоригийн хатуужлаар эх орныхоо амар амгаланг сахиж байгаа эрхмийн найдвартай ар тал болж, халамж хайраар түшиж байдаг бүсгүй бол З.Оюунбаяр.

Ангийн даргаас байлдагчийн эгнээнд очиход хамт байж, салаан захирагчаас хурандаа болтол нь үргэлж дэмжиж яваа гэргий нь ардын армид ч хамт ажиллаж байжээ. Нэг ангийн хоёр харцаараа биенээ мэдэрч, хөдөлмөр дууриаллаараа хүүхдүүдээ хүмүүжүүлсээр явна. Тэд хоёр хүү, нэг охинтой. Сонирхуулахад “Мандухай цэцэн хатан” кинонд Д.Батжаргал хурандаа оролцон тоглож байсан бол түүний том хүү Б.Батбаяр “Ану” хатан кинонд тоглон, аав хүү хоёр дэлгэцийн бүтээлд олны хэсэгт монгол цэргийн дүрийг бүтээсэн сонин түүх бий. З.Оюунбаяр нь ханийнхаа тухай ярихдаа, “Бид хоёр нэг ангийнх, тэр дундаа Батжаргал манай ангийн дарга байсан. Хүүхэд байхын нийтэч, хөдөлгөөнтэй, сэргэлэн, хүмүүжилтэй, сурлага сайтай байсан. Сургуулиас зохион байгуулсан ажилд анги хамт олноо удирдан оролцоно. Энэ нь ирээдүйд хүн удирдан ажиллах чадварын эхлэл болсон байх. Өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй зүйл гэвэл манай нөхөр шийдэмгий, эргэж буцдаггүй зан нь харагддаг. Хэнтэй ч нэг зангаараа байдаг. Харин төлөвлөсөн зүйлийг цаг тухайд нь хийхгүй, зарчимч биш чанарт тун дургүй дээ. Цэргийн хүний эхнэр байх тухайд, би хэцүү гэж хэлэхгүй ээ. Бид хоёр Сүхбаатар аймагт 152-р ангид, Зүүнбаянд 132-р ангид хамт ажиллаж байсан. Цаг нартай уралдаад л гэрээсээ гарна нэгдсэн автобусаар явдаг байсан. Хээрийн сургуульд 1, 2 сараар явна, тэр хугацаанд албаны ажлаа хийгээд хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлээд ажил албаа амжуулаад л явна даа. Үүнийгээ хэцүү байна гэж бодож байгаагүй ээ. Цэргийн хүмүүс бол бүтэн амарна гэж ер нь байхгүй дээ. Манай хүн залуудаа ном их уншдаг байсан. Хоол хийхдээ сайн, цуйван хийнэ, хуушуур гоё хийчихнэ. Шагайн спорт сонирхдог. Сүүлийн үед хурдан морь сонирхдог болсон доо” гээд сэтгүүлч миний асуусан олон асуултад цомхон хариулсан нь энэ билээ. Хэлсэн үгэндээ хүрч, тууштай байхыг эрхэмлэдэг хурандаа Д.Батжаргал хүүхэд байхаасаа хамт олноо манлайлан, амжилтын шатаар зогсолтгүй өгсөж, бусдыг зоригжуулж, сургаж, хийлгэж чаддаг удирдагч болжээ.

Хурандаагийн мөрдөс зүүсэн ч балчир насны найзууддаа ангийн даргаа хэмээн дуудуулах нь хамгаас дотно. Гамшиг осол, аюулт үзэгдлийн хүнд хэцүү нөхцөлд түрхэн амсхийх зуураа хүүхдүүд шиг инээлдэн бужигнах залуустаа ширүүн үг хэлж, хатуу тушаал буулгавч бахархан, хайрлах сэтгэл нь өмөлзөнө. Цаг хормоор хэмжигдэх аюулыг сөрөн шуурхай ажиллах залуусаа харах бүрийд өнөр бүлийн өрхийн тэргүүн гэдэгтээ тэр омогшино. Төрийн сүлдээ мэлмийдээ залж, түмнийхээ төлөө зүтгэлээ зориулж яваа Онцгой байдлын газрын Онцгой хурандаа олон эрсийнхээ дунд зовхи өөдөө алхаж явна, оломгүй сэтгэлийнхээ гүнд эх орноо тээн гялалзаж яваа.

Сэтгүүлч: Д.Одонтунгалаг                                          Эх сурвалж: khentiinews сэтгүүл 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв