Монгол малчны мэлмий тунгалаг, Өлмий бат оршиг


Монгол малчны мэлмий тунгалаг, Өлмий бат оршиг
2021 оны 07 сарын 10. 03 цаг 43 минут

Тал сайхан нутагтаа мал сүргээ бэлчээж, солонготой бороо, хунгарласан цас, жавар шуурганд ч хээрийн салхинд илбүүлэн, жилийн дөрвөн улиралд өдөр шөнийг умартан буянт малынхаа төлөө бие сэтгэлээ чилээж, уйгагүй хөдөлмөрлөхдөө сэтгэлдээ жаргаж явдаг хүмүүс бол малчид. Малчны хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч, бага балчир наснаасаа аав ээжийгээ даган мал маллаж, малч ухаанд суралцахдаа ажлыг хүнд хүчир гэж төвөгшөөлгүйгээр чин сэтгэлээсээ хийх нь амжилтад хүргэж, аз жаргалыг мэдрүүлдэг болохыг Цэдэн-Ишийн Төмөрсүх ойлгожээ. Түүний аав Цэдэн-Иш нь аймгийн “Сайн малчин”, “Алдарт уяач” хүн бөгөөд  олон түмэндээ дуу цөөнтэй, тохитой томоотойгоороо алдартай ажилч, хичээнгүй нэгэн байв. Харин ээж Дулам нь бага залуугаасаа мал аж ахуйн салбарт ажиллаж Монгол улсын “Сайн малчин”, “Алтан төлийн эзэн” болж төр засаг, түмэн олныхоо хүндлэлийг хүлээсэн төдийгүй өдгөө 93 насыг зооглосон ч морь унаад хонь хариулж яваа хөнгөн биетэй ануухан нэгэн буурай бий.

Төмөрсүх 1997 оноос хөдөө аж ахуйн салбарт ажиллаж аав, ээж, ахмад буурлууд, өнөөгийн шилдэг малчдын туршлага, мал маллах ажиллагааны бичигдээгүй их арга ухаанаас суралцан ажил амьдралдаа хэрэгжүүлж эрдэнэт сүргээ 6000 тоо толгойд хүргэж байв. Ингэхдээ мал сүргийнхээ ашиг шимийг нутаг орондоо төдийгүй улсдаа таниулж, “Мишээл экспо” шилмэл малын үзэсгэлэн худалдаанаас түүний өсгөсөн хуц үүлдэр угсаагаараа 5 жил дараалан алтан медаль, ухна нь 3 жил дараалан алт, мөнгөн медаль хүртсэн байна. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж 2010 онд Алтан гадас одон, 2017 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2021 оны 5 дугаар сард Монгол улсын Гавьяат ажилтан гэсэн эрхэм дээд шагналыг мялаасан юм.

Энэ их хичээл зүтгэл, гавъяа шагналыг хүртэхэд түүний хань Мөнхжаргал ихэд тус дэм болж, мал маллах арга ухаанд хамтдаа суралцан, монгол ахуй, өв уламжлалаа үр хүүхдүүддээ таниулан хүмүүжүүлжээ. Тэд нүүдлийн соёл иргэншлээ дээдлэхийн зэрэгцээ эдийн засгийн дээд боловсрол эзэмшсэн сэхээтнүүд юм. Сүүлийн жилүүдэд Төмөрсүх “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Уурхайн эдийн засаг, хууль, санхүү, стандарт хариуцсан даргаар, Мөнхжаргал “Гашуун Сухайт Авто зам” ХХК-ийн ХАБЭА албаны даргаар ажиллаж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж явна. Уул уурхайн салбарт эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ АНУ-ын Вашингтон хотын Хойд Америкийн их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцан төгсөж, мэргэшсэн боловсон хүчний эгнээг тэлжээ.

Монголчууд бидний  эрдэнэт мал сүргийн буян их, үржил шим арвин. “Мал дагавал ам тосдоно” гэсэн ардын сайхан үг бий. Өвөг дээдсийнхээ алтан сургаалийг дээдлэн, үнэт баялаг болсон малынхаа буян заяаг хүртэн, малчны хотноос амьдралаа эхлүүлэн дэлхийн боловсролыг эзэмшиж, бөмбөрцгийг тойрон аялах эгэлгүй хувь заяа нь энэ насны жаргал буюу.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв