Хэнтий аймгийн Хэрлэн сумын Лаборатори 1-р сургууль


Хэнтий аймгийн Хэрлэн сумын Лаборатори 1-р сургууль
2021 оны 04 сарын 06. 10 цаг 15 минут

Зуунаас зуунд өртөөлөх эрдмийн ариун түүчээ

Зузаан баринтагт судар алдрын нандин хэлхээ

Зуун зууны ерөөлтэй багш, шавийн барилдлага

Зурайх ирээдүйн эхлэл – Алтан гадас одонт үндэсний лаборатори

 Хэрлэн 1-р сургууль

Монголын ард түмний заяа тавиланг тэгшитгэх зам мөрийг тодотгосон ардын хувьсгалын анхны он жилүүдэд буюу  тэртээ 1923 оны 4-р сарын 22 нд цэцэд тасардаггүй сэцэн хааны бууринд оюуны үр соёолж, уулс уулсын хаан Өндөрхааны энгэрт эрдмийн цагаан өргөө чандамланхан бууж улсын анхны 13 сургуулийн нэг болж, боловсролын галыг асаалцсанаас хойш эдүгээ 98 дахь хичээлийн жилтэйгээ учран золгоод байна.

Хаадын ариун голомт Хан Хэнтийгээрээ овоглож ханагар дэлхийд цуутай эрдэмт шавь нараа төрүүлсэн өнө мөнхийн гавьяатай Өндөрхааны 10 жилийн сургуулийн ард түмнийхээ оюун сэтгэлгээний хөгжилд оруулсан хувь нэмэр, алдар замналаар бахархан омогшихгүй байхын аргагүй.

Эрдэм оюуны үл дуусах их аяны туг сүлдийг өргөж түүх цадгийг эхлүүлсэн анхын Дэлгэрсум захирлаас Алтан гадас одонт сургуулийн алдрыг өргөж амжилтыг түүчээлж яваа Алтанцэцэг захирал хүртэлх 98 жилийн намтар баян түүхийг зузаатган арвитгасан буурал сургуулийнхаа гал голомтын эзэд үе үеийн захирал, удирдлагууд, анхны багш Дэлгэрсумаас цаг цагийн түүхэнд амжилт ололтоо дархлан бүтээлцсэн олон зуун багш нар, МУ-ын Гавьяат багш Дуламсүрэн, Гантөмөр, Ренчин, Долгор нарын багшийн багшийн багш нар,ардын хөвгүүд 25 сурагчаас ажил амьдралын замаа нээсэн 15000 шавь нар, улсын анхны баатар Гонгороос ардын цолтон, гавьяатнууд, эрдэмтэн, докторууд, тив дэлхийд нэрээ дуурсгасан тамирчид, алдар хүндийг буухиалан үргэлжлүүлэх агуу түүх, боловсрол, хөдөлмөр, манлайлал, алдар, гавьяа Хан Хэнтийн ууган  сургуулиас  эхтэй юм.

Лаборатори 1-р сургууль нь

1923 онд Танхимын бага сургууль

1929 онд Бэлтгэл дунд сургууль

1937 онд 7 жилийн бүрэн бус дунд сургууль

1950 онд 10 жилийн бүрэн дунд сургууль

1990 онд Хэрлэн сумын 1-р сургууль

2011 онд БСШУЯ-ны  харьяа үндэсний лаборатори 1-р сургууль гэсэн нэртэйгээр цаг цагийн түүхэнд боловсролын салбарт манлайлан ажилласаар ирсэн билээ. Манай сургууль 2650 хүүхэд, 100 гаруй багш, 60-аад ажилчинтайгаар 2020-2021 оны хичээлийн жилийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв