Хөдөлмөрч гэр бүл


Хөдөлмөрч гэр бүл
2021 оны 04 сарын 06. 01 цаг 45 минут

Зөөлөн бороо шивэрч байгаль эхийн өнгө тодорч, ургамал ногоо сэргэсэн нэгэн сайхан өдөр манай агентлагийн хамт олон Мөрөн сумыг зорих замд олны анхаарлыг татахуйц цэвэрхэн хашаа, жигдхэн ургасан ногоон талбай, найгах цэцэгсийн гайхам орчныг бүрдүүлсэн хөдөлмөрч гэр бүлийг зорьсон юм. Зорин очсон биднийг найрсаг сайхнаар тосон авсан хүмүүс бол Амгаланбаатарын Пүрэвдорж, гэргий Дорждэрэмийн Ариунгэрэл нар байлаа.

Мөрөн суманд төрж өсөн, нэг ангид эрдмийн дуу сонсож, ирээдүйн амьдралаа холбосон хөдөлмөрч хосууд маань ханилаад гучин жилийг хэдийнээ үдэж, гурван сайхан үрийн зулайг үнэрлэн, ач зээ нараа эрхлүүлэн жаргаж буй. Мөрөн голоо даган, буурь сэлгэн нутаглаж ирсэн аав ээж, эцэг өвгөдийнхөө энэ л бэлчирт тэд хайртай. Учир нь Д.Ариунгэрэл 1994 онд энэ л сайхан хайрханы бэлд ирж хүүгийнхээ хүйг цөглөж, биеэ тэнхэртэл ижийдээ нялхарч, дурсамжтай,жаргалтай дэлгэр зуныг өнгөрүүлсэн нь гэгээн сайхан дурсамжуудын зэрэгцээгээр үргэлжид нандигнахтүүхийг бүтээжээ.

Таван жилийн тэртээд Д.Ариунгэрэлд хүүгийнхээ төрж өссөн сайхан нутагт мод тарья гэсэн санаа төрсөн аж.

Тэр үед хүмүүс чацарганыг ихээр тариалж байсан нь гэрийн эзэгтэйн мод тарих сонирхлыг бүр ч их хөдөлгөжээ. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, эзэгтэй хүний хувьд тэрбээр үр хүүхдүүддээ шим тэжээлтэй, гэр бүлээрээ жимсээ түүж, хөдөлмөрлөж, хамтдаа сайхан дурсамжийг бүтээхээр чацаргана тариалах саналыг ханьдаа хэлж. Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга гээд удирдах албан тушаалуудыг хорь гаруй жил хийсэн А.Пүрэвдорж 2013 онд эрүүл мэндийн шалтгааны улмаас грүппд орсон ч зүгээр сууж чаддаггүй зан нь түүнийг эхнэрийнхээ саналыг дэмжихэд хүргэжээ. Ингээд нандин дурсамжаар холбогдсон сайхан нутагтаа тэд 1 га газарт 1250 ширхэг чацаргана тариалах шийдэлд хүрч, хаврын хавсарга салхитай нэгэн өдөр нутгаа зорьсон аж.

Анх газраа хагалахаар ирэхэд нь чулуу ихтэй, хатуу хөрстэй байсан учир трактор авчран хагалуулж, шөнөжингөө өөрсдөө чулуу түүн, үзэж харж, сонссон мэдлэгтээ тулгуурлан талбайгаа бэлтгэж бууцаар бордов. Хүүхэд ахуйдаа ногоо тарих, хураах гээд сургуулийн ажилд дайчлагдан хөдөлмөрлөж өссөн нь тэдний туршлага байлаа. Тууштай хөдөлмөрлөж, зүтгэж байгаа тэдэнд нэг ангийн найз Даваахүү, Эрдэнэчимэг нар ажлынхаа зав чөлөөгөөр зорин ирж зөвлөгөө өгөн, туслаж дэмждэгт нь тэд үргэлжид талархана.

Нягтлан бодогч мэргэжилтэй А.Пүрэвдорж, эх баригч эмч, компьютер томографийн техникч Д.Ариунгэрэл нардараа жилээс нь өрхийн хэрэглээндээ зориулан 0.5 га-д хүнсний ногоо тариалж эхэлжээ. Нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны тасагт компьютер томограффийн техникчээр ажилладаг Д.Ариунгэрэл, ахлах ангийн сурагч охин П.Халиунаа нар байнга наашаа цаашаа явж ажил хичээлээ амжуулахын хажуугаар ногоо тарихаас хураах хүртэл, үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл жимс, ногооны талбай, мод бутнуудаа услах, талбайгаа цэвэрлэх, арчилж тордох гээд ажил мундахгүй.

Газар хагалахаас эхлээд нэг ч ажил үлдээлгүй жимс, ногооны талбайнхаа бүхий л ажлыг хийдэг хамгийн сайн туслагч бол П.Халиунаа юм. Сурагч ахуй насандаа хөдөлмөрийн амт шимтийг мэдэрч, халуун ам бүлээрээ хамтдаа хөдөлмөрлөн, байгалийн сайханд жимс, ногооны талбайдаа байх нь түүний нэгэн жаргал.

Хоёр, гурван жил хүнсний ногоо тарьж, болц гүйцэх хугацаандаа чацарганы модод жимсээ өгч, арвин ургац хураах болсондоо урамшин өнгөрөгч жилээс эхлэн тариалах талбай, хүнсний ногооны нэр төрлөө нэмэгдүүлсний зэрэгцээ эмийн ургамал тариалж эхэлжээ. Одоо тэд 1.5 га-д хүнсний ногоо, 1 га газарт чацаргана, улиас, хайлаас, шар хуайс, бургас гээд 500 гаруй мод болон булцуут цэцэг, хунчир, тарвас тариалж байна. Шим өгөөжөөр арвин жимс, ногооны талбайдаа тэд үр, ногоогоо зөөх Портер авто машин, усалгаандаа хэрэглэдэг помп, газраа хагалах хүрзнээс өөр багаж хэрэгсэлгүй өөрсдийн гараараа бүхнийг бүтээн босгож буй.

Талбайнхаа хэмжээ, хүнсний ногооны ургацад нөлөөлөх нөлөөллийг тооцоолон хуваарилж нарийн ногоо тариалах талбайн бүдүүвч зургийг гарган, эгнээлж хайрцаглан тарьсан нь тэднийг эмх цэгцтэй, бүтээлч, хөдөлмөрч хүмүүс болохыг харуулна. Хамгаалалтын зурвас хийх зорилгоор улиас, шар хуайс тариалж ногоон хашаа хийхээр зорин, үржүүлэг хийж эхлээд байна. Мөн химийн бордоо хэрэглэлгүйгээр усалгаа, арчилгаагаа тохируулан арвин ургац авч,эрүүл мэнд, байгаль орчиндоо ээлтэй тариалалтыг хийдэг. Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, том, дунд сортоор ангилан нийлүүлдэг байна.

Ажилсаг гэр бүлийнхэн маань 1200 грамм төмс, 500 грамм сонгино тариалж, Намрын баярын үзэсгэлэн худалдааны шилдэг бүтээгдэхүүний шагнал хүртэж байсан. Төсөл хөтөлбөрийнхний зэрэгцээ аялагч жуулчид, нутаг усныхан А.Пүрэвдоржийнхоор зочлон, жимс, ногооны талбайг сонирхох нь ихэсчээ.

Хангай дэлхийгээ бахдан, нандин шижмээр холбогдсон энэ л бэлчиртээ үргэлж талархаж явдаг сайхан хосууд маань цаашидногоон байгууламжаа өргөтгөн, ихийг хийж бүтээхээр төлөвлөж байгаа аж. Зүтгэж, хичээж, хөдөлмөрлөж чадвал боломж байдгийг харуулж чадсан хөдөлмөрч гэр бүлдээ эрүүл энх, аз жаргалыг хүсч,үржил шимт талбайн өгөөж нь арвин, үе удмаа тэтгэсэн хангай дэлхийн хишиг нь ивээж байхын ерөөлийг өргөе.

Эх сурвалж: Хэнтийн мэдээ сонин №9

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв