Ширхэг үрнээс шимийн хүнс


Ширхэг үрнээс шимийн хүнс
2021 оны 04 сарын 07. 01 цаг 27 минут

Хэнтий аймагт өөрсдөө хүнсний ногоогоо тарьдаг, жижиг хэмжээний хүлэмжтэй цөөнгүй хүмүүс байдаг. Өөрсдийн тарьсан ногоог өрхийн хэмжээнд ашиглах нь эдийн засагт маш хэмнэлттэйгээс гадна хөгшид, хүүхдүүдэд бие бялдрын дасгал ч болж болдгоороо онцлогтой. Хэнтий аймагт ногооны үрийн худалдаа хаа сайгүй байдгаас гадна үнийн хувьд ч боломжийн. Жишээ нь 15 ш өргөст хэмхний үр-1000 төгрөг, 50 ш помидорны үр-2000 төгрөг, 20 ш байцааны үр-1000 төгрөг гээд л бод доо. Өөрсдөө өрхийн үйлдвэрлэгч болж хүнсний ногоогоо тарих нь бидний хойч үед хөдөлмөрч ухааны үлгэр дуурайлал болно гэж боддог. Айл өрх бүр өөрсдийн жижиг цэцэрлэгтэй болж хүнсний ногоогоо үйлдвэрлэж байвал сайнсан. Дэлгүүрийн лангуун дээрээс авсан ногооны чанарт тэр бүр найдахын аргагүй. Миний ажигласнаар өрхийн үйлдвэрлэгч нар голдуу ахимаг насны хүмүүс байгаа харагддаг. Тэд бол ажил хөдөлмөрт шамдаж, нар салхины аашийг аргадаж сурсан туршлагын уул уурхай. Хашаандаа сайхан амьдрах сайхаан. Тэр тусмаа ширхэг үрнээс шимийн хүнсээ ургуулж амьдрах нь энэ насны жаргал биш гэж үү?.

Миний нэг танил өвөө 76 настай. Тэр ургамал судлаач мэргэжилтэй. Дээхэн үеийн хүмүүсийн сонгосон мэргэжил хүртэл ямар далайцтай, алсын хараатай, амьдралд ойрхон мэргэжил сонгодог байсан юм бэ гэж бодмоор. Нас нь хөгширсөн ч мэргэжлээ зэврээгээгүй тэрээр өдгөө хашаандаа төрөл бүрийн нарийн ногоо үрслүүлдэг. Тухайлбал, өргөст хэмх, улаан лооль, манжин, байцаа, амтлагч ногоо зэргийг тарьдаг. Ногоо тус бүрийнхээ онцлогийн дагуу хэзээ, хаана үрслүүлэхээ сайн мэднэ. Ойр дотны хүмүүс нь ч түүнээс ногоо худалдан авах сонирхолтой. Аргагүй шүү дээ. Монгол хөрсөнд, мэргэжлийн арга зүйгээр бордож, тордож тарьж ургуулсан эрүүл хүнснээс хэн татгалзах билээ дээ. Найз өвөө маань гэр бүлээ ногоогоор ч хангана, орлогоор ч хангаж явна.

Сэтгэл байвал орон сууцны айл ч балкон дээрээ бяцхан хайрцганд хүнсний нарийн ногоогоо тарьж болдогийг би харсан. Тэгэхээр гэр хорооллын айлууд бид ямар их боломж, тансаглал дунд амьдарч байгаагаа үүнийг уншаад ухаарч буй биз ээ. Ширхэг үрнээс шимийн хүнсээ соёолуулж өрх бүр үйлдвэрлэгч байцгаая!

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв