Ачлалт аав ээжийн аварга хүү


Ачлалт аав ээжийн аварга хүү
2021 оны 07 сарын 10. 08 цаг 19 минут

Бор-Өндөр сумын мянгат малчин, аймгийн сайн малчин Пунцагийн Эрдэнэбаатар овог удмаараа бахархдаг нэгэн. Эднийх Улаан сахиус овгийнхон. Түүний аав О.Пунцаг Хөдөө аж ахуйн дээд сургуулийг агрономч мэргэжлээр төгсч Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйн ерөнхий агрономчоор, ээж Ж.Хадхүү нь Хэнтий аймгийн Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд өргөдөл гомдлын байцаагчаар ажиллаж байсан, нутаг орныхондоо хүндлэгдсэн хүмүүс юм. 

П.Эрдэнэбаатар 1959 онд Өндөрхаан хотод төрж өсч,  1973 онд дунд сургуулиа төгсөөд 1975 оноос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1981 онд Өмнөговь аймагт цэргийн алба хааж ирээд Хэнтий аймгийн Усны аж ахуйн газарт 6 жил экскаваторчин, 1986 оноос Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн Төмөр замын цехэд экскаваторчин, бульдозерчин, туслах машинистаар ажиллажээ. Ингээд 1996 онд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орсон байна. Тэрбээр 1996 оноос хойш одоог хүртэл мал маллаж байна. 2003 оноос эхлэн туслах малчин авах хүртлээ малжиж, ам бүл өнөр өтгөн болж, эхнэр 4 хүүхдийн хамт амьдарч байна. Түүний эхнэр О.Эрдэнэчимэг Дорноговь аймгийн анагаах ухааны дунд сургуулийг төгссөн, 3 хүү 1 охинтой. Том хүү Эрдэнэсүх нь УБҮ-ийн аврах ангид жолооч, охин Цолмон нь олон улсын эрх зүйч мэргэжил эзэмшин, одоо энерги цехийн мастер хийж байна. Харин бага хүү Отгон-Эрдэнэ нь аав ээжийгээ даган мал маллаж, өдгөө сумынхаа шилдэг залуу малчин болсон байна.

Аймгийн сайн малчин, алдарт уяач П.Эрдэнэбаатар мал маллах арга барилыг нутгийн ахмад малчин Х.Бадам гуайн арга туршлагаас их юм сурч мэдэж олж авсан гэж бахархдаг.  Тэрбээр малынхаа тарга тэвээрийг харж муу малаа тусад нь эртнээс тэжээдэг, малынхаа үүлдэр угсааг сайжруулахын тулд Сухбаатар аймгийн Баяндэлгэр сумаас ноолуурын чиглэлийн ухна авчирчээ. Мөн илүү нугаламт хуцаар хонин сүргээ сайжруулсан байна. Үүнийхээ үр шимээр 10 гаруй жилийн хугацаанд 5 өрх айлыг малжуулж ахуй амьдралд нь тусалжээ. Тэрбээр туслах малчин Булгандаа 4 ханатай гэр өгч, төл малын 10%-г өгч малжуулсан бол одоо туслах малчин Б.Одсор нь зургаан жил гаруй хугацаанд ажиллаж, сүү цагаан идээ боловсруулалцаж, ажлынха хишиг буяныг хүртэж яваа нэгэн юм. Ийнхүү П.Эрдэнэбаатар хэзээний хашир туршлагатай болж, залуу малчдад зааж сургаж, ажил амьдралд нь тусалж дэмжихийн төлөө үргэлж санаа тавьдаг байна. Түүний хэлэх дуртай үг нь, “Эзэн хичээвэл заяа хичээнэ. Санаа зөв бол заяа зөв” гэдэг.

-Бид хоршооны гишүүн. Иймээс эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжихийн тулд малаас гарч байгаа арьс шир ноос нолуураа хоршоогоор дамжуулж үйлдвэрт өгдөг. Миний бодлоор худаг ус муугаас бэлчээрийн даац хэтэрч байна. Иймд худаг усны асуудлыг шийдвэрлүүлмээр байна хэмээн тэрбээр өгүүлж байна.

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв