Төрийн өмнөөс түмний төлөө


Төрийн өмнөөс түмний төлөө
2021 оны 04 сарын 07. 02 цаг 15 минут

Сумын төвийн хүн ам цөөхөн. Түүний 70%-ыг одоогоор эрчүүд бүрдүүлж байгаа. Учир нь эмэгтэйчүүд нь хүүхдээ сургуульд сургах ажилтай аймгийн төв бараадсан. Цаг үеэсээ хамаараад сумын амьдрал хэзээ буцалдаг, хэзээ эл хуль болдог, ямар үед нь ажлын үр бүтээмж өндөр байдаг вэ? гэдгээ сайн мэдэх хүний нэг Мөрөн сумын нийгмийн даатгалын улсын байцаагч Нацагдоржийн Энхмягмар билээ.

Түүнийг бага байхад аав ээж нь ч суманд амьдардаг байж. Тиймээс сумын амьдралыг сайн мэднэ. Мөрөн сумын уугуул тэрээр Технологийн инженер, нягтлан гэх хос мэргэжилтэй. 2004 оноос хойш нутагтаа бүр мөсөн суурьшаад төрийн албанд зүтгэж явна. Төр төлөөлж буй хүнд цаг, нар гэж байдаггүй гэж ярих нь эрхэлж буй ажилдаа хичнээн зүтгэлтэйг харуулах мэт.

Анх ярилцаад суухад гаднах төрх байдлаас ажвал, нүүрээ буддаггүй, урт гэгчийн өтгөн хар үсээ сүлжээд даруухан загвартай даашинз өмссөн хөдөөний эгэл эмэгтэй шиг харагдсан юм. Хэсэг ярилцсаны дараа түүнийг хүндлэх, бишрэх сэтгэл эрхгүй төрж байлаа. Ажилдаа гаршсан, төрийн ажлыг хөдөөний малчин хүнд хэрхэн, яаж ойлгуулах вэ гэдгээ сайн мэддэг, үг яриа түргэн, тод, час хийсэн эмэгтэйг олж харсан юм. Суманд байтугай төвийн бүх байгууллагат ийм л хүн байгаасай гэж санагдсанаа нуух юун. Танд одоо хэцүү зүйл тохиолддог уу? гэж асуухад, тэрээр: Ээж маань суманд багш хийдэг байлаа. Үндсэн ажил нь л багш болохоос сумандаа хийж чадахгүй, оролцохгүй ажил гэж байдаггүй байсан. Юм юмны түрүүнд явдаг. Тиймээс намайг ч бас өөр шигээ хүн болгохсон гэдэг байсан. Тэр нь ч надад амар санаддаг. Өөрөө л эв дүйтэй байвал зовох юм байдаггүй шүү дээ” гэж хэлэв.

-“Манай малчид чинь дураараа улс шүү дээ. Нэг удаа бүр өглөө эрт 06 цагт гэрийн хаалга, цонх тогшоод яаруу, сандруу яваа бололтой манай сумын нэг малчин хүрээд ирдгийм байна. Учир явдлыг нь сонсвол, яг одоо хот руу явах гэж байна, тодорхойлолт бичээд аль! гээд гуйхад нь үгүй гэж хэлээд буцаалтай биш гээд ажлыг нь бүтээж өгөхгүй бол болохгүй шүү дээ” гэж ярина. Заримдаа түүний ажил ажлын цагаар, ажлын байран дээрээ өрнөнө гэж байхгүй. Хэдэн малчдынхаа хойноос унаа тэрэг хөсөглөөд давхих ч үе тохионо. Сумын төвийн хурал, цуглаан, бригадын төв дээр болдог хурал дээр хааяа нэрээ цоллуулах нь ч бий. Малчдынхаа тэтгэвэр тогтоолтын дүрэм журмыг хурал дээр зүгээр нэг нийт дунд нь яриад өнгөрөх юм бол дараа нь, “чи надад хэлээгүй биз дээ” гэж хээв нэг ярьчихаж мэднэ. Тиймээс өөрт хандсан хүн тус бүртэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсоод зөвлөгөө өгөх нэг өөр хэрэг. Өчүүхэн төдий ч хайнга хандаж боломгүй энэ ажлынхаа чиглэлээр шинэ тутамд гарсан хууль, дүрмийг ягштал уншиж, мөрдөж өөрийгөө байнга хөгжүүлж явдагаа хэлсэн юм.

-Хот, аймаг, сумын нийгмийн даатгалын ажилчид бид ялгаагүй нэг л хуулинд захирагдаж, ижилхэн зарчмаар ажилладаг гэдгийг ухамсарлаасай гэж хүсч явдаг. Учир нь, зарим хүмүүс харьяа сумандаа бүтээж чадаагүй ажлаа аймгийн төвд байдаг танил талаа ашиглаад ажлаа бүтээлгэчихнэ гэдэг байдлаар ханддаг. Гэтэл суманд байгаа надаас ч, аймгийн нийгмийн даатгалын ажилчнаас ч адилхан л үг сонсоно шүү дээ. Учир нь нэг л хууль үйлчилдэг гэдгийг ойлгуулахыг хүсч явдаг” гэж ярьж байлаа.

Малчид маань ч нэг үеэ бодвол мэдээллээс хоцрохоо болиод байгаа. Хаа сайгүй л үүрэн холбооны сүлжээтэй болчихсон. Энэ нь хот, хөдөөгийн ялгааг аажмаар арилгаж хүмүүсийн хөдөө рүү тэмүүлэх хүслийг улам ихээр бий болгох биз. Хэдхэн жилийн өмнө өрөөндөө битүү цаастай суудаг байсан ажил техник технологи хөгжихийн хэрээр хялбаршиж, түүнийгээ дагаад хүмүүсийн ойлголт, ухамсар өөрчлөгдөж байгаад баяртай явдгаа илэрхийлсэн юм. Хийсэн ажилдаа ялархаж үзээгүй, хүнээс дутуу явахгүй юмсан гэсэн цагаахан хор шартай, сумын төвийн эгэл жирийн төрийн албан хаагч бүсгүйн сэтгэлийг тольдсон уулзалт ийм билээ.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв