Мэндчилгээ


Мэндчилгээ
2021 оны 07 сарын 11. 01 цаг 13 минут

Эзэн Чингис хааны мэндэлсэн ариун дагшин газар, Мөнх тэнгэрийн ивээлт Их Монгол улсын гал асаж, голомт бадарсан нутгийн зон олон, Хан Хэнтийчүүд ээ!

Эрхэм хүндэт иргэд ээ! Та бүхэндээ Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн мэндийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс дэвшүүлж, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье!

Их яруу найрагч Д.Нацагдорж “Миний нутаг” хэмээх алдарт бүтээлдээ “усных нь эхэнд Хэрлэн, уулсынх нь эхэнд Хэнтий” гэж дурьдсан нь тохиолдлын хэрэг биш бөгөөд ийм сайхан газар орны эзэд болон энх орчлонд төрж мэндэлсэн бид азтай.

Хан Хэнтий нутгийнхаа ирээдүйн сайн сайхан, хүн ардынхаа хөгжих тэгш боломж, амьдралын чанарыг баталгаатай хангах зорилго бүхий хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийг нягт тооцон бүрэн эрхээ хэрэгжүүлэн итгэл төгс ажиллаж байна.

Энэ жил Азийн цээжинд алтан гадас мэт гялалзах шинэ Монгол улс тусгаар тогтнолоо дэлхий дахинаа зарлаж, Ардын хувьсгалын ялалтаар түүчээлэн, хүн ардын хөгжил дэвшлийг бидэнд авч ирсэн 100 жилийн тэгш ой тохиож байна.

Мөн Хэнтий аймгийн иргэд, сонгогчдын бүтэн итгэлийг хүлээн Монгол улсын Их Хуралд гишүүнээр сонгогдон итгэлийг зүтгэлээр бүрэн хариулж яваа Ухнаагийн Хүрэлсүх Монгол улсын төрийн тэргүүн, Ерөнхийлөгчөөр сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол улсын Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байгаа түүхэн үйл явдалтай цаг давхцаж байгаа нь Монголчуудын эв эе тэгширч, энх цагийн хөгжил, дэвшлийг нэгэн зүгт чиглүүлж, үр дүнг илт тодотгож, илүү их урам зоригийг бадрааж байна.

Дэлхий дахиныг түгшээн өдрөөс өдөрт хүрээ тэлсэн цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг дор төр засгийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, бидэнд удахгүй ирэх энх цагт эрийн гурван наадмаа дэг жаягийн дагуу дэнж хотойлгон дэлгэр сайхан наадна гэдэгт би огт эргэлзэхгүй байна.

Хан Хэнтийчүүд минь сэтгэл тэнүүн, энх тунх байж, сайхан наадаарай!

Мөнх хөх тэнгэр ивээг!

ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ГАНТӨМӨРИЙН ХЭРЛЭНЧУЛУУН

2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв