Мэндчилгээ


Мэндчилгээ
2021 оны 07 сарын 10. 02 цаг 50 минут

ХЭНТИЙ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

1947 онд бичиг үсгийн түр сургууль анх байгуулагдаж багшаар нь О.Лувсаншарав, Чойжинсамбуу нар, туслах багшаар нь Л.Цагаан-Өвгөн, Зундуй-Юндэн нар ажиллаж крилл бичиг, дөрвөн аргын тоо зааж эхэлсэн нь Мөрөн суманд боловсролын байгууллага үүсч хөгжих эх үндэс болжээ. 1949 онд бага сургууль болон өргөжиж сургуулийн захирлаар Ч.Даваа, багш Н.Намсрайжав, Думаажав нар ажиллаж байв. Удаахь захирлаар С.Лувсаннамсрай ажиллажээ. 1972-1973 оны хичээлийн жилээс дунд сургууль болон өргөжсөн юм. 1998 онд Монголын хүүхдийн зохиолчдын Үндэсний төв, Мөрөн сумын засаг дарга Ж.Сүхбаатар, захирал Ш.Баатар нарын санаачилгаар Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч Дамдинцоогийн Содномдоржийн нэрэмжит сургууль болсон түүхтэй.

Манай сургуулиас Монгол улсын Гавъяат нэгдэлчин Д.Цэрэнням, Монголын Хүүхдийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг зохиолч Д.Содномдорж, МУГЖ Г.Эрдэнэбат, Философийн ухааны доктор Ү.Ариунболд, Шинэ төрийн анхны түшээ П.Ганзориг, Хэнтий аймгаас төрсөн анхны 3 нисгэгчийн нэг Д.Дамдиндорж, хуульч сэтгүүлч Д.Сүхбаатар, хуульч эрхзүйч Д.Сүнжид, МУСТА зураач барималч Н.Шархүү, Монгол улсын Алдарч уяач Д.Энхсүх, Монгол улсын Хошой аварга малчин Ж.Цагаан-Өвгөн, “Өнө Орших” ХХК-ий захирал Н.Ганпүрэв гээд алдар цуутнууд төрөн гарсан билээ.

Өнөөдөр манай сургууль 9 бүлэгт 152 сурагч,18 багш, 11 ажиллагсадтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Манай сургууль орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын тохилог таатай орчинг бүрдүүлж, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих үйл ажиллагааг тэргүүлэх чиглэлээ болгон, хүний нөөцийг чадавхжуулснаар чадварлаг багш нарын хамт олон бүрдлээ. Мөн оюуны спортыг хөгжүүлэх, сурагчдын илтгэх ур чадварыг хөгжүүлж ажилласнаар аймаг улсын чанартай уралдаан тэмцээнд манай сурагчид жил бүр олон амжилтыг үзүүлж ирлээ.

Эрхэм хүндэт Хэнтийчүүд та бүхэндээ Боловсролын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Сургуулийн захирал, Боловсролын тэргүүний ажилтан М.Ариунаа

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв