Мэндчилгээ


Мэндчилгээ
2021 оны 07 сарын 10. 03 цаг 09 минут

 

Нүүдэлчин Монголчууд эрт дээр үеэс байгаль, дэлхийгээ дээдэлж, тэнгэр, газар, уул усаа тахин шүтсээр ирсэн бөгөөд тэдгээртэй холбоотой ёс заншил, зан үйл нь өнөөг хүртэл өвлөн уламжлагджээ. Бурхан Халдун уул бол Монгол үндэстний голомт нутаг, язгуурын монголчуудын өтгөс дээдсийг нутаглуулсан, эрхэм дээд шүтээн уул бөгөөд түүх, уран зохиолын алдарт бүтээл “Монголын нууц товчоо”-той шууд холбоотой, түүхэн газар нутаг юм. Монголын Эзэнт гүрнийг үндэслэгч Их Эзэн Чингис хаан “Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүхэн тахисугай, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж захисан байдаг.

Их Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо хуралдсан ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар Дэлхийн өвд бүртгэсэн. Бурхан Халдун уул нь Их Эзэн Чингис хаан Монголын Эзэнт гүрнийг үүсгэн байгуулсны гол бэлэг тэмдэг бөгөөд Ази болон дэлхийн түүхэнд чухал ач холбогдолтой. Тиймээс ч энэ газар нутагт түүх, соёлын олон дурсгал хадгалагдан үлдэж, соёлын биет бус өвийн илэрхийллүүд үеэс үед өвлөн уламжлагдан ирсэн байдаг. Мөн байгаль нь онгон дагшнаараа үлдэж, бусад газарт бараг устаж үгүй болж байгаа амьтан, ургамлын ховор төрөл зүйлүүдийг хадгалж ирснээрээ дэлхий дахинд үнэ цэнтэй билээ.

Монгол Улс ЮНЕСКО-гийн 1972 оны Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц болон түүний Үйл ажиллагааны удирдамжид нийцүүлэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн Хамгаалалтын захиргааг байгуулж, бүтэц, орон тоог баталсан.

Манай байгууллагын эрхэм зорилго бол Үндэсний бахархалт, Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн байгаль, соёлын өвийг эх төрх унаган байдлаар нь хадгалж, хамгаалан хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал юм. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгагдсан нүүдлийн өв соёлоо хадгалж, ёс заншил, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, Түүх, соёлын дурсгал, урлагийн бүтээл, утга зохиолд тулгуурлан үндэсний бахархлыг сэргээж, биет болон биет бус өвийг хадгалан хамгаалж, өвлүүлж хэвшинэ гэсэн зорилтыг байгууллагынхаа эрхэм зорилготой уялдуулан ажиллах болно. Түүнчлэн Дэлхийн өвийн газар нутгаа олон улсын жишигт нийцүүлсэн хадгалалт, хамгаалалттай болгох алсын хараатай ажиллаж байна.

Дэлхийн өв-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг судлах, эко-аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах  үйл ажиллагааг Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, сумдын төрийн болон ТББ, иргэд, малчид, залуу үеийн төлөөлөл, хүүхэд багачууд та бүхэнтэйгээ хамтран хэрэгжүүлэх болно.

Та бүхэндээ Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

 

 

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн

хамгаалалтын захиргааны дарга

Г.Чинболор

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв