Мэндчилгээ


Мэндчилгээ
2021 оны 03 сарын 22. 02 цаг 16 минут

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас албан ёсоор зарлан тунхаглаж, Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэгдсэн Наурызын баяр-Нарны баярын мэндийг Өлзийт тосгоны болоод Хан Хэнтий нутагт ажиллаж, амьдарч байгаа Казах түмэндээ хүргэхийн ялдамд элэг бүтэн, элбэг дэлбэг, эвтэй найртай, аз жаргалаар дүүрэн, амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Наурызын баярыг өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосныг бэлгэдэн, өдөр шөнө тэнцсэн тэгш сайхан өдөр тэмдэглэж, ёс заншлаа үр хойчдоо өвлүүлэн уламжилж, түгээн дэлгэрүүлдэг үндэсний онцлогтой сайхан баяр билээ. Энэ сайхан жилд Өлзийт тосгонд Мянгат малчин зургаа, сумын сайн малчин нэг тодорч, Өлзийт тосгоны ерөнхий боловсролын сургуулийн хамт олон Олон улсын Эко-сургууль хөтөлбөрийн хүрээнд "Хүрэл гэрэгэ"-г гардан авч, орон нутгийнхаа мал аж ахуйг өсгөн, ногоон хөгжлийг тодорхойлох өөрчлөлт шинэчлэлт, ололт амжилтаар бид энэ сайхан баяраа угтаж байна.
Цаашид иргэд, сонгогчдынхоо хэрэгцээ шаардлага, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд нийцсэн бодлого шийдвэрийг гаргахын төлөө тууштай ажиллаж, цаг үеийн нөхцөл байдал, цар тахлыг ажралгүй давж эерэг, аюулгүй, амар тайван орчинд ажиллаж, амьдрахын төлөө хамтдаа хичээцгээе.
Уламжлалт баяраа угтан золгох сайхан өдрүүдийн ерөөл билиг дүүрэн, домбороо эгшиглүүлж, айтысаа дуурсгаж, хотлоороо хосгүй жаргалтай байж, юу хүссэн есөн эрдэнийн цагаан хүсэл нь үргэлж биелж, өнөд мандахын өлзийтэй ерөөлийг өргөе.
 
ХЭНТИЙ АЙМГИЙН 25-Р ТОЙРОГ ХЭРЛЭН СУМЫН 7-Р БАГ, ӨЛЗИЙТ ТОСГОНЫ ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв