Хэнтий аймагт коронавирус /ковид-19/-ын вакцинжуулалт эхэллээ


Хэнтий аймагт коронавирус /ковид-19/-ын вакцинжуулалт эхэллээ
2021 оны 04 сарын 05. 16 цаг 30 минут

/Ковид 19/ Коронавирусын вакцинжуулалт өнөөдөр Хэнтий аймагт эхэллээ. Вакцинжуулалтыг аймгийн хэмжээнд 27 эрүүл мэндийн байгууллагаас 29 цэгт хийх юм байна. Өнөөдөр БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн ВЕРОЦЕЛЛ вакциныг Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр хийлгэсэн бөгөөд Эрүүл мэндийн салбарын 1053 хүн, үүнээс Нэгдсэн эмнэлгийн 280 ажилчин албан хаагчдад хийхэд бэлэн болсныг тэрбээр дуулгалаа. Вакциныг эхний ээлжинд Ковид-19-ийн эсрэг тэмцэж буй Эрүүл мэндийн салбар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, ЗӨСТ, Авто тээврийн төв, Шуурхай штабт ажиллаж буй албан хаагч нар, ард иргэд хийлгэх бөгөөд, вакцинжуулалтын хуваарийг онцгой комиссоос гаргасан гэлээ.

Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр “Вакцины эхний тунг авснаас хойш 28 хоногийн дараа хоёр дахь тунг авна.  Эхний тунг аваад өвчний халдвараас сэргийлнэ гэсэн үг биш, хувь хүн өөрөө халдвар хамгааллын дэглэмээ сахиж байх ёстой" хэмээн зөвлөлөө.

Улаанбаатар хотод эхний тунг хийлгээд дэглэмээ баримтлаагүйгээс 532 хүн халдвар авсан тохиолдол гарсан. Тэгэхээр хоёр дахь тунг хийлгэж байж дархлаа тогтоно гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.

Хэнтий аймгийн 18-аас дээш насны 45 мянга гаруй иргэдэд вакцин хийх ёстой. Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр нэгэн зэрэг бүх аймагт вакцин илгээсэн бөгөөд манай аймагт 4585 вакцины тун хуваарилсан. Энэ нь нийт вакцины 10 хувь нь ирсэн гэсэн үг юм. Вакцины хангалт тасралтгүй үргэлжилбэл богино хугацаанд иргэдээ вакцинжуулж чадна гэдгийг албан эх сурвалж мэдээллээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв