Усан сангуудыг төвлөрсөн шугаманд үе шаттайгаар холбоно


Усан сангуудыг төвлөрсөн шугаманд үе шаттайгаар холбоно
2021 оны 03 сарын 22. 03 цаг 18 минут

Дэлхийн усны өдрөөр Хэнтий Усынхан хэрэглэгчдэдээ ямар мэдээллийг түлхүү хүргэж ажиллаж байна вэ?

Юуны өмнө нийт Хэнтийчүүддээ болон Хэнтийн мэдээ сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. НҮБ-н Ерөнхий ассамблейгаас 1993 оноос хойш жил бүрийн 03 сарын 22-нд "ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол улс 2005 оноос эхлэн "ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР"-ийг тэмдэглэж байна.Дэлхийн усны өдрөөр усны асуудлуудад анхаарлаа хандуулж тодорхой уриан дор олон үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ жил "УСНЫ ҮНЭЛЭМЖ" уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэж байна. Энэ ажлын хүрээнд Хэнтий УС ХХК нь Хэрлэн голын сав газар, Хэрлэн сумын ЗДТГ , Байгаль орчны газар, УЦУОШТөвтэй хамтран 1 сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд СӨБ болон ЕБС-н сурагчидад зориулсан сургалт зохион байгуулах , иргэдийн дунд усны зөв зохистой хэрэглээг бий болгох зорилгоор зурагт хуудасны уралдаан зарлах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн цахим сүлжээг ашиглан мэдээ мэдээлэл хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

Хэнтий аймагт ундны усны аюулгүй байдал, нөөц, хэрэглээ ямар түвшинд байдаг вэ?

Мэдээж ундны усны аюулгүй байдал гэдэг бол улс орны хамгийн чухал асуудал байдаг. 2016 оноос Эрүүл мэндийн тухай хууль, болон ЗГ үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан байдаг. Аймгийн орлогч даргаар ахлуулсан УАБТКомисс 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Аймгийн хэмжээнд томоохон хүн ам төвлөрсөн Хэрлэн сум, Бор-Өндөр сумдад усан хангамж ариутгах татуургын тусгай зөвшөөрөл эзэмшидэгч байгууллагууд ажиллаж байна. Бусад сумдад бол орон нутгийн засаг захиргааны удирдлага үйл ажиллагаа ханган ажиллаж байна. Эрүүл мэндийн яам, ДЭМБайгууллагуудаас хөндлөнгийн  аудит 2020 онд Улаанбаатар хот болон 10 аймагт хийсэн. Үүний дүнгээр манай аймаг Дундаж гэсэн үзүүлэлтээр үнэлэгдсэн . Энэ бид УАБ-ийг онцгой анхаарч хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн олон ажлуудыг зохион байгуулах шаардлагатай харуулж байна. Жишээ нь боловсон хүчин, харуул хамгаалалт, шугам сүлжээ, носас тоноглол, зайлашгүй шинэчлэх шаардлагатай байгаа. Бидний хувьд унд ахуйн усны чанарын хяналтыг тасралтгүй байдлаар лабораторийн шинжилгээний дүнгээр баталгаажуулж хэрэглэгчдэд УНДНЫ УСНЫ MNS ISO 0900-2018 стандартын шаардлага хангасан ус түгээж байна.

Манай аймагт цэвэр усны үнийг бусад аймгуудаас өндөр байна гэж яриад байдаг. Шалтгаан нь юу вэ?

Бүсийнхээ аймгуудтай харьцуулахад манай аймгийн зөөврийн 1л цэвэр усны үнэ литр тутамд 1 төгрөгөөр илүү байгаа. Учир нь Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 209 дүгээр тогтоолоор Гэр хорооллын иргэдийн усны үйлчилгээнээс үүдсэн алдагдлыг орон нутгийн төсөвт суулгахыг даалгасан байдаг. Манай компаний хувьд ашигтай байдаггүй юмаа гэхэд алдагдалгүй байхаар тооцож 1  литр усыг олборлох өөрийнх нь өртөгөөр борлуулдаг.

Нэг хэсэг иргэд Ус түгээх байр, ухаалаг худгийн системийг эвдэж гэмтээх асуудал гарч байсан. Одоо иргэд маань картаа ашиглаад хүссэн цагтаа эвдрэл гэмтэл үүсгэхгүйгээр усаа авч хэвшсэн үү?

2016 оноос ОНХөгжлийн сангаар 10 худаг, Иргэдийн хурлын төлөөлөгч Д.Амгаланбаатарын хөрөнгө оруулалтаар 1 худгийг, нийт 11 худгийг  нэг бүрийн 8 сая буюу нийт 88 сая төгрөгөөр ухаалаг болгосон боловч харамсалтай нь зарим иргэдийн хариуцлагагүй үйлдлээс болж төхөөрөмжүүдийг эвдэх, хулгайлах асуудлууд гарч, засварлахад хугацаа их шаардагдсан. Иймээс иргэдийг соёлтой үйлчлүүлж, эвдэж гэмтээхгүй байхыг хүсч байна. Мөн бусдадаа шаардлага тавьж, орчин тойрноо харж хандахыг уриалж байна.

Ус, дулааны хэрэглээний төлбөр тооцоог төрөөс тэглэснээр танай байгууллагын ажлын ачаалал, өр төлбөрийн асуудал багасав уу?

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 211 тоот тогтоолын дагуу айл өрх болон ААНБайгууллагын дулааны эрчим хүч, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг төрөөс хариуцан төлөх арга хэмжээг манай компани зохих журмын дагуу хэрэгжүүлж ажиллаж байна. Үүнтэй холбоотой иргэд, ААНБайгууллагууд нь манай компанийн байцаагч нарын заасан хугацаанд усны тоолуурын заалтаа чирэгдэлгүй тогтмол өгч, тухайн заалтын зөрүүгээр Төрөөс таны хэрэглэсэн цэвэр, бохир ус, дулааны төлбөрийг төлж байгаа гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна. Иргэд, ААНБайгууллагууд нь өмнөх оны 12 дугаар сарын 1-ээс өмнөх хэрэглэсэн ус, дулааны хуримлагдсан өр төлбөрөө төлж барагдуулах нь төрөөс таны хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг төлж байгаа энэ үед та санхүүгийн хувьд эрсдэлд орохгүй байх боломжтой үе юм.

Иргэдийн хандлага, нөхцөл байдалтай холбоотойгоор СӨХ-той хамтран ажиллаж, хураамжийг танайх хураадаг болсноор ачаалал үүсгэсэн үү?

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 2017 онд Чингис хотын дарга байхдаа СӨХ-г сэргээн байгуулах ажлыг амжилттай зохион байгуулж, төлбөрийн асуудлыг бусад хот, орон нутгийн жишгээр айл өрхийн цэвэр бохир усны бичилт дээр СӨХ-ны төлбөрийг авч эхэлсэн. Төрөөс цэвэр бохир усны төлбөрийг төлж байгаа болохоос СӨХ-ны төлбөрийг төлөхгүй байгаа шүү дээ. Үүнийг иргэд маань ойлгож, сар бүр СӨХ-ны төлбөрөө тогтмол төлж байх шаардлагатай байна. Энэ төлбөр нь эргээд СӨХ-ны ажиллагсдын цалин, угаах цэвэрлэх материал, орц хонгилын гэрэл цахилгаан гэх мэт зардалд зарцуулагддаг.

Цар тахалтай холбоотойгоор танай ажил үүргийн хуваарьт өөрчлөлт орсон уу?

Хэнтий УС ХХК хэдийгээр төрийн байгууллага биш боловч онцгой нөхцөл байдал, байнгын бэлэн байдалд ажиллах үүрэг хүлээсэн байгууллага. Хотынхоо иргэдийн анхдагч хэрэгцээ болох дулаан, цэвэр ус, ариутгах татуургын үйлчилгээг тасалдуулахгүйн төлөө хариуцлагаа ухамсарлаж 24 цагийн бэлэн байдалтай 100 гаруй ажилтан албан хаагч жилийн дөрвөн улирал тасралтгүй ажиллаж байдаг.

Энэ жил шинээр цэвэрлэх байгууламж баригдаж, ашиглалтад орохоор бэлтгэлээ базааж байна. Бас л мэргэжлийн инженер, техникийн ажилчдын асуудал үүсч байх шиг байсан?

Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 10 аймагт Цэвэрлэх байгууламж 2016 оноос баригдаж байгаа. Комфорт импекс ХХК 2019-2020 онд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэйгөөр 3000м3 биологийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил явагдаж байна. Жилдээ 300 гаруй сая төгрөгийн ашиглалтын зардалтай 15 барилга байгууламжтай, усыг 95% цэвэршүүлэх обьект баригдаж байна. Үүнтэй холбоотойгоор УХАТатуургын нарийн мэргэжлийн инженер, албан хаагчид шаардлагатай байгаа. Иймээс шаардлага хангасан мэргэжлийн боловсон хүчнийг ирж ажиллахыг урьж байна.

Бэрхийн дулааны станцад ажил хэр явагдаж байна?

2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 200 сая төгрөгийн КЕ10/14 3 зуухыг иж бүрэн шинэчилснээр 2020-2021 оны халаалтын улиралд халаалтын доголдол маш бага гарсан. Одоогийн байдлаар тулгамдаж буй асуудал нь тосгоны инженерийн шугам сүлжээ, ил болон далд шугамнууд ашиглалтын хугацаа дууссан буюу элэгдлийн хугацаа хэтэрсэн тул хэрэглэгчид очих дулаан доголдож байгаа гол шалтгаан болж байна. Мөн зарим үед нүүрсний чанартай холбоотой асуудлууд үе үе гарч зарим үед халаалтын чанар муудах тохиолдол байсан. Дулааны станцад мэргэжлийн боловсон хүчин дутмаг тул станцын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. 2021 онд улсын төсөвийн хөрөнгө оруулалтаар 21мвт-н шинэ дулааны станц мөн инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлууд хийгдэхээр улсын төсөвт тусгагдаад байна.

Өнгөрсөн өвлийн хувьд халаалт дулааны хангамж, эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээний хувьд ямар байв?

Манай компанийн хувьд Чингис хотын дулаан хангамжийн 70%-ийг хангадаг. Хэдийгээр халаалтын улирал дуусаагүй байгаа ч өнгөрсөн өвлийг манай байгууллага амжилттай давж гарлаа гэж үзэж байгаа. Бид хэрэглэгчдийг дулаанаар найдвартай хангах үүднээс халаалтын зуухнуудын тогоонуудыг шинэчлэн нийтдээ 262.3 сая төгрөгөөр 7 ширхэг халаалтын тогоо худалдан авч суурилуулан дулаанаар хангасан. Мөн Хэнтий аймагт дулааны станц баригдахтай холбоотойгоор 2-р халаалтын зуухны буюу Нэгдсэн эмнэлгийн зүүн талын 2-р хэлхээний шугам шинэчлэлтийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтын 1.2 тэрбум төгрөгөөр "Цагаан зуун" ХХК хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн. Уг ажил хийгдсэнээр шугам сүлжээний дулаан алдагдал буурч, дулаан нэвтрүүлэх чадвар сайжирсан. Манай байгууллага өвлийн бэлтгэл ажлыг сайн хангасаны үндсэн дээр халаалтын зуухнуудад эвдрэл гэмтэл, сааталгүй ажилласан. Монгол Улсын Засгийн газраас дулаан, цахилгааны үнэ тарифийг төр хариуцахтай холбоотойгоор цахилгааны ачаалал нэмэгдэж ЦТСС-аас төлөвлөгөөт бус тасалдалтууд их хийгдэж хэрэглэгчдийг дулаанаар түр хангах боломжгүй, эсвэл дээр дурдсан нүүрсний чанар байдлаас хамааран түр зуурын хүндрэлтэй нөхцөлүүд үүсэж байлаа.

Саяхан С79 дүгээр байрны гэмтлээс том хэмжээтэй тос гарсан байсан. Иргэдийн хэрэглээ, ухамсраас шалтгаалан танай байгууллагын ажилд хэр хүндрэл гардаг вэ?

Манайд ирсэн дуудлагын ихэнх хувийг бохир усны шугамын бөглөрөл, түүнтэй холбоотой дуудлага эзэлдэг. Энэ нь иргэд хөдөлмөрчдийн өөрсдийн буруутай үйлдлээс шалтгаалж ихэнхдээ гарсан байдаг. 00 болон бохирын худаг сувагт хог хаягдал хийх, худгийн тагийг машинаар дайрч бөглөх, ахуйн том хог хаягдлыг хийж гүйлгэх зэрэг хүндрэлүүдийг гаргадаг. Тиймээс иргэдийг ухамсартайгаар, соёлтойгоор, тав тухтай амьдрах дадал хэвшилд суралцаасай гэж хүсэж байна. Нэг айлын буруутай, ухамсаргүй үйлдлээс үүдэн шугамын бөглөрөл гарснаар тэр орон сууц, цаашлаад Чингис хотын хэмжээнд хүндрэл гарах эрсдэлтэй байдаг.

Цаашид та бүхний хийхээр төлөвлөж байгаа ямар ажлууд байгаа вэ?

Бид иргэд рүү чиглэсэн смарт технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр иргэд аппликейшн ашиглаж төлбөр тооцоогоо хийх боломжтой болно. 2019 оноос бид ухаалаг усны тоолууруудыг нэвтрүүлж ажиллаж байна. Цаашдаа урьдчилсан төлбөрт тоолуурыг нэвтрүүлж суурилуулахаар төлөвлөж байгаа. Мөн ундны усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, 2 эх үүсвэртэй болгох, бохирын төв шугамыг шинэчлэх, Усан сангуудыг төвлөрсөн шугаманд үе шаттайгаар холбож, зардлыг бууруулах зэрэг ажлуудыг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Ярилцсан танд баярлалаа. Ард иргэдийн амар тайван, аюулгүй ус, дулааны хэрэглээг хангахаар байнгын бэлэн байдалд ажилладаг танай хамт олонд ажлын амжилт хүсье.

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв